Дэлхий нийтээр..
ТББХ: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох зохицуулалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 03 дугаар дүгнэлт гаргасан юм.
Улсын Их Хурал уг дүгнэлтийг хэлэлцээд 2025 оын 03 дугаар сарын 27-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг баталсан билээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дэх хэсэгт “Хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна.” гэж, мөн зүйлийн 84.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 84.3-т заасан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.” гэж заасан тул Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан, УИХ-ын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
Ажлын хэсэг 3 удаа хуралдсан бөгөөд боловсруулсан хуулийн төслийн талаар тус ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг буюу Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй байх агуулгатай хэсгийг хүчингүй болсонд тооцохоор хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийн Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон тус хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй байх зохицуулалтыг аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор зохион байгуулсан уулзалт болон тус хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй байхаар өөрчлөхөөр хуулийн төсөл боловсрууллаа хэмээн танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан болно. Тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтад заасан “эд зүйл тараах” гэсэнд хийсэн ажлын цахим тайлан хамаарахааргүй байна ажлын хэсэг үзсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Зулпхар, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44.6-д “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж заасан. Энэ зүйл дэх УИХ-ын гишүүн гэснийг аливаа этгээд гэж өргөжүүлэн дээрх эрхийг олгохоор хуулийн төсөлд тусгажээ гэж ойлгож байна. Аливаа этгээд гээд өргөжүүлэхээр сонгуулийн жил эхлэнгүүт сонгуулийн кампанит ажил эхлэх эрсдэл үүсэхгүй юу хэмээн лавласан.
Ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт хоёр агуулгатай байгаа. Сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа хүртэл УИХ-ын гишүүн тайлангийн хэвлэмэл материал тарааж болох заалт нь УИХ-ын гишүүдэд давуу байдлыг олгосон байна гэж үзсэн. Мөн хурал, уулзалт, цуглаан хийх нь зөвхөн гишүүдэд хамаатай байх нь Үндсэн хуулийн тэгш байх, албан тушаалаар нь ялгаварлахгүй байх зарчмыг зөрчсөн байна гэсэн утгатай дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан.
Ажлын хэсгийн гишүүд хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдвал нэгдүгээрт, сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа хүртэлх хугацаанд аливаа этгээд хурал, уулзалт, цуглаан хийх эрх нээлттэй болно. УИХ-ын гишүүн гэж хуульд заасан байсныг аливаа этгээд болгосон бөгөөд үүнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, жирийн иргэн ч хамаарна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн гол агуулга нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн заалт хэн нэгэнд давуу байдлыг бий болгоод байна гэж үзсэнд байгаа юм. Тэгэхээр бүгд сонгуулийг тэгш гараанаас эхэлж, бүгд эрх тэгш байхын үүднээс бүгдэд уулзалт, хурал, цуглаан хийх эрхийг нээж өгөхөөр хуулийн төсөлд тусгасан.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил. Энэ хугацаандаа гишүүд ажлаа тайлагнах, төр, засгийн бодлого шийдвэрийг танилцуулах үүрэгтэй. Тэгэхээр салбарынхаа ажлыг, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг тэрхүү хурал, уулзалтын үеэр ярих нь зүйтэй гэж үзсэн. Зөвхөн УИХ-ын гишүүн уулзалт зохион байгуулж ажлаа ярьж болдог, жирийн иргэнд хаалттай байж болохгүй юм. Тиймээс ажлын хэсэг аливаа тайлан, уулзалт, хурал цуглааныг сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа хүртэл нээгээд, хэвлэмэл материалыг энэ хугацаанд хориглож байгаа юм. Учир нь ажлын тайлангаа гэдэг нэрийн доор төсвийн санхүүжилтээр олон зуун хуудастай тайлангийн сэтгүүл гаргадаг. Энэ нь УИХ-ын гишүүдэд жирийн иргэдээс давуу байдлыг бий болгохоос гадна далд сурталчилгаа явагдаж байна, нөгөө талаар тайлан хэвлүүлж тараахад төсвийн мөнгө зарцуулж байна гэж үзсэн. Тийм учраас хэвлэмэл материал тараахыг сонгуулийн жил эхэлснээс хойш бүгдэд хаалттай болгож, уулзалт, хурал, цуглааныг нээлттэй хэвээр үлдээхээр тусгасан.
Ажлын тайлан, салбарын тайлангаа цахимаар танилцуулаад тайлагнах нь нээлттэй байхаар оруулж өгснөөр бүгд эрх тэгш байх, төсвийг хэмнэх үр ашигтайгаас гадна Үндсэн хуулийн агуулга ч хангагдана гэж үзсэн гэсэн хариулт өгсөн.
Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэн гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүдээс хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй хамтатган явуулж батлах горимын саналыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дэлхий нийтээр..
Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлнэ
Европын холбоо ОХУ-ын эдийн засагт үзүүлэх хориг арга хэмжээний дарамтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас Кипрт болсон тус холбооны Батлан хамгаалахын сайд нарын албан бус уулзалтын дараа мэдэгдэхдээ, Оросын Украины эсрэг дайныг дэмжиж буй дахин 80 байгууллага, хувь хүнд шинэ хязгаарлалт тавих асуудлыг хэлэлцэж байгааг онцолжээ.
Түүний хэлснээр, шинээр санал болгож буй жагсаалтад ОХУ-ын “цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор”, хүний эрх зөрчигчид болон суртал ухуулга явуулагчид багтаж байна.
Кая Калласын мэдээлснээр, Барууны орнуудын хориг арга хэмжээ ОХУ-д одоогоор 1.2-1.5 их наяд ам.долларын хохирол учруулаад байгаа аж. Тэрбээр “Орос мөнгө, хүн хүч, давшилтын эрчээ алдаж байна. Тиймээс л Украины энгийн иргэд рүү хийх халдлагаа нэмэгдүүлж байна” гэж мэдэгджээ.
Мөн Европын холбооны сайд нар Украинд зэвсэг нийлүүлсэн улс орнуудад нөхөн төлбөр олгох зорилготой 6.6 тэрбум еврогийн сангийн ирээдүйн талаар хэлэлцсэн байна. Уг сангийн асуудлыг Унгар өмнө нь эсэргүүцэж байсан ч одоо эсэргүүцлээ татахаа холбоотнууддаа мэдэгджээ.
Кая Каллас энэ хөрөнгийг зөвхөн өмнө нь нийлүүлсэн зэвсгийн нөхөн төлбөрт бус, хамтарсан зэвсэг худалдан авалт болон Европын холбооны цэргийн тусламжийг санхүүжүүлэхэд ашиглах санал гаргасан байна.
Европын холбоо АНУ-ын байр суурь суларсан энэ үед Москвагийн эсрэг дарамтаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Гуравдугаар сард тус холбоо 2,600 орчим хувь хүн, байгууллагад чиглэсэн хориг арга хэмжээг сунгаж, хөрөнгө царцаах болон зорчих эрх хязгаарлах шийдвэрээ үргэлжлүүлсэн юм.
Энэ үеэр ОХУ Украинд халдлагаа үргэлжлүүлсээр байна. Даваа гарагийн өглөө Оросын халдлагын улмаас Украины Запорожье мужид таван хүн амиа алдаж, 14 хүн шархадсан талаар орон нутгийн захирагч Иван Федоров мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй нүүр тулсан уулзалт хийх санал гаргасан ч Кая Калласын хэлснээр, Оростой хэлэлцээ эхлүүлэх цаг хараахан болоогүй байна.
Тэрбээр Оросыг бодитоор хэлэлцээ хийх нөхцөл байдалд хүргэхийн тулд стратегийн тэвчээр хэрэгтэй гэж мэдэгдлээ.
Дэлхий нийтээр..
Пашиняны нам ялсан ч Арменийн гадаад бодлогын чиглэл тодорхойгүй хэвээр байна
Арменийн Ерөнхий сайд Никол Пашиняны тэргүүлдэг эрх баригч “Иргэний гэрээ” нам парламентын сонгуульд ялалт байгуулсан ч санал хураалтын дүн тус улсын цаашдын гадаад бодлогын чиглэлийг шууд нэг мөр дүгнэхэд төвөгтэй болгож байна.
Арменийн Сонгуулийн төв комиссын даваа гарагт мэдээлснээр, Пашиняны “Иргэний гэрээ” нам 49.81 хувийн санал авчээ. Энэ нь түүнийг Оростой ойр байр суурьтай сөрөг хүчний “Хүчирхэг Армени” намаас илт давуу гаргасан ч Оросоос зай барих бодлогоо бүрэн баталгаажуулах, Азербайжантай урт хугацааны энхийн хэлэлцээр байгуулахад шаардлагатай хүчтэй мандат хангалттай эсэх нь тодорхойгүй байна.
