Дэлхий нийтээр..
Ираны риалын ханш түүхэн доод түвшинд хүрч, эдийн засгийн дарамт нэмэгдэв
АНУ болон Ираны хоорондын зэвсэгт мөргөлдөөний дараах эмзэг гал зогсоох нөхцөл үргэлжилж буй энэ үед Ираны үндэсний мөнгөн тэмдэгт болох риалын ханш огцом суларч, түүхэн доод түвшинд хүрлээ.
2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нэг ам.доллар 1.8 сая риалтай тэнцэх хэмжээнд хүрсэн нь тус улсын эдийн засгийн нөхцөл байдал дордож буйг илтгэж байна.
Ираны риал өмнөх долоо хоногуудад харьцангуй тогтвортой байсан ч сүүлийн өдрүүдэд огцом уналт үзүүлсэн нь зах зээл дээр гадаад валютын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байгаа аж.
Эдийн засгийн энэхүү дарамтад АНУ-ын тэнгисийн хориг арга хэмжээ голлон нөлөөлж байгаа бөгөөд Ираны газрын тосны экспорт хязгаарлагдаж, гадаад валютын урсгал багассан байна.
Үүнтэй зэрэгцэн, Хормузын хоолойтой холбоотой хурцадмал байдал үргэлжилж, дэлхийн эрчим хүчний зах зээлд ч нөлөө үзүүлж байгаа юм.
Хэдийгээр гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр байгаа ч АНУ Ираны эсрэг эдийн засгийн дарамтаа үргэлжлүүлж, цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар хатуу байр суурь баримталж байгаа билээ.
Ираны эдийн засаг өмнөх жилүүдэд ч инфляц, валютын ханшийн савлагаанд өртөж байсан бөгөөд одоогийн нөхцөл байдал нь иргэдийн амьжиргаанд улам дарамт учруулж болзошгүйг ажиглагчид анхааруулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
Дэлхий нийтээр..
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
АНУ ухарсан уу: Хормузын бүс дэх завсарлага юу өгүүлж байна вэ
Ирантай холбоотой хурцадмал байдал намжаагүй энэ үед АНУ-ын цэргийн ажиллагаа сүүлийн өдрүүдэд саарч, зарим чиглэлд түр зогссон нь анхаарал татаж байна. Үүнтэй зэрэгцэн “АНУ ухарсан уу?” гэсэн асуулт олон нийтийн дунд гарч эхэллээ.
АНУ тавдугаар сарын эхнээс Хормузын хоолойд саатсан хөлөг онгоцуудыг хамгаалан нэвтрүүлэх ажиллагаа явуулсан. Энэ нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн чухал урсгалд үүссэн саатлыг арилгах зорилготой байв. Харин удалгүй уг ажиллагаагаа хэсэгчлэн саатуулж, хэлэлцээрт илүү анхаарах хандлага ажиглагдав.
Гэвч энэ өөрчлөлтийг шууд “ухралт” гэж дүгнэхэд эрт. АНУ бүс нутагт цэргийн хяналтаа хэвээр хадгалж, шаардлагатай тохиолдолд дарамтаа нэмэгдүүлэх боломжтой байр суурь баримталж байна. Өөрөөр хэлбэл, бүрэн зогсолт бус, тодорхой зорилготой завсарлага гэж ойлгож болно.
Хормузын хоолой бол дэлхийн нефтийн урсгалын гол зангилаа. Тус бүсээр дамжих нийлүүлэлтэд саад гарвал олон улсын зах зээлд шууд нөлөөлдөг. Иймээс АНУ-ын алхам зөвхөн цэргийн хүрээнд бус, эдийн засгийн томоохон үр дагавартай.
Нөгөө талд Иран энэ бүс дэх нөлөөгөө хадгалахыг эрмэлзэж, гадаадын цэргийн оролцоог эсэргүүцсээр байна. Энэ нь хэлэлцээрийг урагшлуулахад бэрхшээл учруулж, хоёр талын итгэлцлийг сул хэвээр байлгаж байна.
Одоогийн нөхцөл байдлыг ажиглавал, аль аль тал тодорхой хэмжээнд болгоомжтой байр суурь баримталж, хурцадмал байдлыг хэт өргөжүүлэхээс зайлсхийж буй дүр зураг ажиглагдана. Гэхдээ бүс нутагт эрсдэл бүрэн арилгагдаагүй хэвээр.
Ийнхүү АНУ-ын энэ алхам нь ухралт гэхээс илүүтэй нөхцөл байдлыг ажиглах, дараагийн шийдвэрт бэлтгэх завсарлага мэт харагдаж байна. Харин энэ завсарлага энхийн хэлэлцээнд хүргэх үү, эсвэл дараагийн хурцадмал үеийн өмнөх нам гүм байдал болох уу гэдэг нь ойрын өдрүүдэд тодорхой болох төлөвтэй.
-
Үйл явдал2023/03/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2024/07/02
Голын далангийн хоёр талаар ургасан мод бургасыг үлдээж, голдирол хааж, урсац са...
-
Дэлхий нийтээр..2022/03/04
Болгар Улс дахь олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс анх удаа оролц...
-
Үйл явдал2024/10/02
Хүлэрт намгийг хамгаалах төслийн нээлт болло
