Тод индэр
А.Тлейхан: У.Хүрэлсүхийн Засгийн газар эрчим хүчний хэрэглээгээ дотоодын эх үүсвэрээр хангах талаар түүхэн шийдвэр гаргасан
-Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний хангамж хэр байна вэ? Жил бүр цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа. Энэ хэрэглээг дагаад эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж байгаа юу?
-Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дунджаар 7.1 хувийн өсөлттэй байна. 2015 онд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 6.6 тэрбум кВт.ц байсан бол 2019 онд 8.7 тэрбум кВт.ц болж 2.1 тэрбум кВт.ц-аар нэмэгдлээ. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг бид дотоодынхоо үйлдвэрлэлээр хангах, аль болох дотоодын хүчин чадлаа өргөтгөх, шинэ эх үүсвэр барих бодлого баримтлан ажиллаж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гэхэд эрчим хүчний дотоодын үйлдвэрлэл дунджаар 5.3 хувийн өсөлттэй байгаа. Тухайлбал, Монгол Улс 2015 онд 5.6 тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж байсан бол 2019 онд энэ хэмжээ 7.0 тэрбум кВт.ц болсон. Манай улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг дулааны цахилгаан станцууд, үлдсэн 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэж байна. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн эзлэх хувь нэмэгдэж байгаа. Нөгөө талдаа эрчим хүчний хэрэглээ өсч байна. Тиймээс эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Өнөөдрийн байдлаар Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцыг 89 МВт-аар, Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар өргөтгөх төслүүд амжилттай хэрэгжиж байна. Мөн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөл, Дорнодын цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийн төслүүдийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, 2021 он гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
-ОХУ болон БНХАУ-аас авах эрчим хүчний импортын хэрэглээ жил бүр өсч байна. Юунаас үүдэн импортын цахилгааны хэрэглээ өсч байна вэ? Үүнийг бууруулах ямар арга зам байгаа вэ?
-Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 19.7 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахад дотоодын эх үүсвэрийн хүчин чадал хүрэлцэхгүй, алслагдсан бүс нутгийг холбосон цахилгаан эрчим хүч дамжуулах өндөр хүчдэлийн агаарын шугам байхгүйгээс өндөр үнэтэй импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр 1-2 хувиар өсч байгаа. Мөн алслагдсан нутаг дэвсгэрт уул уурхай, хилийн боомтуудыг дагасан шинэ суурьшлын бүс бий болж байгаа учраас импортын цахилгаан эрчим хүчээр хангах зайлшгүй шаардлага гарч байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос импортын цахилгаан эрчим хүчний хувь хэмжээг багасгахын тулд шинээр эх үүсвэрүүдийг барих, одоо байгаа хүчин чадлыг өргөтгөх, бүсүүдийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барих зэрэг чиглэлийг баримтлан ажиллаж байна. Үүний зэрэгцээ урамшуулалт зохицуулалтын гэрээ хийж ажиллаж байгаа.Үүний үр дүнд импортын цахилгааны хэмжээ буурч, дотоодын үйлдвэрлэлийг 109 сая кВт.ц-аар нэмэгдэж, сүүлийн хоёр жилийн дотор 40 гаруй тэрбум төгрөгийн бодит хэмнэлтийг бий болгож чадсан.
-Эрчим хүчний хангамжийн найдвартай байдал ямар байна вэ?
-Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх талаар Эрчим хүчний яамнаас тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Та бүхэн санаж байгаа байх, Төвийн эрчим хүчний системд 2018 оны 9 дүгээр сард аваар гарч дөрвөн цаг орчим хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасалсан. Тухайн үед Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэргэжлийн хүний хувьд шалтгаан нөхцөлийг судалж үзээд 2018 онд 201 дүгээр тушаал гаргасан.
Энэ тушаалын дагуу эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилгоор салбарын хэмжээнд техникийн хяналт хийх нэгжийг бий болгох, мэргэжлийн ажилтнуудыг мэргэшүүлэх, давтан сургах, үйлдвэр, компаниудын шуурхай ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, диспетчерийн нэгдсэн удирдлагаар оновчтой хангах, нэгдсэн сүлжээний реле хамгаалалт, автоматикийн найдвартай ажиллагааг хангах зэрэг ажлуудыг хийж байна. Эрчим хүчний системийн тогтворжилтыг хянах, найдваржилтыг хангахад чиглэсэн шинэ системийг 2019 онд салбартаа нэвтрүүлж ашиглаж эхлээд байна. Эдгээр ажлуудын дүнд 2019 онд дулааны цахилгаан станцуудын зуух, турбины зогсолтын тоо өмнөх онуудаас 200 орчмоор буурлаа. Мөн Улсын хэмжээнд нэг хэрэглэгчид ногдох цахилгаан тасалдлын дундаж хугацаа урьд онуудаас багасч байна.
-Эрчим хүчний салбарт хийх томоохон бүтээн байгуулалтын ажлууд, тодруулбал 5-р цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Багануур, Тавантолгойн цахилгаан станц барих ажил ямар түвшинд байгаа вэ?
- Манай Улсын эрчим хүчний ситемийн бие даасан тогтвортой байдлыг хангахад усан цахилгаан станц хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Харамсалтай нь Эгийн гол, Шүрэнгийн гол дээр баригдах томоохон цахилгаан станцууд гадны улс орны нөлөөгөөр зогсонги байдалд орсон. Эрчим хүчний сайдын шийдвэрээр усан цахилгаан станц барих өөр боломжуудыг судлах ажлын хэсэг томилогдон судалгаа хийж эхний дүгнэлтүүд гарч байна. Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад Монголоос эх аваад, Монголдоо цутгадаг голуудыг түшиглэн 20 гаруй усан цахилгаан станц барих боломж байна. Эрчим хүчний сайдын санаачилгаар “Усан цахилгаан станцыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газраар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Эрчим хүчний яамнаас бие даасан системийг бий болгох, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах чиглэлээр олон асууудлыг шийдвэрлэж байгаа.
Тавдугаар цахилгаан станцын хувьд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар Концессийн хуулийн дагуу эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх гэж зорьсон анхны том төсөл байсан. Хувийн хэвшил мөнгөө гарган барьж, ашиглаад төр тодорхой хугацааны дараа буцааж авах тохироотой байсан. Гэвч төслийг хэрэгжүүлэх явцад хөрөнгө оруулагчид саналаасаа татгалзсан. Өнөөдөр Багануурын цахилгаан станцын асуудал ид яригдаж байна. Манайх нүүрсээр баялаг орон. Хямд эрчим хүч үйлдвэрлэхийн тулд уурхайн аман дээр цахилгаан станц байгуулах нь ашигтай. Энэ утгаар нь Багануурт цахилгаан станц барих шийдвэр аль 1985-1986 онд гарсан байдаг. Тиймээс Багануурын цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх бүхий л боломжийг бид судалж байна.
