Дэлхий нийтээр..
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд “Монгол-Туркменистаны бизнес форум” боллоо.
Талууд Монгол, Туркменистаны эдийн засгийн өнөөгийн байдал, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны талаар харилцан мэдээлэл солилцож, хүнс, хөдөө аж ахуй, нэхмэл, сүлжмэл эдлэл зэрэг салбарт хамтрах өргөн боломж байгаа гэдэгт санал нэгдлээ.
Туркменистаны тал уламжлалт хивс болон гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулсан бол манай хивс, нэхмэлийн үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ толилуулж, технологи, дизайн, түүхий эдийн сонголт зэргийн талаар туршлага солилцлоо.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд B2B уулзалт хийж, худалдаа, хөрөнгө оруулалт болон хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Форум нь бизнес эрхлэгчид шууд харилцаа, холбоо тогтоох, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг тавихад чухал алхам боллоо.
Туркменистан нь Хятад, Орос, Иран, Турк зэрэг дэлхийн 100 гаруй оронтой худалдаа хийдэг. Экспортын хэмжээ 12.7 тэрбум, импорт 7.3 тэрбум ам.доллар. Байгалийн хий, нефть, нефтийн бүтээгдэхүүн, үр тариа, хивс, хивсэн бүтээгдэхүүн экспортолж, машин механизм, хүнс, эм, эмийн төрлийн бүтээгдэхүүн импортоор авдаг байна.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2025/07/28
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд ду...
-
Хэн юу хэлэв...2023/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон ...
-
Дэлхий нийтээр..2022/08/16
Дадлага сургуулиар харилцан туршлага солилцов
-
Дэлхий нийтээр..2024/04/12
Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардла...

