Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургаадугаар сарын 30-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, усархаг аадар бороо орох тул, болзошгүй аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, уруйн үер, гол мөрний үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны зургаадугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 26-31 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үдээс өмнө үүлэрхэг. Үдээс хойш үүл багасна. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.
2025 оны долоодугаар сарын 01-нээс 5-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Долоодугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. Хугацааны сүүлээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Үйл явдал
Монголбанкны нэрэмжит уралдааны шилдэг залуу судлаачид тодорлоо
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах “Залуу судлаач” уралдаан амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа. Уламжлал болсон энэхүү уралдаанд өмнөх жилүүдэд дунджаар 20–45 судлаачийн бүтээл ирдэг байсан бол энэ жил 200 гаруй судлаач 79 судалгааны бүтээлээ ирүүлж, эцсийн шатанд 7 бүтээл шалгарч, шүүгчдийн өмнө бүтээлээ танилцуулсан юм. Залуу судлаачид нийгэм, цаг үеийн тулгамдсан асуудлыг оновчтой дүгнэж, гарах үр дагаврыг нарийн тооцоолон, шийдвэрлэх арга замыг ч хамтад нь эрэлхийлж байгаагийн дээр бодит өгөгдөлд тулгуурласан судалгааны шинэ арга зүйг ашиглан судалгаагаа хийж байгааг шүүгчид онцлон сайшаав.

Монголбанкны дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан тус уралдааны шилдэг бүтээлийг шалгаруулах арга хэмжээг Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нээж үг хэлэхдээ, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах энэхүү уралдаан бол банк санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцдаг оюутнуудын хувьд томоохон шалгуур, бас тэдний оролцохыг хүсдэг уралдаануудын нэг. Энэ уралдаанд оролцсон оюутнуудын дундаас Төв банканд ажиллаж байгаа хүмүүс ч цөөнгүй бий. “Залуу судлаач” уралдаан жилээс жилд улам өргөжин тэлж байгаад баяртай байна гэв. Харин Монголбанкны дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнгийн захирал Х.Анхсүрэн ‘Залуу судлаач’ шилдэг бүтээлийн уралдаан бол цөөн хүний хооронд өрсөлдөх тэмцээн бус, харин эдийн засаг, статистик, санхүүгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй оюутан, залуусыг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулах үйл явцад оролцох боломжийг нь нэмэгдүүлэх, ирээдүйн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн Монголбанкны хүний нөөцийн бодлогын нэг чухал хэсэг юм хэмээн онцоллоо.

Шилдэг бүтээлүүдээс дурдвал, “Зэсийн үнийн шокийн Монгол Улсын инфляцад үзүүлэх хугацааны өөрчлөлттэй нөлөө: Валютын ханш ба мөнгөний бодлогын дамжих сувгийг TVP-VAR-SV загвараар шинжлэх нь” сэдэвт бүтээлээрээ Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн оюутан М.Давааням, Б.Эрдэнэ-Очир, Б. Насанбуян нар шалгарч, цом, мөнгөн шагналаар шагнууллаа. Хоёрдугаар байранд “Мэдээллийн шок ба төгрөгийн ханшийн богино хугацааны динамик: GDELT өгөгдөлд суурилсан эмпирик шинжилгээ” бүтээлээрээ МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан Ц.Номиндарь, Г. Намуунцэцэг нар, гуравдугаар байранд “Динамик багц удирдлагын асуудлыг агент сургалт буюу хиймэл оюун ухаан ашиглан шийдэх нь: Дифференциал гүйцэтгэлийн хэмжүүр ашиглах нь” бүтээлээрээ Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн оюутан Ш.Түшиг, Б.Төгсбилэг, А.Энхдэлгэр нар тус тус эхний гурван байрт шалгарсан бол Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн оюутан Л.Пүрэвжав “Монгол Улсын уул уурхайн бус экспортын төрөлжилтийн боломжийн бүтээгдэхүүний түвшний шинжилгээ” бүтээлээрээ тусгай байранд шалгарлаа. Мөн энэхүү уралдаанд амжилттай оролцсон зургаан оюутан Монголбанканд дадлага хийх батламж гардан авлаа.