Багануурын уурхайг түшиглэж барих цахилгаан станцын төслийг судалж, дүгнэлтээ гаргасан. Үнэхээр л засаж сайжруулахаас өөр аргагүй зүйлүүд гарч ирсэн. “Багануурын цахилгаан станц төсөл”-ийг хэрэгжүүлэх (барих-ашиглах-шилжүүлэх) Концессын гэрээг 2015 онд байгуулсан байдаг. Тус гэрээнд 350 МВт нэгж хүчин чадал бүхий хоёр блоктой, нийт 700 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихаар тусгасан байсан. Энэ нь эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг алдагдуулах сөрөг үр дагавар үзүүлж байсан учраас эхний шатанд нэгж блокийн хүчин чадлыг бууруулж 200 МВт болгох, дараагийн шатанд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 300 МВт чадалтай блокийг нэмж барихаар гэрээнд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Мөн Багануурын цахилгаан станцын цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд “Take or pay” буюу “Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч болгоныг ав, эсвэл төл” гэсэн зарчмыг тусгасан байсан. Үүнийг өөрчлөн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх боломжит цахилгаан эрчим хүчний хэмжээг талууд харилцан тооцоолж цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд тусгах, диспетчерийн зохицуулалтаар буюу хэрэглээндээ нийцүүлэн цахилгаан эрчим хүч худалдаж авах байдлаар Монгол Улсын эрх ашигт нийцүүлсэн. Ингэснээр Багануурын цахилгаан станцын нэг турбины хүчин чадал 200 МВт болж, үйлдвэрлэсэн цахилгааны хэмжээг Диспетчерийн үндэсний төвтэй тохирсны үндсэн дээр худалдах зарчим руу шилжүүлсэн.
Дээрх өөрчлөлтийн дагуу төсөл хэрэгжүүлэгчид Үндэсний хөгжлийн газартай Концессын гэрээгээ шинэчлэн байгуулахаар ажиллаж байна. Тус станцыг 2023 он гэхэд ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байгаа. Багануурын дулааны цахилгаан станц ашиглалтанд орсноор манай улсын төвийн бүс импортын хараат байдлаас гарч, цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 25 орчим хувийг хангана. Мөн харьцангуй хямд үнээр эрчим хүч худалдан авна. Өнөөдрийн байдлаар 1 кВт цаг цахилгааныг ОХУ-аас 0.09 ам.доллараар худалдаж авч байгаа. Тэгвэл Багануурын цахилгаан станцын 1 кВт цаг цахилгааны үнийг 0.064 ам.доллараар худалдаж авах боломжтой байгаа юм. Харин Тавантолгойн цахилгаан станцыг одоо бэлэн байгаа техник, эдийн засгийн үндэслэл, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр барихаар шийдвэрлээд байна.
Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 7.3 дугаар зүйлд Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс хангахаар заасан. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар болон Оюутолгой компанийн хооронд “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай” гэрээг 2018 онд байгуулсан, энэ гэрээгээр Оюутолгой компани нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэхэд Таван толгойн цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн боловч станцын өртөг хэтэрхий өндөр, өрийн дарамт үүсэхээр байсан гэдэг шалтгаанаар хэрэгжүүлэх боломжгүй болсон.
Оюутолгой компанийн барих цахилгаан станцын хүчин чадал 300 МВт байхад барилга угсралтын зардал нь 997 сая ам. доллар, цахилгааны үнэ тариф нь 12.0 ам. цент/кВтц байхаар урьдчилан тооцсон юм билээ. Иймд Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргаад байна. Таван толгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалт нь Оюутолгой компанийн санал болгож байгаа үнээс 30 хувь бага, цахилгаан эрчим хүчний өртөг 50 хувь хямд юм.
Энэ станцыг 2024 он гэхэд ашиглалтад оруулсанаар өмнийн говийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах боломж бүрдэнэ. Ховд аймагт Эрдэнэбүрэнгийн 92 МВт хүчин чадалтай усан цахилгаан станцыг барьж, баруун бүсийн эрчим хүчний системийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах, Дорнод бүсийн эрчим хүчний системийн хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэн өргөтгөх, зарим цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг барьж байгуулах гээд асар их бүтээн байгуулалтын ажил биднийг хүлээж байна. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд 50 МВт-ын цахилгаан станц, Дарханд 88 МВт-ын хийн цахилгаан станцыг барьж байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг Засгийн газар баталсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт хэр байна вэ?
-УИХ-ын 2015 оны 63 дугаар тогтоолоор “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Эрчим хүчний салбарыг 2015-2030 он хүртэл хөгжүүлэх энэхүү бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, хийхээр төлөвлөсөн ажлуудыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2018 оны 325 дугаар тогтоолоор баталж гаргалаа. Энэ хөтөлбөрт 2018-2023 онд эрчим хүчний салбарт хийж, хэрэгжүүлэх ажлыг маш ойлгомжтой, цэгцтэй болгож, төлөвлөж өгсөн. Дунд хугацааны хөтөлбөр батлагдснаар эрчим хүчний салбарын аюулгүй, найдвартай ажиллагааг хангах, дутагдаж байгаа эх үүсвэрийг барьж байгуулах, шаардагдаж байгаа хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн гэж болно.
Төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр нь стратегийн зургаан том зорилтын хүрээнд эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудыг нарийн тусгаж өгч эрчим хүчний хэрэгцээгээ дотоодын эх үүсвэрээсээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газрын түүхэн шийдвэр болсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2019 оны байдлаар Дарханы ДЦС-ын 35 МВт-ын өргөтгөл, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 1, 4-р турбины шинэчлэл 43 МВт-ын өргөтгөл, Улаанбаатар-Мандалговийн ЦДАШ, дэд станц, Чойр дэд станцыг өргөтгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөсөн хугацаандаа бүрэн хэрэгжиж дууссан.
Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах хүрээнд богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой төслийн судалгааг хийж, “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ын суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх, Дорнодын станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх, Амгалан дулааны станцын дэд бүтцийг түшиглэн 50 МВт-ын цахилгаан станц барих төслүүдийг эхлүүлэхээр Засгийн газрын шийдвэр гарч, холбогдох арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын 41960 гаруй айл өрхийг цахилгаан халаагуураар халаахад түгээх сүлжээний техникийн боломжийг бүрдүүлэх барилга угсралтын ажлыг 2017-2019 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж дуусгаад байна.
