Хэн юу хэлэв...
“Цэнхэр дуулгатны өчил”
Хилийн 0168 дугаар ангийн СМССА-ны ахлах офицер, ахмад Д.Ёндон
Монгол Улсын цэргийн баг 2002 оноос Ирак, Сьерра Лион, Чад, Косово, Хойд, Өмнөд Судан, Афганистан зэрэг оронд олон улсын энхийг дэмжих ажиллагаанд өнөөдрийг хүртэл тасралтгүй 18 жил үүрэг гүйцэтгэж байна.
Энхийг дэмжих ажиллагааны үндсэн хүчийг Зэвсэгт хүчний 330, 350, 150, 084 дүгээр тусгай ангиудаас бүрдүүлж НҮБ-ын аюулгүйн зөвлөл, хүчний командлагчаас өгсөн үүрэг даалгаврыг хариуцлагатай биелүүлж олон сайшаалыг хүртэж ирсэн. Өдгөө “UNMISS” ажиллагаанд Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газраас цөөн тооны алба хаагчдыг сонгон шалгаруулж, сурган зааварлаж татан оролцуулдаг. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх нь өөрийгөө сорих том алхам төдийгүй эдийн засгийн хувьд хүний амьдралд түлхэц болж өгдгөөрөө давуу талтай.
Миний бие Хил хамгаалах байгууллагад 13 жил ажиллахдаа олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох хүслийг тээсээр 2019 онд сонгон шалгаруулалтад тэнцсэн юм. Сонгон шалгаруулалт тун хатуу. Эрүүл мэндийн үзлэгээр орж тэнцсэн тохиолдолд биеийн тамирын шалгалтад орно. Ингээд Таван толгойн хээрийн бэлтгэлд 70 хоног бие, сэтгэл зүйн шалгууруудад тэнцэж байж энхийг дэмжих ажиллагааны багт үүрэг гүйцэтгэх эрхийг олж авсан. Хээрийн бэлтгэлд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчдаас бүрдсэн 900 гаруй цэргийн алба хаагчид хамрагдсан. Энэхүү сургалтын зорилго цэргийн албаны мэдлэг, ур чадварыг сорих, мартсаныг сануулахад оршдог. Сургалтыг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн мэдлэг, чадвартай, туршлагатай офицер, ахлагч нар явуулдаг. Ингэж байж гадны улс орны цэргийн алба хаагчдын ур чадвар ямар түвшинд байгаа бид бүхэн ямар байх ёстойг зааж сургадаг.
Бидний хувьд халуун наранд, хүйтэн бороонд жагсаж, долоо хоног бүр 10 километрийн тасаг, салааны гүйлт, 14 хоног тутмын 30 километрийн явган маршийн үеэр байлдаанд, гинжинд тарах баазын хамгаалалтыг зохион байгуулах, агаарын болон явган эргүүл цуваанд хэрхэн байраа эзлэх, объект чөлөөлөх, бүслэн нэгжих ажиллагаа, шөнийн түгшүүр дохио өгөгдсөн үед хоргодох байранд хувийн зэвсэг, агсамж дуулгатайгаа хугацаандаа амжих зэрэг дадал чадварыг нэгбүрчлэн эзэмшсэн.

Бэлтгэлийн хугацаа дуусах үед монгол цэргийн ариун шүтээн болох цэргийн хар сүлднээсээ адис авч, эцэг эх, хань ижил, үр хүүхдүүдтэйгээ эргэн уулзах ерөөл тавин алс холыг зорьсон билээ. БНӨСУ нь газрын тосны асар их баялагтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэгээр тооцогддог. Өмнөд Судан Улс хөдөө аж ахуйн эдийн засагтай орон юм. Энэ улсад малын хулгай газар авч, байгалийн баялаг, бэлчээр нутгаа булаацалдсантай холбоотой дайн үүсч, улмаар НҮБ-ын Энхийг сахиулагчдын хамгаалалтад ортлоо дэлхийн улс гүрнүүдийн хараанд өртсөн. Ингээд энэ удаагийн цэргийн багийн ээлж БНӨСУ-ын Бентью хотын Юнити мужийн “Хубилай” баазад ирж 120,000 мянган хүн амтай дүрвэгсэдийн хуарангийн халаагүй харуулын албанд үүрэг гүйцэтгэсээр есөн сарыг үджээ. Үүрэг гүйцэтгэх газар оронд ирснээс хойш PUS-ийн иргэд, НҮБ-ын ажилчид мөн өөрийн болон дэргэдэх хүнийхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах, НҮБ-ын хүч хэрэглэх дүрэмд заасан үүргээ хэрхэн биелүүлэх дадлага туршлагыг олгосон юм.
Эндэхийн хүмүүс монголоор тун цэвэрхэн ярьдаг нь эхэндээ сонин санагдаж байсан. Гэхдээ “харуудтай” ярилцаж, цэргийн бааз руу ойртуулах хатуу хориотой. Дүрвэгсдийн хуаранд англи хэл гадарладаг, зөв санаа бодолтой залуус нь НҮБ-ын ажилчдын жолооч, харуул хамгаалалт, цэвэрлэгээний ажил хийнэ. Зарим нь хийх ажилгүй хуарангаар тэнүүчлэн явна. Эмэгтэйчүүд нь том түмпэнд угаах хувцсаа хийн толгой дээрээ тавьж хуарангийн далангийн тогтоол усанд угааж усанд орно. Энэ улсын бүсгүйчүүд бүх зүйлийг толгой дээрээ авч явдаг. Арай ахимаг насны эмэгтэйчүүд гар хадуур барин хатсан сүрэл, бургас тайран хэлхэж, зах дээр заран мөнгө олно. НҮБ-аас картаар сар бүр хүнс авах боловч нэг өрх айл 8-15 ам бүлтэй учир төдийлөн хүрэлцдэггүй юм билээ. Тиймээс дийлэнх иргэд нь тураалд орсон байдаг. Хийх ажилгүй залуус нэрмэл ууж, усан тамхинд мансуурч дээрэм тонуул хийх, бүлэглэн зодолдох, НҮБ-ын агуулахаас хулгай хийх, ажилчид руу шавар, чулуу шидэх, жадаар нэгнийгээ сүлбэн хөнөөх явдал гардаг. Энэ бүх үйлдлийг таслан зогсоох нь цэнхэр дуулгатнуудын үүрэг юм. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх хугацаанд цэргийн алба хаагчид эрүүл мэндийн өндөр эрсдэл дагуулсан нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг. Халуун оронд ихэвчлэн тохиолддог цусан суулга, малиар, хортой шавж, могойнд хатгуулах, өвчин тээсэн шумуул хазахыг үгүйсгэхгүй. Үүний дээр дэлхий нийтэд тархаад буй “Covid-19” өвчний дэгдэлт асар хурдацтай явагдаж африкийн 22 орны 21 оронд бүртгэгдэж, бидний байрлаж буй Бентью хотод 2006 тохиолдол гарсан юм. Цар тахлын нөхцөлд цэргийн багийн удирдлага, эрүүл мэндийн төвийн хамт олон шуурхай арга хэмжээ авч, бие бүрэлдэхүүнийг амны хаалт зүүлгэн орох, гарах хаалган дээр гар угаах, ариутгал хийх, биеийн халуун үзэх цэгүүдийг байрлуулан хөл хорой тогтоон гадны хүнээс хоёр метр зай барих зэрэг дэглэм, дотоод журмыг мөрдөж одоогоор халдвар авсан цэргийн алба хаагч гараагүй байна.
Африкийн 35-45 хэмийн аагим халуунд сум үл нэвтрэх хантааз, дуулга, автоматаар зэвсэглэн 0,4 пк сумтай үүрэг гүйцэтгэх үед амны хаалт зүүх нь амьсгалахад хүндрэлтэй ч бид тогтоосон журмыг ягштал мөрдөж байгаа.
Бид Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн нэгнээ зөвхөн харуул хамгаалалтад зогсож байгаад ирсэн мэтээр ойлгодог. Үнэндээ хэзээ ч эрсдэлд орж болохоор хүнд орчин, нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг болохыг өөрийн биеэр мэдэрсэн юм. Зэвсэггүй бүсийн Чарли эргүүлийн бүлэгт үүрэг гүйцэтгэж байхад цагийн байдал үүсч дүрвэгсдийн хуарангаас 1000м зайд буун дуу гарах үед очиж самналт хийхэд бага хэмжээний зэвсэгт мөргөлдөөн болсон байсан юм. Энэ үед зэвсэг барьсан нутгийн иргэдийг хараад сэтгэлдээ нэгийг боддог юм билээ.
Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, оролцоо тасралгүй нэмэгдэж, Монголын цэргийн ажиглагчид, цэргийн багууд, цэргийн эмч, сувилагч нар дэлхий дахинаа энх амгалан байдлыг сахиулах, шинэ тусгаар улсын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах, тусгаар тогтнол, ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж ирснээр манай Зэвсэгт хүчний нэр хүнд дээшилж, манай улсын дэлхийн тавцанд эзлэх байр суурь баталгаажин бэхжих нөхцлийг бүрдүүлж байна.
Монгол Улсын цэргийн алба хаагчид бие бялдар, сэтгэл зүйн хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгал, газар орны аюултай орчин нөхцөлд богино хугацаанд дасан зохицож, цагийн байдлын ямар ч үед өмнөө тавигдсан үүргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чадварыг НҮБ, Олон улсын эвслийн Хүчний штаб, тухайн орны Зэвсэгт хүчнээс өндрөөр үнэлж байдгийг онцлох нь зүйтэй байх. Хэзээ хаанаас ч гэнэтийн халдлага ирэхийг мэдэхгүй ч дэлхийн энх тайвны төлөө бие сэтгэлээ зориулан байгаа цэрэг эрсийн нэр хүндийг өндөрт өргөн яваа цэнхэр дуулгатнууд НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудын дунд 2020 онд үзүүлэлтээрээ топ 20-д жагсаж байна. БНӨСУ-ын IX ээлжинд Хил хамгаалах байгууллагаас 31 цэргийн алба хаагч оролцож манай хилчдээс сарын тэргүүний алба хаагчаар Хилийн 0130 дугаар ангийн хошууч Т.Серкбол, Хилийн 0275 дугаар ангийн ахмад Ч.Ууганбаатар, Хилийн 0131 дүгээр ангийн дэслэгч Д.Ууганбат, Хилийн 0287 дугаар ангийн ахлах ахлагч С.Мөнхсоёл нар шалгарч, хилчид цэргийн ур чадвар сайн, авьяаслаг, хөдөлмөрч бүтээлч гэдгээ харуулсан.

Дэлхийн халуун цэгт энхийг сахиулах нэр төртэй энэ үүргийг биелүүлэх боломж олгож итгэл хүлээлгэсэн Хилийн 0168 дугаар ангийн захирагч, хурандаа П.Батбилэг, даргын зөвлөлийн гишүүд, ангийнхаа нийт бие бүрэлдэхүүнд талархаж байгаагаа илэрхийлье.
Хубилай бааз
Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
-
Дэлхий нийтээр..2021/08/11
Хүүхдийг товлолын дархлаажуулалтад хамруулж, халдварт өвчнөөс сэргийлээрэй!
-
Үйл явдал2020/11/24
УИХ-ын Түр хороо, ажлын хэсгийн хуралдаан болно
-
Үйл явдал2022/04/11
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
-
Дэлхий нийтээр..2020/12/11
Албан татварын хувь хэмжээний талаарх тогтоолын төсөлд санал авч байна..