Үйл явдал
Нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж, хамгаалж үлдэнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд хэрэгжих “Нутагтаа эзэн-100:1000” төслийн нээлтийн үеэр төслийн хүрэх үр дүнгийн талаар онцоллоо.
Тухайлбал, Мал аж ахуйн салбарт бэлчээрийн даац хэтэрч, малын ашиг шим буурснаас отор нүүдэл хийхээс өөр аргагүй болсон, малын өвчлөл нэмэгдсэн гээд шийдэх ёстой олон асуудал хуримтлагдсан. Өнгөрсөн хугацаанд эдгээр асуудлыг нэг нэгээр нь шийдэх гэж явдаг байсан бол одоо цогцоор нь шийдэхийн тулд энэ төслийг хэрэгжүүлэх гэж байна.
Энэ бол амьдрал, практик дээр хэрэгжээд бодитой үр дүн нь гарсан төсөл. Үүнийг улсын хэмжээнд мал аж ахуйн салбарт нэвтрүүлье гэдэг том зорилго тавьж байгаа. Төсөл хэрэгжих аймаг, сум, багийн Засаг дарга нар орон нутагтаа малчдаа зөв удирдаж, манлайлан ажиллаасай гэж хүсэж байна.
“Нутагтаа эзэн 100:1000” төсөл эдийн засаг, нийгмийн олон чухал үр өгөөжийг авчирна. Малын эрүүл мэнд, чанарт ахиц гарч, малын ашиг шим сайжирснаар малчин өрхийн орлого нэмэгдэнэ, залуус өсөж төрсөн нутагтаа нүүдлийн мал аж ахуйгаа эрхлэн аж төрөх хүсэл сонирхол сэргэнэ. Байгаль, цаг уурын эрхшээлд бус өөрсдийн хөдөлмөр, зүтгэлийн үр шимээр тогтвортой мал аж ахуй эрхлэх боломж бүрдэнэ.
Ирэх намар есдүгээр сарын 15 гэхэд энэ төслийн эхний үр дүн гарна. Дараа жилийн хавар бид төсөл хэрэгжих 17 аймаг, 25 багийн тоог 160 баг болгож нэмэгдүүлнэ. Цаашид улсын хэмжээнд 1000 багт хэрэгжүүлнэ. Ингэж чадвал мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт том ахиц гарна. Малын ашиг шим, түүхий эдийн чанарт дэвшил гарна. Эцсийн дүнд нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж, хамгаалж үлдэнэ.
Тиймээс энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас багийн Засаг дарга хүртэл нэгэн сэтгэлээр хамтарч ажиллаж гэж уриалж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Үйл явдал
Азийн хөгжлийн банктай аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгчийн үүргийг түр орлогч Чандра Мохан Ароротой уулзаж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар хэлэлцэв.
Энэ үеэр салбарын яамнаас Монгол Улсын Засгийн газрын аялал жуулчлалын бодлого, хэрэгжилтийн үр дүнг танилцуулж, 2025 онд Монгол Улс 846 мянган гадаадын жуулчин хүлээн авч, 1.6 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлснийг онцлон дурдав.
Мөн дотоодын 1.3 сая жуулчны урсгал 400 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт бий болгосныг мэдээллээ. Цаашид энэхүү өсөлтийг хадгалж, 2030 он гэхэд гадаадын жуулчдын тоог 2 саяд, салбарын экспортын орлогыг 4 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд ажиллаж байгааг танилцуулав.
Түүнчлэн АХБ-ны 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт 70 гаруй хувьтай үргэлжилж байгааг дурдлаа. Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх сум, Хэнтий аймгийн Дадал суманд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлыг энэ онд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Мөн 2026 онд ашиглалтад орох “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын хүрээнд байгуулах “Дижитал музей”-н төслийн талаар санал солилцов.
Уг төсөл нь Монголын түүх, нүүдлийн соёл иргэншлийг орчин үеийн технологийн шийдлээр олон улсад сурталчлах, музейн менежментийг олон улсын жишигт нийцүүлэхэд чиглэж байгааг талууд онцоллоо.
Үүний зэрэгцээ Засгийн газраас баталсан 12 аймгийн 17 аялал жуулчлалын бүсэд “Тогтвортой аялал жуулчлалын төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлаар албан ёсны хүсэлтийг Сангийн яамаар дамжуулан хүргүүлэхээр тохиролцов.
Уулзалтын төгсгөлд талууд аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт, хөгжлийн төслүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, түншлэлийн хүрээг цаашид өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
-
Үйл явдал2025/01/27
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Хэн юу хэлэв...2022/02/10
Г.Очбаяр: Нийслэл хүрээнээс өнөөг хүртэл хадгалсан 24 дурсгал бий
-
Дэлхий нийтээр..2025/07/21
“Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг Монгол Улс анх удаа тэмдэглэлээ
-
Дэлхий нийтээр..2025/10/28
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг ЗТЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл ...