“Тавантолгой түлш” ХХК жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулан 2019-2020 оны халаалтын улиралд хэрэглэгчдийг сайжруулсан шахмал түлшээр хангаж ажилласан. Нийслэл хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэглээг хэвийн найдвартай хангах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, сүлжээний горим ажиллагааг сайжруулахын тулд нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй болсон шугамуудыг өргөтгөн шинэчлэх, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн гурван жилд нийт дулаан дамжуулах сүлжээний 79 цэгт 33.5 км урт шугам, тоноглолыг 53.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр сольж, шинэчилсэн байна. Шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэснээр нийт 860 орчим барилга, байгууламж төвлөрсөн дулаанд холбогдсон статистик үзүүлэлт гарч байна. Энэ 2020 онд шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажлууд хийгдэж техникийн нөхцөл авсан барилга байгууламжуудыг шинээр төвлөрсөн дулаан хангамжид холбохоор төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-Урьд нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын тухай ярьдаг байсан бол одоо аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг талаар ярьж эхэллээ. Агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оролцоо хэр байна вэ?
-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаах түгээх сүлжээний техникийн боломжийг бүрдүүлэх барилга угсралтын ажлыг 2017-2019 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж дуусгаад байна. Энэ төсөлд Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 35 хорооны нийт 41964 айл өрх хамрагдсан. Энэ ажлын хүрээнд түгээх сүлжээний суурилагдсан хүчин чадал 174 МВт-аар нэмэгдсэн. Мөн 2020-2021 онд 31 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар халаах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөөд байна.
Сүүлийн жилүүдэд бие даасан халаалтын зуухнаас халаалт авдаг барилга, объектуудыг төвлөрсөн дулаанд холбох ажлууд жил бүр үр дүнтэй хэрэгжиж төвлөрсөн дулаан хангамжийн хамрах хүрээ тэлсээр байна. 2016 оноос Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж Улаанбаатар хотод ажиллаж буй түүхий нүүрсээр ажиллаж байсан бага, дунд чадлын халаалтын зуухнуудыг зогсоож төвлөрсөн дулаанд холбох тооцоо, судалгааны ажлыг хийсний үр дүнд төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээтэй ойрхон байрласан, гидравлик тооцооны дүнгээр холбох боломжтой халаалтын зуухтай иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг шат дараалан төвлөрсөн дулаан хангамжийн системд холбож ажиллаж байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Нийслэл хотод ажиллаж байсан бага, дунд чадлын нийт 303 халаалтын зуухыг бүрмөсөн зогсоож түүнээс хангагддаг 58 Гкал/ц-ийн дулааны хэрэглээ бүхий 434 барилга, объектыг төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбож иргэд оршин суугчдын ая тав тухтай ажиллаж амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Эдгээр зуухнуудад шатааж байсан түүхий нүүрсний хэрэглээг нийт дүнгээр нь авч үзвэл жилд 122 794 тонноор, агаарт хаягдах хорт хаягдлын хэмжээ жилд 6145 тонноор тус тус буурсан үзүүлэлттэй байгаа.
-Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй орон. Гэтэл яагаад энэ нөөцөө ашиглаж чадахгүй байна вэ? Манайд том чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр барих боломж, бас төлөвлөсөн зүйл бий юу?
-Олон Улсын байгууллагуудаас манай орны нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглан дэлхийн эрчим хүчний хэрэглээний 20 гаруй хувь, өмнөд хөрш БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээг дангаараа хангаж чадахуйц нөөцтэй юм гэж тодорхойлсон байдаг. Улсын Их Хурлаас баталсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”-т эрчим хүчний салбарын нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 онд 20.0 хувь, 2030 онд 30.0 хувь хүртэл нэмэгдүүлэхээр тусгасан. 2016 онд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 6.9 хувь байсан бол 2019 оны байдлаар 19.3 хувьд хүрээд байна. Цаашид бидэнд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх олон боломжууд байна.
Тухайлбал, Монгол орны говийн бүсийн нар, салхины арвин нөөцөд тулгуурлан том чадлын сэргээгдэх эрчим хүчний станцуудыг барьж байгуулан бусад орнуудад цахилгаан экспортлох санаачилгыг хэрэгжүүлэхэд бүс нутгийн орнуудтай хамтран ажиллахаар бодлогын баримт бичгүүдэд тусгасан нь өнөөдөр биелэлээ олж, тооцоо судалгааны ажлыг эхлүүлээд байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг экспортлож, улс орны эдийн засгийг дэмжих орлогын эх үүсвэрийг бий болгоно. Нөгөөтэйгүүр манай нэгдсэн сүлжээнд тогтвортой байдлыг хангах шаардлагаар нар, салхины эрчим хүчийг шингээх чадвар 245 МВт-аар хязгаарлагдаж байгаа. Үүнийг бид анхаарахаас аргагүй.
Өнөөдөр хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгжүүд сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр ашиглан өөрийнхөө эрчим хүчний хэрэглээгээ хангаж, илүү гарсныгаа түгээх сүлжээнд худалдаж орлого олох эрх зүйн орчныг бий болгож чадлаа. Нарны эрчим хүчийг ашиглан дулаан хангамжийг шийдвэрлэх боломжтой. Энэ чиглэлээр тодорхой судалгааны ажлууд хийгдэж эхлээд байна. УИХ-аас 2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, баталснаар сэргээгдэх эрчим хүчний үнийг өрсөлдөөнт зах зээлийн зарчимд шилжүүлж, нэгдсэн сүлжээний тогтвортой байдлыг хангаж, цахилгааны үнэ тарифын огцом өсөлтийг хязгаарлах боломж бүрдсэн.
-Эрчим хүчний үнэ тариф өнөөдөр ямархуу байгаа вэ? Монголд эрчим хүчний үнэ өндөр байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Монгол Улсад эрчим хүчний үнэ тариф бусад улс орнуудтай харьцуулахад хямд. Тодруулбал 1 кВт цаг цахилгаан эрчим хүчний дундаж үнэ өмнөх оны дүнгээр 168.14 төгрөг байгаа. Дээр нь хэрэглэгчдэд, ялангуяа ахуйн хэрэглэгчдэд байнга хөнгөлөлт үзүүлж, хямд үнээр эрчим хүч нийлүүлэх бодлогыг Эрчим хүчний зохицуулах хорооноос баримталдаг. Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоохын тулд эрчим хүчний бодит өртөг зардлыг тооцохын зэрэгцээ Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа бусад бараа бүтээгдэхүүний үнэ, айл өрхийн орлого, нэг өрхийн орлогод эрчим хүчний тарифын эзлэх хувь хэмжээг хүртэл нарийн тооцдог. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзэхэд 4 ам бүлтэй айл өрх сард дунджаар 220 кВт.ц цахилгаан хэрэглэж, 36236 төгрөгийг цахилгаан эрчим хүчний төлбөрт өгч байна.
