Дэлхий нийтээр..
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага 2025 оны 07 дугаар сарын 28-аас 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53.581 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1.337 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 815 хэрэг шинээр нээж, 212 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Авлигын 2, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 1, Өмчлөх эрхийн эсрэг 37, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 1, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 1, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 87, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 71, Хүүхдийн эсрэг 1, Эрүүл мэндийн эсрэг 1, Эдийн засгийн 1 гэмт хэрэг тус тус байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал
- Нийслэлийн прокурорын газраас төрийн тусгай албан хаагчаар ажиллаж байсан Г.М нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёстой үйлдлээ хэрэгжүүлээгүй хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 (нотлох баримтыг устгасан), мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Нийтийн албан тушаалтан Д.О нь газар зохион байгуулагчаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 (нийтийн албан тушаалтан хахууль авах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine)-ны агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан иргэн Б.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- О.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ элчин сайдын яаманд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч Т.Н-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдаж, гэмтэл учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 (хууль сахиулагчийг эсэргүүцэх), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 29.7 дугаар зүйлийн 2 (Олон улсын хамгаалалтад байдаг хүнд халдах),
- Ж.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч Д.Х-д хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 (автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих),
-Ж.А, О.М нар нь бүлэглэн Сири Улсын болон Монгол Улсын иргэдийн тээврийн хэрэгслийг зогсоон, хохирогчдод хутга тулган хүч хэрэглэж хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 (зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Н.Э нь “Gem mall” худалдааны төвд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эхнэрээ хутгалж онц харгис, хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг нь хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 (онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Б.А нь насанд хүрээгүй хүүхдийн санхүүгийн эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж хүн худалдаалах), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан), мөн Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б-гийн цээж хэсэгт хутгалж амь насыг нь хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 (хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Чөлөөт бүс2026/06/08
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд х...
-
Дэлхий нийтээр..2022/10/11
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр нэмж зургаан компанийг бүртгэлээ
-
Тод зураг2019/10/16
Энэтхэгийн “ITEC" хөтөлбөрт Монголоос 3500 гаруй ажилтан хамрагджээ
-
Тод зураг2019/07/26
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
