Хэн юу хэлэв...
Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсов
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн хуралдааны эхэнд сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэж үзэж байгаа асуудлын талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг нээлттэйгээр сонслоо.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулсан. Тэрбээр прокурорын байгууллагаас 2025 оны 03 дугаар сарын 19, 20, 24-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу цагдаагийн байгууллагад шалгаж буй гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлтийн дугаар хэрэгт олгосон нийтэд мэдээлэл өгөх зөвшөөрлийн хүрээнд мэдээлэл өгч буйг онцоллоо.
Мөн Монгол Улсын нэр бүхий иргэд нь цахим орчинд ашиг олох зорилгоор покер платформ, мэдээллийн технологи, бусдын арилжааны банкны дансыг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан мөрийтэй тоглоом тоглохыг иргэдэд сурталчлан зохион байгуулж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч улмаар бизнесийн үйл ажиллагаа явуулах, мөнгө угаасан гэмт хэрэгт 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар “Ноорог.мн” сайтад ажилладаг нэг иргэний арилжааны банкны дансуудаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж 85544 удаагийн үйлдлээр нийт 9.2 тэрбум төгрөг, 9430 ам. долларын нийт 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн тус тус нөхцөл байдал урьдчилан тогтоогдсон байна. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн нотлох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.
Түүнчлэн цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр…дугаарын утаснаас тэдэн настай эмэгтэй гэртээ боомилсон байдалтай нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсээс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хамтран амьдрагчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэв.
Салбарын сайд мэдээлэлдээ, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Танайх ажлаа хийдэг юм уу, “Ноорог” гэх фэйсбүүк пэйж хуудаснаас худал мэдээлэл их оруулах юм. Худал мэдээллээс болж хүмүүс амиа хорлох оролдлого хийсэн” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл ирүүлснийг цахимаар хүлээн авч, цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн бүртгэлд оруулан шуурхай шалгах шаардлага үүсгэж, хойшлуулшгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт харилцаа холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдэж, тус дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ноорог Креатив Студио” компанийн оффист хойшлуулшгүй тохиолдолд хэргийн газрын үзлэг хийсэн. Хураан авсан эд зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 3,5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар үзлэг хийхэд, хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг баримт мэдээлэл илэрч, тухайн мэдээллүүд нь гэмт хэргийн шинжтэй болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул сэжигтэн нэр бүхий иргэдийг хойшлуулшгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол үйлдэн, нийслэлийн прокурорын газарт танилцуулахад тус тогтоолыг хүлээн авахаас татгалзсан. Дээрх гомдол, мэдээлэл хэрэгт явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан бөгөөд “Ноорог Креатив Студио” компанитай холбоотой хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хөндөөгүй, контент бичлэг түүний агуулгатай холбоогүй болно. Одоо “Ноорог Креатив Студио” компанийн нэр бүхий ажилчидтай холбоотой нэг гомдол мэдээлэл, 2 хэрэг бүртгэлтийн хэргийг хуулийн хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоох чиглэлээр прокурорын хяналтад холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэсэн прокурорын зөвшөөрлийн хүрээн дэх цагдаагийн газрын албан ёсны мэдээллээс онцлон тэмдэглэв.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Ганбат, С.Эрдэнэболд, Г.Уянгахишиг, Х.Баасанжаргал, Г.Дамдинням, Н.Алтанхуяг, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ц.Сандаг-Очир, О.Цогтгэрэл нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хууль бус мөрийтэй тоглоомын асуудалд Засгийн газар бодлогоо боловсруулаад Улсын Их Хурлаар хэрхэн хэлэлцүүлэх гэж буйг тодруулахын зэрэгцээ энэ асуудалд Хууль зүй, дотоод хэргийн яам онцгойлон анхаарах шаардлагатайг, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат шүүхээр гэм бурууг нь нотлоогүй байхад албан журмаар авсан мэдээллийг олон нийтэд дамжуулсан шалтгаан, Үндсэн хуульд заасан хүний эрхтэй холбоотой зүйл, заалтын хэрэгжилт ухарсан нөхцөл байдлыг тодрууллаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд энэ хэрэгтэй холбогдуулан өнөөдрийн байдлаар хуулийн хэчнээн зүйл, заалтаар буруутгасан мэдээлэл гарсан, салбарын сайд хүний эрхийг хангахад хэрхэн анхаарч ажилласан талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, 03 дугаар сарын 17-ны өдөр ямар гомдлын дагуу хойшлуулшгүй ажиллагааг явуулсан, шөнийн цагаар байцаалт явуулах шаардлага байсан эсэх, уг асуудалтай холбоотойгоор хүний эрх зөрчигдсөн эсэхийг лавлаж байлаа.