Өөрөөр хэлбэл энэ айл өдөрт 1208 төгрөгийг цахилгаан эрчим хүчиндээ зарцуулдаг. Тухайн өрхийн нэг хүн өдөрт 302 төгрөгийн цахилгаан хэрэглэдэг гэсэн үг. Цайны газарт нэг хуушуур 1000 төгрөг, ганцхан удаа зорчих автобусны билет 500 төгрөг, нэг атар талх 1200 төгрөгийн үнэтэй, нэг хүний гар утасны өдрийн төлбөр 820 төгрөг байх жишээний. Мөн нэг хүнд ноогдох дулааны өдрийн төлбөр 350 төгрөг байхад нэг жижиг шуудай модны үнэ 4500 төгрөг байдаг. Эдгээр харьцуулалтуудаас харахад манай улсын хэрэглэгчдэд борлуулах цахилгаан, дулааны үнэ тариф бага түвшинд байна. Бид өдөртөө 1000 хүрэхгүй төгрөгөөр хоол ундаа хийж, зурагтаа үзэж, утсаа цэнэглэж, хувцсаа угааж, цахилгааны бүх хэрэглээгээ зохицуулж байна гэсэн үг юм. Монголд эрчим хүчний үнэ хямд, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-ын цахилгааны үнээс хоёр дахин, бусад хөгжилтэй орнуудын цахилгааны үнээс 4-5 дахин хямд байна.
-Хэрэглэгчдийн дунд Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүчний үнэ нэмээд байна гэсэн ойлголт түгээмэл байдаг. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
Эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах үүргийг хүлээж байдаг. Мөн энэ хуулийн дагуу эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үнэ тарифыг үйл ажиллагааны зардал, бодит өртөгтэй нь уялдуулан хянаж баталдаг. Эрчим хүчний үнэ тарифт нөлөөлдөг олон зүйл бий. Тухайлбал, жилээс жилд валютын ханш өсч, үүнийг дагаад шатах, тослох материал, сэлбэг хэрэгслийн үнэ нэмэгдэж байна. Нүүрсний тээврийн үнэ өссөн, хэрэглээний усны үнэ, татвар шимтгэлийн хувь хэмжээ өссөн.
Энэ бүх үнийн өсөлт эрчим хүч үйлдвэрлэх бодит зардлыг өсгөж байгаа. Нүүрсний уурхай, эрчим хүчний үйлдвэр компаниудаас үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг манай Хороонд байнга ирүүлдэг. Зөвхөн өнгөрсөн 2019 онд л гэхэд нүүрсний уурхайнуудаас 42.9 тэрбум, цахилгаан станцуудаас 65.3 тэрбум, бусад компаниудаас 39 тэрбум, нийтдээ 147.2 тэрбум төгрөгөөр үнэ тарифаа нэмэгдүүлэх санал ирсэн. Үйл ажиллагааг тогтвортой байлгахын тулд зайлшгүй авч үзэх шаардлагатай саналыг хянаж, хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар хэлэлцүүлж, компаниудаас ирүүлсэн үнэ тарифын саналыг 2.5 дахин бууруулсан. Мөн шаардлага хангаагүй, үндэслэл нотолгоогүй саналуудыг хүлээж авдаггүй. Товчхон хэлэхэд Эрчим хүчний зохицуулах хороо бол үнэ тариф нэмдэг биш харин эрчим хүчийг илүү хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхийн төлөө ажилладаг байгууллага.
- Эрчим хүчний салбар хэрэглэгчдэд үнэ тарифын ямар хөнгөлөлт, үзүүлж байгаа вэ?
-Эрчим хүчний үнэ тарифыг аль болох тогтвортой байлгах бодлогыг баримталж байгаа. Ялангуяа айл өрхүүдэд борлуулж байгаа эрчим хүчний үнэ хямд, эрчим хүч үйлдвэрлэж байгаа бодит зардалдаа хүрдэггүй. Монгол Улсын эрчим хүчний хангамж нь Төв, Зүүн, Баруун, Алтай-Улиастай гэсэн дөрвөн бүс нутгийн системээс бүрддэг. Тухайлбал, Улаанбаатар хот болон Төв, Зүүн, Өмнөд бүсийн энгийн тоолууртай айл өрхүүд 150 кВт.ц хүртэлх хэрэглээний 1 кВт.ц цахилгааныг 134 төгрөг 28 мөнгө буюу бодит өртгөөс нь 31.хувиар доогуур үнээр, 151 кВт.ц-аас дээших хэрэглээг 154 төгрөг 08 мөнгө буюу бодит өртгөөс 14.2 хувиар доогуур үнээр худалдан авч байна.
Харин хоёр тарифт тоолууртай айл өрхүүд өглөөний 06 цагаас оройн 21 цаг хүртэл 140 төгрөг 18 мөнгөөр буюу бодит өртгөөс 25.5 хувиар доогуур үнээр, оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл 112 төгрөг 98 мөнгөөр буюу бодит өртгөөс 57.7 хувиар доогуур үнээр цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байгаа. Өөрөөр хэлбэл айл өрхүүд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 14-58 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч хэрэглэдэг. Энэ хөнгөлөлтөд улсын хэмжээнд 660 гаруй мянган өрх хамрагдаж, нэг өрх сард дунджаар 6400 төгрөг, жилд 76 800 төгрөгийн бодит хөнгөлөлт эдэлж байгаа. Зөвхөн 2019 онд гэхэд 660 гаруй мянган өрхөд 79.0 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний үнийн хөнгөлөлт үзүүлсэн бөгөөд сүүлийн дөрвөн жилд нийтдээ 195.3 тэрбум төгрөгийн эрчим хүчний үнийн хөнгөлөлт үзүүлжээ.
Мөн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд халаалтын улиралд Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын иргэдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувь хөнгөлж, 2019 онд 12.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн бөгөөд сүүлийн 4 жилд нийт 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн.
-Эрчим хүчний зохицулах хороо хэрэглэгчийн гомдол санал хүлээж авч шийдвэрлэдэг гэсэн. Энэ хүрээнд ямар ажлууд зохион байгуулж байна вэ?
