Үйл явдал
У.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд Засгийн газар, УОК-оос өгсөн үүргийг сайн биелүүлсэн байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ковид19 цар тахлын аюул дэлхий дахиныг түгшээж, Монгол Улс бэлэн байдлын зэрэгт шилжсэн даруйд Цэргийн төв эмэнлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ХӨСҮТ-д тус тус ажилласан. Гэнэтийн нөхцөл үүсч, бүх нийтийг хамарсан цар тахал дэгдэхэд хэрхэн ажиллах талаар бэлтгэл хангаж урьдчилсан байдлаар 1000 хүнээр тооцон салбарын хэмжээнд бэлэн байдлаа хангах үүргийг өгч байв. Өнөөдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэг болон Мөнхийн тун, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн бэлэн байдлыг биечлэн шалгав.

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг тусгаарлалт, халдварын үед авч хэрэгжүүлэх эрчимт эмчилгээ, вирусын халдварын оношилгоо хийх чадавхи, эрэмблэн ялгалт хийх бэлэн байдлыг хангаж, орчин үеийн чанар стандартын шаардлага хангасан яаралтай үед дайчилгаанд ашиглах 280 орыг байнгын бэлэн байдалд бэлтгэсэн байна. Улмаар шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд эмнэлгийн 500 гаруй орыг бүрэн ашиглахаар тооцсон аж.
Мөн “Үндэсний оношилгоо эмчилгээний төв” –ийг ашиглалтад оруулж ард иргэдэд үйлчлэхэд бэлэн болжээ. Ингэснээр манай улс анх удаа изотопын үйлдвэртэй болсон бөгөөд олон төрлийн өвчнийг эрт үед нь эд, эсийн түвшинд оношилж, эмчлэх хамгийн сүүлийн үеийн техник, технологиор тоноглогдсон лабораторитой болсон байна. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсний дагуу тус лабораторид Ковид 19 –ын оношилгоог ч хийж болох аж. Нийт 180 гаруй төрлийн шинжилгээг маш богино хугацаанд өндөр нарийвчилалтай хийх юм байна.
Олон Улсын стандарт хангасан тус лабораторид ажиллах боловсон хүчний бэлтгэл хангагдсан талаархи мэдээллийг сонсоод Монгол улсын Ерөнхий сайд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Мөн Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн бэлэн байдлын үеийн бэлтгэлийг сайтар хангасан байна гэв.

Улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн нэг “Мөнхийн тун” үйлдвэрийн хувьд үйл ажиллагаа хэвийн, уртасгасан цагаар ажиллаж байгаа гэв. Өдөрт 10 гаруй мянган хамгаалалтын хувцас, 160 гаруй мянган амны хаалт үйлдвэрлэж байна. Түүхий эдийн нийлүүлэлт тасраагүй, 2-3 сарын бүтээгдэхүүний нөөцтэй болжээ.
Улс даяараа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, амьдарч байгаа энэ үед Монгол Улсын иргэд төрийнхөө шийдвэрийг хүндэтгэж, өөрийгөө болон гэр бүл үр хүүхэд, бусдыг хамгаалж амны хаалтаа сайтар хэрэглэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа нь алхам тутамд мэдрэгдэж байна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Мөнхийн тун үйлдвэрийнхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан уртасгасан цагаар ажиллаж, эмнэлгийн ажилчид, ард иргэдээ хэрэгцээт зүйлсээр нь хангаж ажиллаж байгаад талархаж байна гэсэн юм.

Түүнчлэн Эрүүл мэндийн салбарынхан түүврийн аргаар цар тахлын дэгдэлтийн тандалтыг өдөр бүр хийж, Ковид 19-ийн шинжилгээг хийж, шинжилгээгээр Ковид 19 илрэхгүй байгаа нь Монгол Улс тус цар тахлыг дотооддоо алдаагүй болохыг илтгэж байна. Энэ нь Засгийн газар, УОК-иос авч хэрэгжүүлсэн цаг үеийн хорио цээрийн дэглэмүүд болон бусад арга хэмжээнүүдийн үр дүн гэдгийг Ерөнхий сайд онцлов. Иймд Ковид 19-ын тархалт дэлхийн улсууд тэр дундаа хөрш орнуудад хумигдаж, намжих хүртэл бүх ниййтиййг хамарсан гэнэтийн хориглох, хязгаарлах шийдвэрүүдийг хэрэгжүүлсээр байх болно гэдгийг эмнэлэг болон үйлдвэрийн ажилчид, нийт ард иргэддээ хандан хэлж байв.

