Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2026 оны 08-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 17-19 хэм дулаан байна.
2026 оны 08-р сарын 11-нээс 2026 оны 08-р сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 11-нд Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 хэм, Алтайн өвөр говиор 31-36 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
Үйл явдал
Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авна.
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна.
Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал
- 2 настай – 27,832
- 3 настай – 31,303
- 4 настай – 32,002
- 5 настай – 35,690 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх
- Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.
Үйл явдал
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Туул гол дээгүүр барих төмөр замын гүүрийн урт 476 метр бөгөөд барилгын ажил ид өрнөж байна. Энэ хэсэгт баригдах бетонон гүүр нь төмөр замын хөдөлгөөнийг найдвартай, тасралтгүй нэвтрүүлэх чухал байгууламж бөгөөд уг ажлыг "Очирням" ХХК, "Тэргүүн саруул зам" ХХК, "Хотгорзам" ХХК зэрэг таван компани гүйцэтгэж байна.
Туул голын орчим нь газарзүйн хувьд нам дор, хотгор байрлалтай бөгөөд бороо ихтэй үед ус ихээр хуримтлагдах, голын усны түвшин нэмэгдэх, үерлэх эрсдэлтэй. Энэ нь гүүрийн суурь, тулгуур болон далангийн ажлыг гүйцэтгэхэд хүндрэл учруулж байгаа ч инженер, техникийн ажилтнууд тухайн газрын хөрс, усны орчин нөхцөлд тохируулан шахуу графиктай ажиллаж байна.
Гүүрийн голын хойд талын хэсэгт дам нуруу угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд энд нийт 20 дам нуруу тавихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар дөрвөн дам нурууг байрлуулаад байна.
Уг ажлыг авто замын салбарт зам, талбайн тохижилт, засвар арчлалт, хатуу болон хайрган хучилттай авто зам, гүүр, туннель, үерийн хамгаалалтын далан зэрэг замын байгууламжийн ажил гүйцэтгэж байсан туршлагатай “Очирням” ХХК, “Хотгорзам” ХХК-ууд гардан гүйцэтгэж байна.
Компанийн удирдлагуудын мэдээлснээр газарзүйн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ч шаардлагатай инженерийн шийдлийг хэрэгжүүлж, дам нуруу угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгахаар хичээн ажиллаж байна гэв гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Үйл явдал
Сарьсан багваахайтай холбоотой дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Сарьсан багваахайн Нийслэл хот орчимд Сэлбэ гол, Дунд гол, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүс, гол дээгүүрх бетонон гүүр, мөн голтой ойр байрлах барилга байгууламжийн дээвэр зэрэг газарт үүрлэн амьдардаг. Жил бүрийн 5–9 дүгээр сарын хооронд идэвхтэй байж, шөнийн цагаар ангуучилдаг.
Шөнийн гэрэлд татагдан цугларсан шавжийг хөөж барих үедээ орон сууцны орц, айл өрхийн онгорхой цонхоор санамсаргүй орж ирэх тохиолдол байдаг бөгөөд энэ төрлийн дуудлага жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 6 жилийн бүртэглээр 60 орчим дуудлага ирсэн байна. Иймээс булаг, цөөрөм, голын ойролцоо амьдардаг иргэд цонхондоо хамгаалалтын тор суурилуулж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Хэрэв сарьсан багваахайн дуудлага өгөхөөр бол ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, дуудлага өгөх боломжтойг Нийслэлийн Байгаль Орчны Газраас зөвлөв.
-
Тод зураг2020/05/13
"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд ирүүлсэн бү...
-
Дэлхий нийтээр..2022/10/03
Морин хуурын чуулгад Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардууллаа
-
Дэлхий нийтээр..2022/09/28
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулахаар болов
-
Дэлхий нийтээр..2020/10/29
ЗГ: Уралдаанд 14 уран бүтээлч 36 бүтээлээ ирүүлжээ