-Эрчим хүчний тухай хуулинд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд болон хэрэглэгч хооронд үүссэн маргаантай асуудлыг хянаж шийдвэрлэдэг. 2019 онд 1771 хэрэглэгчийг хамарсан 235 өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад хэрэглэгчид болон компаниуд хооронд үүссэн 1.2 тэрбум төгрөгийн өр төлбөрийн тооцооллыг шалган маргааныг шийдвэрлэж, хэрэглэгчдэд 246.8 сая төгрөгийн төлбөрийн буцаалт хийлгэсэн байна. 2016 оноос өмнөх жилүүдэд цахилгаан, дулаанаар хэрэглэгчдийг хангах борлуулалтын үйл ажиллагааг ямар нэг зөвшөөрөлгүй хувь хүн болон аж ахуйн нэгжүүд эрхэлж, өөрсдөө дур мэдэн үнэ тариф тогтоодог, хэрэглэгчдийн эрчим хүчийг хязгаарладаг, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчин, үндэслэлгүй төлбөр хураамж шаардаж иргэдийг хохироож байжээ. Эрчим хүчний зохицуулах хороо бусад холбогдох байгууллагуудтай хамтран хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 500 гаруй аж ахуй нэгж болон хувь хүмүүсийн үйл ажиллагааг зогсоож 140 000 гаруй хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж ажилласан.
-Эрчим хүчний үнэ тариф ярихаар яалт ч үгүй салбарын эдийн засгийн асуудал сөхөгддөг. Эрчим хүчний салбарын санхүүгийн чадавх ямар байна. Хэр алдагдалтай ажиллаж байгаа вэ?
- Эрчим хүчний салбарт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх 21, дулааны эрчим хүч үйлдвэрлэх 20, цахилгаан дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, цахилгаан импортлох, экспортлох 3, цахилгаан түгээх, хангах 23, дулаан түгээх, хангах 73, эрчим хүчний барилга байгууламж барих 55 компани, нийт 196 тусгай зөвшөөрөл эзэмшигч компани үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд эрчим хүчний салбарын борлуулалтын нийт хэмжээ 1.1 их наяд төгрөгт хүрсэн. Эрчим хүчний салбар 2009 онд 69.6 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллаж байсан бол 2019 онд төвийн бүсийн дүнгээр алдагдалгүй, орон нутагт буюу баруун таван аймаг, зүүн хоёр аймаг, Өмнөговь аймгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ 28.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа юм. Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг хийсний үр дүнд 2010 онд Улсын төсвөөс 30 орчим тэрбум төгрөгийн татаас авдаг байсан бол өнөөдрийн байдлаар төвийн бүсийн эрчим хүчний систем татаас авахгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд баруун таван аймгийн хэрэглэгчдийн эрчим хүчний үнэ бодит өртгөөсөө доогуур байгаагаас 2019 онд 17.1 тэрбум төгрөгийн татаас авсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, шимтгэлийн дүн жил ирэх тусам өсч байгаа. Салбарын дүнгээр 2018 онд улсын төсөвт 289.1 тэрбум төгрөг төлж байсан бол 2019 онд 335.0 тэрбум төгрөг болж нэмэгдсэн.
-Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгаа вэ?
- 2015 оны 11 сард Монгол Улсын Их Хурлаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг батлагдсанаас хойш Монгол Улсын Засгийн газраас 2016 онд эрчим хүчний аудит, үүрэг хүлээсэн хэрэглэгч, эрчим хүчний хэмнэлтийн мэргэжилтэн бэлтгэх, эрх олгох, мэргэжлийн байгууллагуудыг магадлан итгэмжлэх зэрэг харилцаануудыг тус тус журамлан зохицуулалтын орчныг бий болгосон. Уг харилцаануудыг зохицуулсан журмуудыг 2019 онд шинэчлэн баталсан. Мөн 2018-2023 он хүртэл хэрэгжүүлэх “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар баталсан. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс эрчим хүч хэмнэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Европын холбооны эрчим хүчний аудитын цуврал стандарт, Олон улсын цахилгаан техникийн хорооны цахилгаан хөдөлгүүр болон хүчний трансформаторын үр ашигтай холбоотой стандарт, Олон улсын стандартын байгууллагын эрчим хүчний менежментийн тогтолцооны цуврал стандартуудыг тус тус батлуулснаар стандартын бодлогоор дамжуулан тоног төхөөрөмжийн үр ашигтай хэрэглээг бий болгох боломжийг бүрдүүллээ. Эрчим хүчний сайдын зүгээс эрчим хүчийг хэмнэх, үр ашгийг нэмэгдүүлэх асуудалд ач холбогдол өгч 2018 оныг салбарын хэмжээнд “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарласан. Үүний үр дүнд Эрчим хүч хэмнэлтийн хуулийг олон нийтэд сурталчлах, ач холбогдлыг ойлгуулах, эрчим хүчний үнэ цэнийг ард нийтэд ухуулах боломж бүрдэж өгсөн. Эрчим хүчний яамнаас хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилтийг 92.хувийн биелэлттэй гэж дүгнэсэн нь хууль болон хөтөлбөрийн хэрэгжилт бүх шатанд хангагдаж байгааг илтгэж байна.
-Эрчим хүчний хэмнэлтээс ямар үр дүн хүлээж байна вэ? Яг бодитой гарсан үр дүн бий юу?
-Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг боловсруулж байх үед хэмнэж болох эрчим хүчний хэмжээг тооцсон. Монгол Улсын хувьд хуучин технологи, тоног төхөөрөмж, насжилт өндөр барилга байшин, шугам сүлжээ их байдаг учир хэмнэлтийн үр дүнг өндрөөр тооцоолж гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл бид 680 орчим сая кВт.ц, энгийнээр хэлбэл Дархан хотод байдаг цахилгаан станцын жилийн үйлдвэрлэлээс 2 дахин их эрчим хүчийг богино дунд хугацаандаа хэмнэх боломжтой гэж тооцоолж байсан.
2019 оны гүйцэтгэлээр 229 үүрэг хүлээсэн хэрэглэгч Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний дотор улсын төсвийн 64, үйлчилгээний 33, хөнгөн хүнсний 54, уул уурхай, хүнд үйлдвэрийн 43 байгууллагууд нийлбэр дүнгээр 3,5 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 530 мянган Гкал дулааны эрчим хүчийг хэрэглэсэн байна.
Эрчим хүчний салбарын үүрэг хүлээсэн 35 хэрэглэгч 2018 оноос хойших өссөн дүнгээр 81.3 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 105,4 мян.Гкал дулааны эрчим хүч буюу мөнгөн дүнгээр илэрхийлбэл 12.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гарган ажилласан. Мөн бусад Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн хувьд 2018 онд 18,5 сая кВт.ц, 2019 онд 19,6 сая кВт.ц цахилгаан, дулааны эрчим хүчийг хэмнэж, өссөн дүнгээр 38,1 сая кВт.ц эрчим хүч буюу 5.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан бөгөөд нийт дүнгээрээ 17.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ.
-Энэ 2020 оныг Эрчим хүчний салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих жил болгосон. Танай хорооны хувьд хүний хөгжлийн талаар ямар ажлууд хийж байгаа вэ?