Үйл явдал
Японы Күмамото мужид хүчтэй газар хөдөлжээ
Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 2026 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 16:27 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдэд сэрэмжлүүлэг гаргалаа.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
ЯПОН УЛСЫН КҮМАМОТО МУЖИД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ
2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн (Мягмар) 16:27 цагт Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус мужийн Үки хот болон Хикава тосгонд Японы газар хөдлөлтийн хэмжүүрээр хамгийн өндөр түвшин болох 7 баллын чичиргээ бүртгэгдлээ.
Гамшгийн улмаас Күмамото мужийн зарим бүсэд барилга байгууламж эвдэрч, гал түймэр гарсан, худалдааны төвд олон хүн гацсан тухай мэдээлэгдэж байна. Мөн хурдан галт тэрэг, төмөр зам, авто зам, нисэх буудлын үйл ажиллагаа тасалдаж, зарим бүсэд цахилгаан болон холбоо харилцааны системд доголдол үүсээд байна.
Газар хөдлөлтийн дараа Ариакэ тэнгис болон Яцүширо тэнгист нэг метр хүртэлх өндөртэй цүнами үүсэх эрсдэлийн улмаас сэрэмжлүүлэг гаргасан боловч далайн түвшний өөрчлөлтийг ажигласны үндсэн дээр 18:10 цагт уг сэрэмжлүүлгийг цуцалжээ. Үүний зэрэгцээ 17:08 болон 19:03 цагийн орчимд Күмамото мужид дахин 5 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсэн нь идэвхжил үргэлжилж байгааг харуулж байна.
Японы Цаг уурын агентлаг болон холбогдох байгууллагууд ойрын 2–3 хоногт хүчтэй давтан газар хөдлөлт гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.
Япон Улсад, ялангуяа Күмамото болон Кюүшюү бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг:
• Японы эрх бүхий байгууллагын сэрэмжлүүлэг, зааварчилгааг тогтмол дагаж мөрдөх;
• Нурж болзошгүй барилга байгууламж, уулын энгэр, гол мөрөн болон эргийн бүсээс хол байх;
• Онцын шаардлагагүй тохиолдолд гамшигт өртсөн бүс рүү зорчихгүй байх;
• Гар утсаа цэнэгтэй байлгаж, ундны ус, хүнс, эм, гэрэлтүүлэг зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ бэлтгэх;
• Шаардлагатай тохиолдолд орон нутгийн захиргааны зааврын дагуу нүүлгэн шилжүүлэх байранд шилжин байрлахыг зөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар Күмамото мужид Монгол Улсын 40 орчим иргэн ажиллаж, амьдарч буйгаас гамшигт өртсөн талаар мэдээлэл одоогоор авагдаагүй байна.
Тус бүсэд оршин сууж буй Монгол Улсын иргэд Элчин сайдын яамны 03-3469-2088 шуурхай утсаар холбогдон туслалцаа авах боломжтой.
Элчин сайдын яам нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг тухай бүр хүргэх болно.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам
Үйл явдал
Эрдэнэт хотын Хавдрын төвд БНСУ-ын шинэ технологийн дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Монгол Улсын Эрүүл мэндийн яам Бүгд Найрамдах Солонгос Улсын "АдипоЛабс" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.
Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, "АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцов.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үеэр хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, орчин үеийн эмчилгээний технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх нь салбарын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг онцолж, энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн нэг төхөөрөмжийн хандив бус, Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх урт хугацааны түншлэлийн эхлэл болохыг тэмдэглэлээ.
"АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг Монгол Улсад хандивласнаар хорт хавдартай өвчтөнүүдэд орчин үеийн эмчилгээ хийх боломж нэмэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү хандив нь олон өвчтөний эмчилгээнд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг үе шаттай хөгжүүлж байгаа бөгөөд шинээр хүлээлгэн өгсөн "REMISSION 1°C" төхөөрөмж нь хорт хавдрын дулаан эмчилгээний шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх, бүсийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.
Үйл явдал
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
-
Дэлхий нийтээр..2022/09/02
Япон улсын атомын энергийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо
-
Дэлхий нийтээр..2021/05/03
ОБЕГ: Ихэнх нутгаар хүчтэй салхи, цасан болон шороон шуургатай
-
Дэлхий нийтээр..2022/11/30
Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохоос зайлсхий
-
Үйл явдал2020/11/06
"Монголын үнэн" сонины 100 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэ...
