Дэлхий нийтээр..
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт зочилж, “Зүрх судасны Үндэсний төв” байгуулах төслийн явцтай танилцлаа.
Төлөөлөгчдийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага хүлээн авч, эмнэлгийн үйл ажиллагаа болон төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм. Уг төсөл нь Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламжаар 2001 оноос эхэлсэн зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах таван үе шаттай хөтөлбөрийн үргэлжлэл бөгөөд 25 дахь жилдээ хэрэгжиж байна.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир Монгол Улсад зүрх судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болдгийг онцлоод, Монгол Улс, Люксембургийн хамтын ажиллагааны хүрээнд зүрх судасны тусламж үйлчилгээг эх орондоо өндөр түвшинд үзүүлэх боломж бүрдсэн талаар танилцууллаа. Мөн эмч, мэргэжилтнүүдийг олон улсын түвшинд чадавхжуулах, шинэ технологи нэвтрүүлэхэд уг хамтын ажиллагаа чухал нөлөө үзүүлж байгааг тэмдэглэв.
Сүүлийн таван жилийн хугацаанд тус эмнэлэг зүрх судасны 6500 гаруй хагалгааг дотооддоо хийснээр 39 тэрбум төгрөгийн валютын урсгалыг эх орондоо үлдээсэн байна. Энэ нь Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг болон Францын Страсбургийн их сургуулийн урт хугацааны дэмжлэгийн үр дүн гэдгийг онцолж байв.
Төслийн тав дахь шат болох “Зүрх судасны Үндэсний төв” байгуулах ажлыг 2025-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл, Люксембургийн Их Гүнт Улсын 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх бөгөөд 120 ортой эмнэлэг байгуулах юм.
Шинэ төв ашиглалтад орсноор зүрх судасны мэс засал, оношилгоо, яаралтай тусламж, сэргээн засах эмчилгээ зэрэг иж бүрэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэхээс гадна зүрх судасны өвчлөл буурахад чухал хувь нэмэр оруулах юм.
Люксембургийн парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас уг төсөл нь хоёр орны хамтын ажиллагааны чухал хэсэг болохыг онцолж, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, Люксембургийн парламентын гишүүд, хоёр улсын Элчин сайд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
-
Тод зураг2020/03/27
Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай
-
Үйл явдал2020/12/30
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2020.12.30/
-
Дэлхий нийтээр..2021/02/04
Цар тахлаас учирсан эдийн засгийн хохирлыг арилгах, сэргээх цогц төлөвлөгөө боло...
-
Тод зураг2020/03/10
ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлгээр суралцуу...