Манай хорооны хувьд юуны өмнө Удирдлагын Академийн эрдэмтэн багш нартай хамтран Эрчим хүчний зохицуулах хорооны дунд хугацааны хөгжлийн стратегийн баримт бичиг, төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Стратеги төлөвлөгөөндөө байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл, хөгжлийн ирээдүйн чиг хандлага, зорилтуудаа тодорхойлсон, нийт 5 үндсэн зорилтын нэг нь хүний хөгжилтэй холбоотой буюу “Мэдлэг чадварт суурилсан, мэргэшсэн, манлайлагч байгууллага болох” гэж тодорхойлсон. Эрчим хүчний сайдын тушаалаар 2020 оныг Эрчим хүчний салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих жил болгосон. Энэ шийдвэрийг манай хамт олон талархалтай хүлээн авч байгаа. Бид чадварлаг хүний нөөцтэй байж гэмээ нь эрхэм зорилго, зорилтуудаа биелүүлэх боломжтой болно.
Үүний тулд ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж илүү бүтээмжтэй болгох ёстой. Энэ зорилгоор ажилтнуудынхаа мэргэшлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэг, боловсролын түвшинг дээшлүүлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, одоогоор зургаан ажилтнаа өндөр хөгжилтэй улс орнуудад магистрт сургаж байгаа, гурван ажилтан ХБНГУ-ын Берлин хотын техникийн их сургуульд эчнээгээр, хоёр ажилтан БНСУ-ын Сөүлийн их сургуульд, нэг ажилтан Бээжин хотын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд эрчим хүч, бизнесийн удирдлагын чиглэлээр эдгээр улсын тэтгэлгээр суралцаж байгаа ба 1 ажилтан Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар бэлтгэгдэж байна.
Мөн ажилтнуудынхаа ур чадвар, идэвх санаачлага, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, салбарын болон байгууллага, хамт олны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор шилдэг бүтээлч ажилтан, хөдөлмөрийн бүтээл шалгаруулах, албан баримт бичиг боловсруулах, илтгэх ур чадварын зэрэг сургалт, тэмцээн уралдааныг дотооддоо тогтмол зохион байгуулдаг болсон, ажлын үр дүнтэй нь холбосон урамшуулал, хариуцлагын тодорхой тогтолцоог бүрдүүлсэн, дотоод аудитыг тогтмолжуулснаар бодитой үр дүнд хүрсэн.
Байгууллагын хөгжлийн түлхүүр, үнэт баялаг бол хүний нөөц юм. Иймээс ажилтнуудынхаа ажиллах тав тухтай орчинг бүрдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд Хорооны 1965 онд баригдсан хуучин хоёр давхар конторын барилгыг буулгаж оронд нь эрчим хүчний хэмнэлттэй, нарны эрчим хүч хэрэглэдэг дөрвөн давхар конторын барилгыг Германы ОУХАН-ийн болон Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ - “NAMA” төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр барьж энэ онд ашиглалт орууллаа. 2020 оныг Байгууллагын соёл, хувь хүний хөгжлийн жил болгосон, энэ хүрээнд ажилтнуудын харилцааны соёл, ёс зүй, эерэг хандлага, зан төлөв зэргийг төлөвшүүлэхэд бие даалгаж энэ талаарх ном уншуулах, судалгаа хийлгэх, холбогдох сургалтуудыг зохион байгуулах зэргээр ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Эх сурвалж: Үнэн сонин
Тод индэр
Б.Дэлгэрсайхан: Ирэх таван жилд Засгийн газар 4 боомтыг төмөр замаар холбоно
Монгол Улсын Засгийн газар ирэх 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээ сэтгүүлчид болон олон нийтэд танилцуулж, Ерөнхий сайд Г.Занданшатар болон Засгийн газрын сайдууд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Зам, тээврийн салбар, тэр дундаа төмөр замын салбарт ирэх таван жил ямар бодлого баримталж ажиллах талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.
-Төмөр замыг ирэх таван жилд ямар бодлого баримтлан хөгжүүлэх вэ?
-Бид ирэх таван жилийн төлөвлөгөөнд эрс шинэчлэлийн хүрээнд дөрвөн боомтыг төмөр замаар холбоно. Эхний боомт холбогдох ажил явж байна. Дараагийнх нь Сэхээ-Шивээхүрэн, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч гэсэн дөрвөн боомтыг төмөр замаар холбох бөгөөд нийтдээ 2500 км төмөр замыг тавина.
Төмөр замын бодлогод хурдны төмөр зам тавих асуудлыг оруулсан байгаа. Хурдны төмөр зам гэхээр зарим хүн өндөр хурдны галт тэрэг хэмээн андуурдаг. 260 км/цаг хурдтай хурдны төмөр замыг Зам, тээврийн бодлого бодлого болгон оруулж байгаа. Энэхүү төмөр замаар том хотууд болон босоо тэнхлэгийн аймгуудаа холбосноор төвлөрлийг сааруулах боломжтой гэж үзэж байгаа.
Хөшигийн хөндийн төмөр замын тухайд өмнө нь Богдхан төмөр зам хэмээн нэрлэгдэж байсан төмөр замыг хоёр улсын хамтарсан ТУЗ-аас шийдвэр гараагүйн улмаас хойшлогдсон. Харин өнгөрсөн хавар Багахангай-Хөшигийн хөндийн салаа төмөр зам барих ажлыг Засгийн газраас 2025 оны тавдугаар сард шийдвэр гаргаад зургадугаар сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 82 км төмөр замыг барьчихаад байна. Ирэх хавар Эмээлт буюу Рашаантын аль нэгтэй холбохоор зургийг нь хийгээд явж байна. Энэ хүрээнд ОХУ-ын талтай бүх шатанд зөвшилцөлд хүрээд явж байгаа. Ямар нэгэн асуудал гарахгүй.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын ач холбогдол их. Бид 2024 онд болсон Дүнжингаравын газын дэлбэрэлтээс хойш аюултай ачаа тээврийг хотоос гаргах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт болсон.
Тод индэр
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Итгэлтээс мал хулгайлах гэмт хэргийн талаар ярилцлаа.
-Өвлийн улирал эхэлж, иргэд идшээ бэлдэж эхлэхээр мал хулгайлах гэмт хэрэг нэмэгддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа бэ?
-Мал хулгайлах гэмт хэрэг 9 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд үйлдэгдэг. Манай иргэд өвлийн улиралд идшээ бэлдэж эхэлдэг учраас үед мал хулгайлах гэмт хэрэг өсдөг. 2020 оноос эхэлж Цагдаагийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтарч мал хулгайлах гэмт хэргийн урьдчилан сэргийлж, хяналт шалгалтыг эрчимжүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа.
