Тод мэдээ
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны зургаадугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Уг хуулийн төслийн зорилго нь нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийн эрхийг хамгаалж, урамшуулал, дэмжлэгийн тогтолцоонд хамруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлахгүй байж, хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино гэж хууль санаачлагчид тодотгов. Өөрөөр хэлбэл олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд урамшуулал олгох шалгуурыг багасгах буюу хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн үйлчлэх хүрээ буюу 3.1.1-д заасан “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд, гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхэд хамаарна гэж заасан. Хуулийн уг зохицуулалтын дагуу зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгодог. Дээрх зохицуулалтаар урамшуулал авах болзолд “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх”, “нас барсан хүүхэд нь нэг ба түүнээс дээш настай байх” зэрэг нөхцөл тавигдаж байгаа нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийг зөрчиж, хүүхдийг насаар нь ялгаварлан гадуурхах нөхцөл бүрдүүлсэн гэж хууль санаачлагчид үзжээ.
Хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь хүний эрхэм чанарыг хүндэтгэх төрийн үүргийг хангахаас эхэлнэ гэж УИХ-ын гишүүд тодотгоод, эдгээр шаардлагуудыг хасахаар хуулийн төсөлд тусгаснаа тэмдэглэв. Ингэснээр уг хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд, тухайн үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, нас барсан хүүхдийг хамруулахаар эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллэв
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.
Тод мэдээ
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ
-
Тод мэдээ2019/09/05
Ж.Мөнх-Эрдэнэ: Газар хөдлөлтөд тэсвэргүй 354 барилга байгаагаас 234-ийг нь ашигл...
-
Тод мэдээ2022/03/25
РЦНК орчимд зөвшөөрөлгүй татсан хашааг буулгалаа
-
Тод зураг2019/10/29
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Тод мэдээ2020/07/16
Хэсгийн мөрдөгч, цагдаа нар дөрвөн хүүхдийн амь насыг аварлаа