Хэн юу хэлэв...
Б.Гүрсоронзон: Аж ахуй нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, жолоочийн ажил, амралтын дэглэмийг чанд мөрдүүлнэ
-Улс, хот хоорондын нийтийн тээврийн ослын 40 гаруй хувь нь шөнийн цагаар гардаг-
Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан 2017 оноос “Шөнийн тээвэрлэлтийн ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай” тушаал мөрдөгдөж эхэлснээр эрэлт ихтэй 10 чиглэлд шөнийн тээвэрлэлтийн үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай Арвайхээр, Өмнөговь Даланзадгад, Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ Алтанбулаг, Хэнтийн Чингис хот, БНХАУ-ын Эрээн зэрэг чиглэлүүдэд шөнийн цагт 3113 тээврийн хэрэгслээр 92251 зорчигч тээвэрлэлтэд оролцож байна.
Улс, хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн 68 чиглэлийн аялалын үргэлжлэх хугацаа дундажаар 15 – 30 цаг зарцуулдаг нь шөнийн цагаар тээвэрлэлт гүйцэтгэх шалтгаан болдог. Харин сүүлийн жилүүдэд хот хоорондын нийтийн тээвэрт гарсан зам тээврийн ослын 40 гаруй хувь нь шөнийн тээвэрлэлтийн үед гарсан судалгаа бий.
Олон улсын жишигт хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд шөнийн тээврийн үйлчилгээг олон цагийн сонголттойгоор гүйцэтгэдэг нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлдэг.
Тэгвэл Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас зорчигчдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор тодорхой зохион байгуулалтын ажлыг хийхээр холбогдох судалгаа, төлөвлөлтийн ажлуудыг хийж байна. Дээрх шөнийн цагаар гарч буй ослын тоог бууруулахын тулд улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, жолоочийн ажил, амралтын дэглэмийг чанд мөрдүүлэхэд анхаарч ажиллана хэмээн тус үйлдвэрийн газрын захирал Б.Гүрсоронзон хэллээ.
Үүний тулд 1000 километрээс дээш зайтай холын чиглэлүүдийг стандартын шаардлага хангасан автобуудлыг түшиглэн богино эргэлтээр өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулах судалгааны ажлыг хийж байгаа аж. Ингэснээр тээвэрлэлт гүйцэтгэж буй жолоочийн ажил, амралтын дэглэмийг мөрдүүлэх зорилгоор жолоочийг сэлгэн ажиллуулах, амраах бөгөөд энэ нь зам тээврийн ослоос сэргийлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой хэмээн АТҮТ-өөс мэдээллээ.
Хэн юу хэлэв...
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ
Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.
Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.
Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.
О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав.
Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ой энэ онд тохиож байгааг Ерөнхийлөгч онцолж, Монгол Улсын олон талт системд итгэх итгэл ямагт НҮБ-д түшиглэж ирснийг тэмдэглэлээ.
Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэвшүүлсэн “НҮБ-80” санаачилгыг Монгол Улс талархан дэмжиж буйг нотлов.
Монгол Улс НҮБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буйг онцолж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.
Хүн төрөлхтний түүхэнд хосгүй үүрэг гүйцэтгэсэн Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсын НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд оруулж ирсэн хувь нэмэр, үр нөлөөг Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өндөр үнэллээ.
Мөн бүс нутаг болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцолж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхээ илэрхийлэв.
Монгол Улс НҮБ-ын хүрээнд олон чухал санал, санаачилга дэвшүүлэхийн зэрэгцээ олон улсын хурлуудыг эх орондоо зохион байгуулж, энхийг сахиулах ажиллагаанд манлайлан, даян дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улс, НҮБ-ын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2022 онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм.
Энэ айлчлал Монгол Улс нутаг дэвсгэрээ “цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байлаа.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Улаанбаатар хотноо НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг дэмжихээ илэрхийлсэн юм.
Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэний 65 жилийн ой ирэх сард тохионо.

Гишүүн болсон нь манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий болгосон түүхтэй.
Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан байна.
Өдгөө:
-
“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
-
“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
-
“Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,
-
“Бичиг үсгийн боловсролын тухай”,
-
“Ардчиллын боловсролын тухай” тогтоолын төслийг хоёр жил тутам хэлэлцүүлэн батлуулдаг.
Мөн “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”, “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай”, “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг батлуулжээ.
Хэн юу хэлэв...
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, Засгийн газрын бодлого, шийдвэрээ танилцууллаа.
Багануур дүүргийн оршин суугчид нийгмийн хамгааллын асуудлыг, тухайлбал, дүүргийн хэмжээнд түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах боломж нээж өгөх, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэх, дүүргийн хүүхдийн зуслангийн засвар шинэчлэл, нүүрсээр галлаж буй сургуулийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг хөндөж байлаа.

Мөн Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгох тухай, дүүрэгт “Ногоон өртөө” байгуулах, энэ чиглэлд хувийн хэвшилтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаар асууж хариулт авлаа. Үүнээс гадна, гадаадын хөрөнгө оруулалт татах бодлогоо Засгийн газар тууштай хэрэгжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлэв.
Ерөнхий сайд 2026 оны улсын төсвийн тодотгол батлагдвал, 11 дүгээр сарын 01-нээс тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсөө нэмнэ. Хөдөө аж ахуй, хүнс, байгаль, цаг уур, соёл, спортын зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин 50 хувь нэмэгдэнэ. Санхүүжилтийг нь төрийн өмчит компаниудын ногдол ашиг 1.6 их наяд төгрөгөөс зарцуулна. Мөн мах, гурилын үнээ тогтворжуулах хүрээнд стратегийн нөөцөө бүрдүүлнэ. 20,000 тонн мах, 100,000 тонн улаанбуудай, 12,000 мянган тонн төмс, хүнсний ногоо нөөцөлнө. Энэ хүрээнд төсвийн тодотголыг хэлэлцүүлж байгааг онцлов.

Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгоно, Нүүрс-пиролизын үйлдвэрийг ашиглалтад оруулна. Дүүргийн хоёр сургуулийг “Ногоон сургууль” болгоно. Орон сууцжуулалтын бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. 16,000 айл ипотекийн зээлд хамрагдана. Үүнээс төрд байгаа 4,000 орон сууцны урьдчилгаа төлбөр нь 15 хувь байна. Ирэх жил барилгын салбарт 500 сая ам.долларын санхүүжилт босгоно. Багануурт шинэ орон сууц барих сонирхолтой ААН-ийг дэмжинэ.

Том төслүүдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр явуулна. Төсвөөс мөнгө гаргаж шийдэхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр барих үйл ажиллагааг Ерөнхий сайд хяналтдаа авсан. Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад авах гэж байгааг хэллээ. Мөн Ерөнхий сайд шударга зарчимтай, нээлттэй ажиллана гэдгээ илэрхийлэв. Багануур дүүргийн иргэд улсын төсөв хэлэлцэж буй үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа.




-
Хэн юу хэлэв...2023/07/18
Б.Лхагвасүрэн: Төв банк гадаадын хөрөнгө оруулалтад үргэлж нээлттэй хандана
-
Дэлхий нийтээр..2022/05/17
Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Т.Доржхандад шаардлагынх нь ...
-
Дэлхий нийтээр..2024/07/24
Олон Улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн авто замын засвар, шинэчл...
-
Дэлхий нийтээр..2020/12/28
Коронавируст “КОВИД-19” халдварыг илрүүлэх, тандах өргөтгөсөн шинжил...