Энэ жилийн хувьд “Мал, мах 2025” арга хэмжээг 10 дугаар сарын 15-наас эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнт болон байнгын постыг 132 цэг байршилд ажиллуулж байна. Нийтдээ 288 алба хаагчид 24 цагаар байнгын хяналтыг хийж байгаа. Мөн Олон нийтийн цагдаа, Эрүүгийн цагдаа нартай хамтарч мал, мах худалдаалдаг төв, зах болон мал нядалгааны газруудад Мал эмнэлгийн газартай хамтарч байнгын хяналт шалгалтын явуулж байгаа. Одоо аймаг, нийслэл рүү ямар ч бүртгэлгүй мал, мах орж ирэх боломжгүй болсон. 2020 оноос эхэлж мал болон махны бичгийг цахим болгосон. Өмнө нь гарал үүслийн бичгийг малын эмч бичиг өгдөг байсан.
-Малын хулгайн гэмт хэрэг энэ оны байдлаар хэчнээн хэрэг бүртгэгдсэн бэ?
-2025 оны есдүгээр сарын байдлаар 376 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
-Өвлийн идэшний үеэр бод мал хулгайлах гэмт хэрэг зонхилон гардаг байх?
-Мал хулгайлах гэмт хэрэгт бог мал, бод мал гэж ялгахгүй гардаг. Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг. Иймээс малчид малдаа тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Мөн малчдын хувьд туслах малчин авахдаа ямар хүн авч байна гэдгээ сайн судлах хэрэгтэй. Туслах малчид мал хулгайлах гэмт хэргийн хамтрагч нь болох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайн айлын мал нь хариулаг муутай, мал нь тарган гэх мэт мэдээллийг өгч байдаг. Ийм тохиолдлыг цагдаагийн байгууллага илрүүлж тогтоож байсан.
Мөн саахалт айлууд ямар хүмүүс байна гэдгээ маш судалж байх хэрэгтэй. Зуншлага муу байна гээд отор нүүдэл хийхдээ малчид нэг нэгнийхээ малын талаар мэдээлэл өгөх тохиолдол ч гардаг. Иймээс малчид сааталт айл болон туслах малчнаа сайн судалж, малын тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.
-Мал хулгайлах гэмт хэрэг аль аймаг хамгийн их гардаг бэ?
-Мал хулгайлах гэмт хэрэг харилцан адилгүй байдаг. Хамгийн сүүлийн жишээгээр Сүхбаатар, Хэнтий аймагт 22 тооны үхэр алдагдсан тохиолдол бүртгэгдсэн. Бод малын хувьд хариулаг бага байдаг учраас хулгайд алдагдах тохиолдол их гардаг. Малчид бэлчээрт байгаа бод малын эргэж тойрч, хардаг байх хэрэгтэй байна. Одоо үед мал хулгайлахдаа тууж явахгүйгээр машин тэргэнд дээр ачиж явдаг болсон.
-Өвлийн улирал эхлэхээр идэшнээс гадна өвс тэжээлтэй холбоотой залилангийн гэмт хэрэг нэлээдгүй гардаг. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Намраас өвлийн улиралд шилжих үед өвс тэжээлийн залилах гэмт хэрэг нэлээд бүртгэгдэг. Энэ оны эхний есөн сарын байдлаар 135 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Мал, мах, өвс тэжээл авна гэдэг зарын дагуу иргэдийг залилах тохиолдол нэлээд гардаг. Энэ жилийн хувьд баруун таван аймаг зуншлага муутай байгаа. Энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, залилах гэмт хэрэг өртөх эрсдэл их байна. Мөн өвс тэжээл бэлтгэж худалдаалдаг хүмүүсийн зар мэдээллийг ашиглаж залилах гэмт хэргийг үйлдэж байна. Иймээс иргэд мал, мах, өвс тэжээл худалдаж авах гэж байгаа бол маш сайн нягталж байж авахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Тод индэр
Б.Сүхбаатар: “Модны памперс” нэг модны усалгааг 40–60 хувиар бууруулна
~2000 ширхэг модны усалгаанд жилд 700–800 тонн ус зарцуулна гэвэл “Модны памперс”-аар 300–400 тонноор бууруулах боломжтой~
Сүүлийн жилүүдэд манай улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилтийг бууруулах зорилгоор ногоон байгууламжаа нэмэх, мод тарих ажлыг эрчимтэй өрнүүлж буй. Хуурай хөрс, салхи, усны хомсдол зэрэг байгалийн нөхцөл нь шинээр ургаж буй мод, бутанд хамгийн том сорилт болдог. Тэр тусмаа монгол орны энэхүү хуурай, эрс тэс уур амьсгалд модыг тарихаас илүү, ургуулахын тулд ихээхэн сорилтыг давах шаардлагатай нүүр тулсаар байна. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэх нэгэн гайхалтай технологийг монголд албан ёсоор нэвтрүүлээд байгаа аж. Энэ талаар “Green Iris” компанийн захирал Б.Сүхбаатартай бид ярилцлаа.
-Монгол орны хуурай, сэрүүн уур амьсгалд мод ургуулах нь амаргүй. Танай компани энэ асуудлыг шийдвэрлэх шинэ технологи нэвтрүүлж байгаа гэж сонслоо?
-Тийм ээ, монгол орны газар нутгийн 77 хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа бий. Жилийн дундаж хур тунадас 250–300 мм, салхи ихтэй, хөрсний элэгдэлд өртөмтгий учраас мод тарихад хэцүү бүс нутагт тооцогддог.
Харин бид ийм нөхцөлд мод ургуулах шинэ арга технологийг эрэлхийлж, бусад орны туршлагаас судалсны үр дүнд “TreePampers”-ийг монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байна.
Шинээр суулгаж буй мод, бут сөөгийн үндэс орчимд үүнийг ашигладаг бөгөөд энэ технологи модны суулгацдаа удаан хугацаанд чийг өгч, шаардлагатай шим тэжээлээр хангадаг.
Ийм технологийг нэвтрүүлснээр монголын говь болон цөлөрхөг бүс нутаг зэрэг мод ургах нөхцөлгүй газруудад хүртэл амжилттай ургуулах боломжтой болж байна.
–Монголтой ижил хуурай, цөлөрхөг уур амьсгалтай орнуудад энэ технологийг туршиж үзсэн байх?
-Хятад, Энэтхэг, Төвөд зэрэг уур амьсгалын эрс тэс нөхцөлтэй бүсэд туршиж, үр дүн нь 90 хувьтай гарсан байдаг. Тухайлбал, “Дэлхийн гурав дахь туйл” хэмээгддэг хүчилтөрөгч бага, далайн түвшнээс дээш 5013 метрийн өндөрт байрлах Төвөдийн өндөрлөгт TreePampers-ийг ашиглан амжилттай мод ургуулсан жишээ бий.
