Үйл явдал
Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр” Төрийн ордонд болж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож үг хэллээ.
Засгийн газар “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, ногоон хөгжлийн чөлөөлөлт, авлигын эсрэг чөлөөлөлтийг ажил хэрэг болгохоор хариуцлагатай ажиллаж байгааг Ерөнхий сайд хэлээд Засгийн газар улс эх оронд тулгамдаад байгаа асуудлыг богино хугацаанд цаг алдалгүй шийдэж, үнийн өсөлт, ядуурал, ажилгүйдлийг бууруулж, хөдөлмөр эрхлэгчид болон бизнеснүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Засгийн газар эрүүл мэнд, боловсролын салбарын эмч, багш, ажилтнуудын цалинтай холбоотой үүсээд байсан асуудлыг шийдвэрлэснээр эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодтой байгуулсан салбарын хамтын хэлэлцээрээр тохирсон цалин нэмэгдүүлэх нөхцөлөө Засгийн газар биелүүлэх боломжтой болсон.
2026 онд хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүдэд өсөлт хадгалагдах эерэг төлөвтэй. 2026 онд ажиллагчдын тоог 20 мянган хүнээр нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд гарах эерэг өөрчлөлтийг хадгалахын тулд ажлын байр нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн эрх чөлөө олгох, ажиллагчдын хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах, нийгмийн түншлэлийг дэмжих чиглэлийг баримтлан зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзэл санааг хэрэгжүүлэх нь Засгийн газрын гол бодлого гэдгийг хэллээ.

Эдийн засаг, эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлтийг тууштай хэрэгжүүлж, төсвийн үргүй зардлыг хэмнэж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. Олон Засгийн газар дамжин шийдлээ хүлээсээр гацсан асуудлуудыг шийдвэрлэх суурь реформуудыг хийнэ. Тухайлбал, олон жил ярьсан Нийгмийн халамжийн шинэчлэлийг хийхээр Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэснийг онцлов.
Мөн Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийх, төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авдаг болох шударга зарчимд шилжих бодлого баримтална. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Тэтгэвэр ба нийгмийн даатгалын асуудлаар шинэчлэлийн багц арга хэмжээг удахгүй танилцуулна гэлээ.
Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг салбарын 30 гаруй хуулиар салангид ялгаатай зохицуулж байгааг өөрчилж, цалин хөлсний нэгдсэн бодлогоор зохицуулах зэрэг бодлогын чухал алхмуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын хэрэгцээнд нийцсэн ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх, хөгжүүлэх нь боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарын гол бодлого байх болно. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын оролцоо, дэмжлэг чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов.
МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 1-нд зохион байгуулсан “Нийгмийн шударга ёсны төлөөх эв санааны нэгдлийн жагсаал, цуглаан”-аас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шаардлагыг хүлээн авч, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, салбарын хэлэлцээрт анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Улсын хэлэлцээрийг 1999 оноос хойш хоёр жил тутамд буюу нийт 11 удаа байгуулжээ. 2022 оноос хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулж байна. 2023-2025 оны Улсын хэлэлцээрийн биелэлтийг өнгөрсөн онд дүгнэсэн бол өнөөдөр 2026-2028 оны шинэ хэлэлцээр байгуулах гэж байна.

2026-2028 оны Улсын хэлэлцээрт тусгасан нийгмийн даатгал, халамжийн шинэчлэл, цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлого, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар хамтарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд Н.Учрал илэрхийллээ.






Үйл явдал
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Үйл явдал
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





-
Үйл явдал2021/01/13
ЗГ: Pfizer, AstraZeneca, Moderna компаниудын вакциныг яаралтай журмаар бүртгэх з...
-
Дэлхий нийтээр..2021/04/15
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон ш...
-
Дэлхий нийтээр..2025/11/05
Б.Батбаатар: Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх үүрэг, а...
-
Тод зураг2020/06/03
Улсын хэмжээнд хаврын тариалалт 73,4 хувьтай байна
