Хэн юу хэлэв...
П.Хорлоо: 2017-2018 онд 942 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд хүнд гэмтэл авч байсан...
МХЕГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга П.Хорлоотой ярилцлаа.
-Монгол наадам айсуй. Жил бүрийн наадмын үеэр яригддаг нэг асуудал нь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал. Мэргэжлийн хяналтын байгууллагаас унаач хүүхдийн амь нас, эрх ашгийг хамгаалах тал дээр ямар ажил хийж байна?
-Эрийн гурван наадам Монголын уламжлалт төрт ёсны баяр, өв соёлын нэг. Тэр дундаа хурдан морины уралдаан наадмын өнгө аяс, уяачдын эрдэм ухааныг дэлхий нийтэд сурталчлан таниулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг хэдий ч унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах асуудал чухлаар тавигддаг. Энэ нь зөвхөн уяачид төдийгүй баяр наадмын комисс, унаач хүүхдийн эцэг эх, хяналт шалгалтын болон хүүхдийн байгууллагуудын чухал үүрэг. Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн нэг хэлбэр. Засгийн газрын 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг утсгах” Үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн байдаг. Ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилтыг тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс МХЕГ-аас унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2017 оноос эхлэн улсын хэмжээнд хийж байна. Энэ наадмын тухайд Мэргэжлийн хяналтын байгууллагаас унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд хийхийн зэрэгцээ аймаг, нийслэлийн засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт “Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангаж ажиллах” талаар зөвлөмжийг хүргүүлээд байна.
-Хяналт шалгалтаар илэрдэг гол зөрчил юу байна вэ. Унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол бас цөөнгүй гарсан байдаг?
-2017-2018 оны хяналт шалгалтын дүнгээс үзэхэд нийтдээ 121450 морийг 71121 хүүхэд унаж уралдсанаас 942 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд хүнд гэмтэл авч, 1 хүүхэд тахир дутуу болсон гэсэн харамсалтай тоон мэдээ байна. 2018 он буюу өнгөрсөн жилийн наадмаар хамгаалалтын дуулгагүй 336, хамгаалах хувцас хэрэгсэлгүй 183, морины хэрэгсэлгүй 330, гурвалсан гэрээ байгуулаагүй 4771, даатгуулаагүй 1174 хүүхэд уралдаанд оролцуулсан зөрчил илэрсэн. Мөн 07 нас хүрээгүй 52 хүүхдийг уралдаанд оролцуулах гэж байсныг зогсоосон. 2018 оны дүн мэдээг 2017 онтой харьцуулахад мориноос унаж, амь нас нь эрсэдсэн тохиолдол байхгүй, мориноос унасан хүүхдийн тоо 282-аар, хөнгөн гэмтэл авсан хүүхдийн тоо 39-өөр тус тус буурсан үзүүлэлттэй байна. Осол гэмтлийн тоо буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь хүүхдийн хамгаалах хувцас хэрэгслийг болон морины хамгаалах хэрэгслэлийг стандартын дагуу зөв, бүрэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзсэн. Тиймээс баяр наадмын үеэр хүүхэд нэг бүрт хамгаалах хэрэгсэл, хувцсыг зөв бүрэн өмсгөж, манай байгууллагаас хүргүүлсэн зөвлөмжийг ажил хэрэг болгон хэрэгжүүлж осолгүй сайхан наадахыг хүсье.

-Одоо манай улсад унаач хүүхэдтэй холбоотой яг ямар стандарт мөрдөгддөг вэ. Тэр стандартад юу гэж заасан байдаг юм?
-Үндэсний их баяр наадмын тухай хууль болон орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам гэж бий. Үүнээс гадна морь унаач хүүхэд бүрийг “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” буюу МNS 6264-2011 стандартад заасан хувийн хэрэгслээр хангах ёстой. Хувийн хэрэгсэл гэдэгт хамгаалалтын дуулга хувцас, өвдгөвч тохойвч, нүдний шил, гутал, эмээл, хазаар, ташуур зэрэг орж байгаа. Эдгээр нь дээрх стандартын шаардлагыг хангасан байх ёстой юм.
-Унаач хүүхдүүдээс гадна тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа өөр бусад нь ч бий. Жишээ нь уул уурхай, барилгын салбарт хүүхдүүд ажиллаж байна. Энэ талаар?
-Хүүхдүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор уул уурхай, барилгын салбарын үйлдвэрлэл эрхэлж буй ажил олгогчдод “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д заасан ажлын байранд 18 нас хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ЗӨВЛӨМЖИЙГ манай байгууллагаас орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаараа дамжуулан хүргүүлээд байгаа. Уул уурхайн салбарт сүүлийн 3 жилд 189 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 22 хүн нас барж, 92 хүн хүнд бэртэж, 75 хүн хөнгөн бэртсэн байна. Сүүлийн 3 жилд уул уурхайн салбарт насанд хүрээгүй хүүхэд үйлдвэрлэлийн осолд өртөөгүй боловч уул уурхайн салбарын ажил олгогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа бүрэн мөрддөггүй, аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх удирдлагын тогтолцоо хэрэгжүүлдэггүй, ажлын байр, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг баримталж ажилладаггүй, сургалтад хамрагдаагүй мэргэжлийн бус хүн ажиллуулдаг, ажилчид ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшээгүй зэргээс шалтгаалан үйлдвэрлэлийн осол гарсаар байна.
Нийтэлсэн: Мэргэжлийн хяналтын ерөнхий газарХэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Үйл явдал2019/09/16
УИХ-ын ээлжит бус чуулган энэ 7 хоногт...
-
Дэлхий нийтээр..2023/10/31
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад су...
-
Дэлхий нийтээр..2022/05/24
"Ногоон дуу хоолой" аянд нэгдэж тарьсан модоо арчилж ургуулцгаая
-
Дэлхий нийтээр..2020/12/04
Орос-Монголын залуучуудын цахим уулзалт боллоо