Төвөдийн хөрс шим тэжээл багатай, хатуулаг чанар их байдгаас хэр барагтай мод, ургамал ургах нь бага. Харин TreePampers-ийн ус хадгалах, аажмаар ялгаруулах технологи модны үндсийг ургахад дэмжлэг үзүүлж, хөрсний чийгийг 100 хоногийн дараа ч 50-аас дээш хувьтай хадгалсан байсан.
-Тэгвэл Монголын нөхцөлд туршиж, амжилттай болсон жишээ бий юу?
Бид нэг жилийн турш Улаанбаатар, Увс, Өмнөговь, ялангуяа говийн шаварлаг хөрстэй бүсэд TreePampers®-ийг ашиглан туршилт судалгаа хийсэн. Үр дүнд нь энэ технологиор ургуулсан модны амьдрах чадвар 85–90 хувьтай байсан бол энгийн аргаар тарьсан модны амьд үлдэх хувь 40–50 хувь байсан нь батлагдсан.
Хамгийн сонирхолтой нь, говийн элсэрхэг хөрсөнд суулгасан модыг 100 хоногийн дараа дахин үзэхэд хөрс чийгтэй хэвээр байсан бол хар шороон хөрсөнд бичил биетний идэвхжил дөрөв дахин өссөн нь сайн үр дүнг харуулсан.
Манай улс газар зүйн болон уур амьсгалын хувьд өндөрлөг, хуурай, салхи ихтэй тул Төвөдтэй олон талаараа төстэй бөгөөд энэ технологи манай орны нөхцөлд тохирох нь олон жишээгээр батлагдаж байна.
– Усны хомсдол бол монголд мод ургуулахад тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг. Энэ асуудлыг шийдэхэд TreePampers ямар үр нөлөө үзүүлж байна вэ?
-Манай оронд модыг услахад ашигладаг усны ихэнх нь гүний эх үүсвэрээс гардаг. Гэвч гүний усны сэргээгдэх хугацаа урт байдгаас гадна, шинээр худаг гаргах нь өндөр өртөгтэй байдаг. Түүнчлэн ус бол хязгаартай нөөцтэй байгалийн баялаг. Ийм нөхцөлд бидэнд усны менежментийн ухаалаг шийдэл зайлшгүй хэрэгтэй.
TreePampers-ыг ашигласнаар нэг модны усалгаанд зарцуулах усны хэмжээг дунджаар 40–60 хувиар бууруулах боломжтой. Жишээ нь, нэг га талбайд 2000 мод суулгалаа гэж бодоход усалгаанд жилд ойролцоогоор 700–800 тонн ус зарцуулна. Тэгвэл манай технологийг ашигласнаар энэ хэмжээ 300–400 тонн хүртэл буурах боломжтой.
Өөрөөр TreePampers-ийг усыг үр ашигтайгаар ашиглах систем гэхэд болно. Учир нь хөрсөнд шингэж алга болохгүй, ууршихгүй, харин шаардлагатай үед модыг чийгээр хангаж, давхар бордоо болох юм. Тэгэхээр сүүлийн жилүүдэд нүүрлээд буй ган гачигтэй үед ч модыг ургуулах боломжтой гэсэн үг.
-Модыг их усаар услах тусам сайн гэх ойлголт олон нийтийн дунд бий шүү дээ. Энэ яг зөв усалгаа болж чадах уу?
-Модыг суулгасны дараах эхний усалгаа нь үндэс орчмын хөрсийг чийгтэй болгож, агаарыг шахах зорилготой байдаг. Энэ үед нэг модонд 20–30 орчим литр ус (модны хэмжээ, хөрсний төрөл, улирлаас шалтгаална) өгөхөд хангалттай байдаг. Мэдээж хэт их усалж хөрс шавхайтвал, агааргүй орчин үүсэж үндэс “амьсгалж” чадахгүй, ялзрах аюултай. Иймээс модыг амжилттай ургуулъя гэвэл чийгийг тогтвортой байлгах нь хамгийн оновчтой. Үүнд л TreePampers шиг ухаалаг чийг хадгалах технологи туслах юм.
Өөрөөр хэлбэл, энэ технологи модыг их усаар биш, зөв цагт, зөв хэмжээгээр услахад тусална.
Жишээ нь: Хүн нэг дор 20 литр ус уугаад 30 хоног дахин ус уухгүйгээр амьдрах боломжгүй. Харин тэр 20 литр усаа саванд хадгалж, хэрэгтэй үедээ бага багаар уувал 30 хоногийг давж бүрэн чадна.
TreePampers® яг үүнтэй адил зарчмаар ажилладаг. Энэ нь модны үндсэнд усыг хадгалж, чийг хэрэгтэй үед тохирох хэмжээгээр аажмаар нийлүүлдэг. Харин бусад үед гадагш чийгээ алдалгүй хамгаалдаг тул усны хангамжийг урт хугацаанд тогтвортой байлгадаг.
-TreePampers ямар бүтэцтэй вэ?
-Энэ бол 100 хувь органик гаралтай, байгальд бүрэн задрах бүтэцтэй технологи. Үндсэн найрлагадаа ургамлын гаралтай целлюлоз, байгалийн давирхай, био бордоо, бичил биетийн өсгөвөр зэргийг багтаасан байдаг. Энэ утгаараа химийн хорт бодис агуулаагүй, хөрсний бүтцэд сөрөг нөлөөгүй гэсэн үг юм.
Гадна давхарга нь ус хурдан нэвчин орж буцаж урсахгүйгээр цөмдөө хадгалж, үндэс ургах нөхцөлийг дэмжиж, суурилуулалтын явцад хэлбэр бүтэн байдлаа хадгалдаг материалтай. Дотор давхарга болох BioBoost бичил биетний хальс нь полисахарид, органик болон амин хүчлүүдийг агуулсан, нүүрстөрөгчөөр баялаг найрлагатай бөгөөд энэ нь хөрсний бичил биетнийг тэжээж, тэдний үйл ажиллагааг идэвхжүүлснээр шим тэжээлийн эргэлтийн системийг дэмждэг. Өөрөөр хэлбэл TreePampers® нь усны хомсдолтой, цөлжилт болон хуурайшилт ихтэй бүс нутагт модны ургалтыг дэмжиж, хөрсний бүтцийг сайжруулан шим тэжээлийн эргэлтийг идэвхжүүлдэг ухаалаг, тогтвортой шийдэл юм.
-
Тод индэр2020/07/16
Шадар сайд Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ
-
Чөлөөт бүс2020/10/19
Суулгалт өвчнөөс сэргийлье
-
Тод мэдээ2024/05/31
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулна
-
Өнөөдөр2019/11/25
Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон батлах хуу...


