Дэлхий нийтээр..
ЗГ: "Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги"-ийн төслийг хэлэлцэн дэмжив
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 24-нд болж дараах шийдвэрийг гаргав. "Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги"-ийн төслийн талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
"Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги"-ийн төсөлд тусгагдсан зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, үр дүнг "Монгол Улсыг2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-ийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Энэхүү стратегийн дөрвөн зорилт бүхий 13 арга замаар 66 арга хэмжээг 2026-2030 онд хоёр үе шаттай хэрэгжүүлж, хиймэл оюуны экосистемийг бүрдүүлэн уул уурхай, финтек, байгаль орчны салбаруудад хиймэл оюуны загвар хөгжүүлж, экспортлох, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн зэрэг дотоодын тэргүүлэх салбаруудад хиймэл оюуныг нэвтрүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулах, олон улсын дата төв байгуулах чиглэлээр хөрөнгө оруулагчдад ээлтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэн үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, Азид тэргүүлэгч 10 улсын нэг болох зорилго дэвшүүлжээ.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
