Өнөөдөр
Ч.Хүрэлбаатар: 793 тэрбумыг хэмнэгдсэн төсвөөс гаргана
![](/uploads/thumb/shudarga-mn-img-15887456058.jpg)
Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах хуулийн хүрээнд Засгийн газраас нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай тогтоолыг баталлаа.
Ингэснээр:
- 0-18 насны хүүхэд бүрт олгох хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл 100 мянган төгрөг болголоо. Дөрөвдүгээр сард олгосон 30 мянган төгрөг дээр нэмж 70 мянган төгрөгийг ойрын хугацаанд олгоно.
- 16 төгрөгийн хүнсний талон олгодог байсныг 32 мянга, хүүхдэд 8000 төгрөг байсныг 16 мянган төгрөг болголоо. Насанд хүрсэн 122.3 мянган хүн, 118.2 мянган хүүхэд хамрагдана.
- Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг өндөр настай 3600 хүний тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр сар бүр 288 мянган төгрөг авна. Хөгжлийн бэрхшээлтэй 2500, одой 116, өнчин 16500 хүүхэд, өрх толгойлсон эцэг, эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмж нэмж олгоно.
- Малчин өрхүүдэд ноолуурын урамшуулал кг тутам 20 мянган төгрөг олгоно.
Эдгээр арга хэмжээн нийтдээ 793 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа аж. Энэ эх үүсвэрийг хэрхэн шийдсэн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол улсын Засгийн газар 2016 оноос хойш төсвөө сайжруулахын тулд ихээхэн чармайлт гаргаж ажилласан. Үүний хүчинд тав, арван төгрөг цуглуулсан. Энэ боломж, нөөцөө дайчлаад шаардлагатай хөрөнгийг гаргаж байна гэж ойлгож болно” гэсэн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарийвчилсан задаргааг танилцуулсан юм.
Тэрбээр “Эх үүсвэрийг нь бид давхар баталгаажуулсан.Тухайлбал, энэ жил манай улс “Залуучуудын ногоон наадам” болон Токиогийн зуны олимпийг зохион байгуулах байсан. Цар тахалтай холбоотойгоор цуцалсан учраас багагүй хөрөнгө хэмнэж байгаа. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор багагүй төсөв хэмнэгдсэн. Түүнчлэн Засгийн газрын тусгай сангуудын мөнгөнд хэмнэлт хийж байгаа. Мөн Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу зарим өрийг хойшлуулах тухай гэрээ хэлэлцээр хийчихсэн байгаа.
Тиймээс гадаад зээлийн үндсэн төлбөрийн хүүгээс болон төсөвт байгууллагуудын хэмнэж болох зардлаас гаргахаар тусгасан. Цар тахлын үед хөл хорионд орсонтой холбоотойгоор хэмнэж буй зардлаасаа санхүүжүүлэхээр тооцоолсон” гэлээ.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 26-27-нд зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул Сэлбэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голуудын усны түвшин улам нэмэгдэхийг иргэд, аялагчдад онцгойлон анхааруулж байна.
2024 оны долоодугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун зүүн хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
2024 оны долоодугаар сарын 27-ноос 2024 оны долоодугаар сарын 31-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Монгол-Алтай болон Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн, бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
Өнөөдөр
Хасбаатарын гудамжны авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ
Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34 дүгээр хороо, Хасбаатарын гудамж /Өргөө кино театрын хойд уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны долоодугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.
Тус ажлын хүрээнд: Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийслэлийн Замын хөгжлийн газар
Өнөөдөр
Туул, Хэрлэн голууд үерийн түвшинд хүрснийг НОК-оос анхааруулж байна
Он гарснаас хойш нийслэлийн онцгой байдлын газарт гал түймрийн 1089, аврах ажиллагааны 346 нийт 1435 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн эрсдэлтэй 45 байршилд дайрга, шуудайтай элс бэлтгэж бэлэн байдлыг хангах ажиллаж байна.
Мөн алба хаагчид хөдөлгөөнт болон завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж Туул, Хэрлэн, Тэрэлж гол дагуу амарч зугаалж байгаа иргэдэд гол усны ослоос урьдчилан сэргийлэх, зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэж байгаа болохыг холбогдох байгууллагаас мэдээллээ.
НОБГ-ын дэд дарга, хурандаа Э.Батбаяр: -Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 08:00 цагаас 15:00 цаг хүртэл түр зуурын дуу цахилгаан бороо орно гэдгийг хэлж байгаа. Өнөөдрийн байдлаар Сэлбэ, Дунд гол, Улиастайн голын үерийн түвшин хэвийн хэмжээнд байгаа бол Хэрлэн, Туул голууд үерийн түвшинд хүрсэн байна. Тиймээс иргэд та бүхэн үерлэсэн гол ус руу оролгүй аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна гэв.