Дэлхий нийтээр..
Боловсролын салбарт технологид суурилсан бие даан суралцахуйд үе шаттай шилжих цахим шилжилтийг эхлүүлжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, боловсролын цахим шилжилтийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
Дэлхийн эдийн засгийн форумаас 2025 онд гаргасан тайлангаар 2030 он гэхэд одоогийн үйлдвэрлэл, бизнесийн 80 хүртэлх хувьд хиймэл оюун ухаан, автоматжуулалт нэвтэрч, хүний нөөцийн ур чадварын эрэлтэд томоохон хувьсал гарах төлөвтэй байна. Тухайлбал 2030 он гэхэд БНХАУ-ийн үйлдвэрлэл, бизнесийн 92 орчим хувьд хиймэл оюун ухаан, автоматжуулалт нэвтрэх бөгөөд энэ хэрээр зах зээлд хиймэл оюун ухаан, их өгөгдөл, VR, AR-ийн ур чадварын хэрэгцээ өсөж байна. Үүнийг дагаад боловсролд томоохон өөрчлөлт гарч байгаагийн нэг нь иргэдийн бие даан суралцахуйг дэмжсэн цахим боловсролын тогтолцоо илүү өргөн хүрээтэй хөгжиж байна.
Хөдөлмөрийн зах зээлд ойрмогхон гарах энэ өөрчлөлтөд Монгол Улсын боловсролын тогтолцоо хариу үзүүлэхийн тулд технологид суурилсан бие даан суралцахуйд үе шаттай шилжих цахим шилжилтийг эхлүүлээд байна. Энэ шилжилтийг хийхэд өндөр хурдны интэрнэт, ухаалаг төхөөрөмжийн хүртээмж, цахим сургалт, контентын нээлттэй сан, сургалтыг чиглүүлэх, дэмжих шинэ ур чадвартай багш, шинэчлэгдсэн сургалтын хөтөлбөр бэлэн болсон байх шаардлагатай. 2023 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлсэн Мэдлэ цахим сургалт энэ чиглэлээр Монгол Улсад төдийгүй дэлхийн зарим оронд сайн туршлага болж байна. Энэхүү сургалтыг Пакистан, Индонез зэрэг улсад хамтран нэвтрүүлэх саналыг эдгээр улсын Боловсролын яам болон Гүүгл компаниас ирүүлээд байна. Мэдлэ цахим сургалтад суурилан ерөнхий боловсролын цахим сургуулийг байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Боловсролын яам бэлтгэж буй ажээ.
2024-2025 оны хичээлийн жилд Мэдлэ цахим сургалтад аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 36,941 суралцагч хамрагдаж, сонгон судлах хичээлүүдээ судаллаа. Энэ туршлагаас харахад дээрх нөхцөл хангагдсан үед цахимд суурилсан бие даан суралцахуйг ерөнхий боловсролд амжилттай нэвтрүүлэх бүрэн боломжтой гэдгийг Боловсролын сайд танилцууллаа.
Тус яам хүүхэд залуучуудад бие даан суралцах, хиймэл оюун ухаан, технологийн ур чадварыг бага наснаас хөгжүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлээд байна. 2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын шинэчлэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ирэх хичээлийн жилээс ерөнхий боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг бага ангиас эхлэн үе шаттай хэрэгжүүлнэ гэлээ.
Цахим боловсрол нь багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилтийн үндсэн стратеги тул 2030 он гэхэд ерөнхий боловсролын дунд, ахлах анги, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролд үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
