Дэлхий нийтээр..
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
Форумд Монгол Улсын Шадар сайд, Монгол-Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Узбекистаны Шадар сайд Жамшид Ходжаев, Уул уурхай, геологийн сайд Б.Исламов, Худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын орлогч сайд И.Касимов нарын албаны төлөөлөгч оролцлоо.
С.Амарсайхан “Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж бүрдсэн тухай онцлон тэмдэглэж, “Монгол, Узбекистаны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, тээвэр ложистик, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа бодит ажил хэрэг болон эрчимжиж байна” хэмээн мэдэгдэв.

Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнд хоёр орны худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх зорилт тавьж, Улаанбаатар болон Ташкент хотод худалдааны төв байгуулахаар тохиролцсон нь стратегийн чухал алхам болсныг дурдав.
Форумын үеэр хоёр тал Ташкент-Бишкек-Өрөмч-Улаанбаатар чиглэлийн авто коридорыг ашиглах, Улаанбаатар-Ташкент хооронд шууд нислэг нээх, Узбекистанаас хүнсний ногоо, жимс жимсгэнэ импортлох, Монголоос мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир экспортлох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо. Мөн Улаанбаатар хотноо “Узбекистаны худалдааны төв”-ийг ёслол төгөлдөр нээж, бизнес эрхлэгчдийн шууд харилцааг дэмжих шинэ боломж бүрдэв.
Монголд одоогийн байдлаар Узбекистаны хөрөнгө оруулалттай 24 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид энэ тоо өсөн нэмэгдэх төлөвтэй байна. Форумын төгсгөлд талууд 2024-2026 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбар дахь хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдал, тээвэр ложистикийн саад бэрхшээлийг хамтран шийдвэрлэхээр санал нэгдлээ.




Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2020/06/27
Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 9 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
-
Дэлхий нийтээр..2024/04/16
Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан хашаа...
-
Дэлхий нийтээр..2021/12/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2023/10/02
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