Пашинян урьдчилсан дүн гарсны дараа ялалтаа зарласан ч парламент дахь суудлын эцсийн хуваарилалт хараахан тодорхой болоогүй байна. Жижиг намууд парламентад суудал авахын тулд дөрвөн хувийн босго давах ёстой бөгөөд одоогийн байдлаар Пашиняны нам Үндсэн хуулийн өөрчлөлт хийхэд шаардлагатай гуравны хоёрын олонх авах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
Энэ удаагийн сонгуулийг Арменийн гадаад бодлогын чиг баримжааг тодорхойлох санал хураалт гэж олон улсын ажиглагчид үзэж байв. Пашинян сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Азербайжантай энх тайван тогтоох, Турктэй харилцаагаа хэвийн болгох, Европын холбоотой харилцаагаа бэхжүүлэх амлалт өгсөн.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп санал хураалтаас өмнө Пашиняныг дэмжиж буйгаа илэрхийлж, Армени, Азербайжаныг хэлэлцээний ширээнд ойртуулах хүчин чармайлтаа онцолсон байна. Боломжит хэлэлцээрийн нэг хэсэгт Армениар дамжих тээврийн коридорт АНУ онцгой эрхтэй оролцох тухай асуудал багтаж байгаа бөгөөд үүнийг “Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн Трампын маршрут” буюу TRIPP гэж нэрлэжээ.
Гэвч Арменийн Баруун руу чиглэсэн бодлого Оросын дургүйцлийг төрүүлж байна. Сонгуулийн өмнөхөн Москва Арменийн зарим бараа бүтээгдэхүүн, тухайлбал шинэ жимс, цэцэг, согтууруулах ундаанд импортын хориг тавьсан. Энэ нь Брюссель, Вашингтонтой харилцаагаа бэхжүүлэх нь тодорхой өртөг дагуулна гэсэн дохио гэж ажиглагчид үзэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Арменийн ард түмэнтэй “онцгой харилцаатай” гэдгээ тэмдэглэхийн зэрэгцээ Европын холбоотой ойртох замын талаар анхааруулсан өнгө аястай мэдэгдэл хийжээ. Тэрбээр Украины жишээг дурдан, Европын интеграц руу чиглэсэн алхам бүс нутгийн хурцадмал байдалд хүргэж болзошгүй гэсэн санаа илэрхийлсэн байна.
Армени сүүлийн жилүүдэд Оросын нөлөөний бүсээс аажмаар холдож эхэлсэн. Энэ үйл явц 2023 онд Азербайжан Уулын Карабахыг эргүүлэн авах цэргийн ажиллагаа явуулсны дараа улам эрчимжсэн юм. Тухайн үед 100 мянга гаруй армени угсаатан нүүлгэн шилжиж, Ереван Оросыг аюулгүй байдлын баталгаа болж чадсангүй гэж үзэн, Орос тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад оролцохоо царцаасан.
Сүүлийн саруудад Пашинян Европын холбоотой харилцаагаа гүнзгийрүүлж, тус холбоонд ойртох шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Мөн Армени улс Европын холбоо–Арменийн анхны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг хүлээн авсан нь Кремлийн бухимдлыг нэмэгдүүлжээ.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Оросын зүгээс Арменийн бүтээгдэхүүнд тавьсан эдийн засгийн хязгаарлалтыг “эдийн засгийн шахалт” гэж тодорхойлж, Европын холбоо Арменийг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн байна.
Гэсэн ч Пашинян Оростой харилцаагаа бүрэн таслах бус, тэнцвэртэй бодлого баримтлахыг эрмэлзэж байна. Тэрбээр дөрөвдүгээр сард Москвад айлчилж, Владимир Путинтэй уулзсан бол зургаадугаар сарын 1-нд төрсөн өдрөөрөө ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ.
Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар Арменийн Европтой илүү ойртох зам амаргүй байх төлөвтэй. Оросын дарамт нь Арменийн сонгогчдыг автоматаар Европ руу түлхэнэ гэж үзэх нь хэтэрхий хялбар дүгнэлт бөгөөд Европын бодит дэмжлэгийн үр дүн одоогоор бүрэн мэдрэгдээгүй байна гэж зарим судлаач онцолжээ.
Пашинян Азербайжантай байгуулах урт хугацааны энхийн хэлэлцээрийн хүрээнд шаардагдаж болзошгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн урагшлуулах нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.
Тэрбээр даваа гарагийн өглөө хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Арменийн иргэд “бүс нутгийн хөгжил цэцэглэлт, хамтын ажиллагааны төлөө саналаа өглөө” гэж мэдэгдээд, Турк болон Азербайжанаас эерэг хариу ирнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Харин Пашиняны Оростой ойр байр суурьтай өрсөлдөгчид сонгуулийн дүнг эсэргүүцэж, санал хураалтын үеэр олон зөрчил гарсан гэж мэдэгдсэн байна. Сөрөг хүчин сонгуулийн дүнд бодитой сорилт үүсгэж чадах эсэх нь Арменийн ойрын өдрүүдийн улс төрийн гол асуулт болж байна.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
-
Дэлхий нийтээр..2021/03/05
Монголбанк 2021 оны 2 дугаар сард 643.5 кг үнэт металл худалдан авлаа
-
Дэлхий нийтээр..2024/10/10
Амралтын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ
-
Үйл явдал2024/11/14
Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.2 хувиар буурчээ
-
Үйл явдал2020/07/28
ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ
