Дэлхий нийтээр..
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар аж ахуйн нэгж, татвар төлөгч нь нийгмийн хариуцлагын хүрээнд олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хороо, паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэгийг албан татвараас хасаж, хөнгөлөхөөр заасан.
Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. дэх заалтад Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсөв болон Спортыг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх спортын төрөл ангиллыг сонгох, үндэсний шигшээ багийг бүрдүүлэхээр тус тус хуульчилжээ. Шинэ тутам эрчимтэй хөгжиж буйгаас гадна ирээдүйд амжилт үзүүлэх боломжтойд тооцогдох и-спортын төрөл нь үндэсний шигшээ багийн төрөлд багтах ч олимпын төрөлд ороогүй тул дээрх татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байгааг төсөл санаачлагч онцоллоо. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтад “Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1-д заасны дагуу бүрдүүлсэн үндэсний шигшээ баг, түүний харьяалагддаг спорт холбоо” гэх агуулгыг нэмэхээр хуулийн төсөлд тусгажээ.
Түүнчлэн и-спортын үндэсний шигшээ баг, түүнд бүртгэлтэй тамирчинд гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлогыг татвараас чөлөөлөх зохицуулалтыг дагалдах бусад хуулийн төслүүдэд тусгасан талаараа төсөл санаачлагч онцлов. Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд, залуучуудыг спортоор хичээллэхийг дэмжих, тив, дэлхийн томоохон тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн баг, тамирчдыг урамшуулах, дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээлд өрсөлдөх боломжоор хангах зэрэг ач холбогдолтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2025/12/11
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
-
Үйл явдал2022/02/09
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Үйл явдал2024/05/17
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
-
Үйл явдал2022/10/14
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