Мөн гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, П.Сайнзориг, Д.Ганбат, С.Эрдэнэболд, Г.Дамдинням, Ч.Лодойсамбуу, Д.Цогтбаатар нар үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, асуудалд нийгмийн талцлыг өдөөлгүй хариуцлагатай хандахыг онцлоод процессын хувьд ойлгомжгүй, тодорхойгүй зүйл байгаад салбарын сайд цагдаагийн байгууллагын алба хаагчдынхаа ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах, мөн Улсын Их Хурлын гишүүд ард түмний элч төлөөлөгчийн хувьд нэг асуудлыг дагаад сошиал дээр худал мэдээлэл цацдаг энэ байдалд анхаарч, хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай байна гэж байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, бид нэг хэрэг ярилцаад сууж байгаа юм биш, Улсын Их Хурал хүний эрхийн тухай хуулийнхаа хэрэгжилтийг нэхээд энэ мэдээллийг сонсож байна гэв. Цаашид шалгагдаж буй гэмт хэргийн мэдээлэл задардаг байдлыг таслан зогсоох, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа бол холбогдох хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлбэл бид хэлэлцэн дэмжихэд бэлэн гэсэн байр суурийг илэрхийлэв.
Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар үг хэлсэн. Тэрбээр, өнөөдрийн мэдээлэл “Ноорог.mn” сайттай холбоотой хэргийн талаар бус Үндсэн хуульд заасан хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө гэсэн том агуулгыг хөндөж, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлд танилцуулж, дэмжлэг аван хэлэлцүүлж байгааг тодотгоод Улсын Их Хурал хүний эрхийн асуудалд хяналтаа тавьсаар байх болно гэдгийг онцолсон. Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссыг мөрдөн байцаах ажиллагаанд оруулдаг болох хуулийн төслийг санаачилж байгаагаа дурдаад цагдаагийн байгууллага тус газраас хураан авсан компьютер, эд зүйлийг шалгаад буцаахдаа тэндээс нэг ч баримт гээхгүй байхыг онцгойлон анхааруулсан юм.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






Хэн юу хэлэв...
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ
Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.
Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.
Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.
О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав.
Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ой энэ онд тохиож байгааг Ерөнхийлөгч онцолж, Монгол Улсын олон талт системд итгэх итгэл ямагт НҮБ-д түшиглэж ирснийг тэмдэглэлээ.
Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэвшүүлсэн “НҮБ-80” санаачилгыг Монгол Улс талархан дэмжиж буйг нотлов.
Монгол Улс НҮБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буйг онцолж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.
Хүн төрөлхтний түүхэнд хосгүй үүрэг гүйцэтгэсэн Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсын НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд оруулж ирсэн хувь нэмэр, үр нөлөөг Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өндөр үнэллээ.
Мөн бүс нутаг болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцолж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхээ илэрхийлэв.
Монгол Улс НҮБ-ын хүрээнд олон чухал санал, санаачилга дэвшүүлэхийн зэрэгцээ олон улсын хурлуудыг эх орондоо зохион байгуулж, энхийг сахиулах ажиллагаанд манлайлан, даян дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улс, НҮБ-ын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2022 онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм.
Энэ айлчлал Монгол Улс нутаг дэвсгэрээ “цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байлаа.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Улаанбаатар хотноо НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг дэмжихээ илэрхийлсэн юм.
Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэний 65 жилийн ой ирэх сард тохионо.

Гишүүн болсон нь манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий болгосон түүхтэй.
Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан байна.
Өдгөө:
-
“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
-
“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
-
“Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,
-
“Бичиг үсгийн боловсролын тухай”,
-
“Ардчиллын боловсролын тухай” тогтоолын төслийг хоёр жил тутам хэлэлцүүлэн батлуулдаг.
Мөн “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”, “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай”, “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг батлуулжээ.
-
Дэлхий нийтээр..2022/02/23
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
-
Дэлхий нийтээр..2025/03/13
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ
-
Үйл явдал2024/09/06
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна
-
Үйл явдал2019/07/18
"Цэвэрхэн наадацгаая" аяныхан 5 хоногт 100 орчим тн хог цэвэрлэжээ
