Дэлхий нийтээр..
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна
Онцгой байдлын байгууллага, анги, салбарын үйл ажиллагаатай танилцах, цаг үеийн шаардлагатай асуудлыг шийдвэрлэх, алба хаагчидтай уулзалт зохион байгуулах, шинээр байгуулагдах гал түймэр унтраах, аврах анги, аврах нэгж, салбарын бэлтгэл ажлын явцтай танилцах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна.
Тэрбээр өчигдөр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс болон Архангай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзлаа.
Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс нь Бат-Өлзий, Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Хархорин, Хужирт хэмээх үйлчлэх хүрээний долоон суманд хүрч үйлчилдэг. Гамшиг, ослын дийлэнх хувийг ахуйн гал түймэр, усанд осолдсон дуудлага эзэлдэг байна.
Харин Архангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид он гарсаар өнөөдрийг хүртэл 64 удаагийн гамшиг осол, аюулт үзэгдлийн дуудлагаар ажиллаж 14 хүний амь нас, байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн 1.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Энэ үеэр ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газран дарга, хурандаа Л.Өлзийбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийлээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулсан. Ингэснээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх эрхзүйн орчин боловсронгуй болсныг онцолсон юм.
Түүнчлэн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурьдаад алба хаагчид ч ажиллах орчин нөхцлөө сайжруулах, дотоод нөөц бололцоогоо ашиглан нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд идэвх санаачлагатай ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
