Тод мэдээ
Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.
Энэ хүрээнд тодорхой бүсчлэл буюу хамгийн утаатай бүсүүдэд 50 мянга орчим айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх шийдвэр гаргасан юм.
Уг ажлыг ирэх өвлийн халаалтын улирлаас өмнө хийх бөгөөд айл өрхүүд гэр, байшингийнхаа дулаан алдалтыг бууруулсан байх ёстой. Ингэсэн тохиолдолд айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуурыг сонголтоор тавьж, халаалтын улиралд хэрэглээнээс нь сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй өрх хатуу түлш буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Мөн 2500 орчим айл өрх, аж ахуйн нэгж нь нам даралтын зуухаар халаалтаа шийдэж буй юм.
Түүнчлэн дулааны цахилгаан станцууд, 804 мянган тээврийн хэрэгсэл зэрэг нь хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйлс болж байна. Үүнээс хамгийн их буюу 50 гаруй хувийг нь гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гарч буй утаа эзэлж байгааг ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаа харуулдаг.
Тиймээс Засгийн газраас дээрх тогтоолыг баталсан юм. Уг ажлыг дан ганц хот гэлтгүй бүх яамд хамтарч хийнэ. Ингэснээр агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд мэдэгдэхүйц бууруулах ажлын эхлэлийг тавьж чадна.
Тод мэдээ
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа
Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдал, импортын бүтээгдэхүүний хэмжээг бууруулах, хямд өртөгтэй эрүүл хүнсээр хангах, инновац шингэсэн үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Агросити” дагуул хотыг барихаар төлөвлөж байна.
Энэхүү “Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа. Тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаа тавдугаар сарын 7-ны өдөр бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.
“Агросити” дагуул хот нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 361-ын гарам, Рашаант, Жаргалант зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан суурьшлын бүсүүдтэй. Дагуул хотын нутаг дэвсгэрийн 9000 га талбайд Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор “Эдийн засгийн тусгай бүс”-ийг байгуулсан. Одоогийн байдлаар хотын уг суурьшлын бүсэд 2689 өрхийн 7652 иргэн оршин сууж байна. Тус бүсэд цахилгаан хангамжийн шугам сүлжээ хэвийн, бие даасан дулааны эх үүсвэртэй.
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Тод мэдээ
Зам тээврийн осолд өртсөн 164 хүүхдийн эрхийг хамгаалж ажиллав
Тээврийн прокурорын газраас Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах талаар 10 аж ахуйн нэгжид прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.
Тодруулбал, зам тээврийн 147 ослын улмаас 164 хүүхэд өртөж, 83 хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 4.1 хувиар өссөн байна.
Үүнээс 52.4 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 26.2 хувь нь 10-13, 15.8 хувь нь 6-9, 3.6 хувь нь 3-5, 1.8 хувь нь 3 хүртэлх насныхан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 85 нь эрэгтэй, 79 нь эмэгтэй хүүхэд байна.
Зам тээврийн ослын улмаас хүүхдэд учирсан 75.2 сая төгрөгийн хохирол мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгджээ.
Тод мэдээ
Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна
БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын газар, салбарын хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна.
Ажлын хэсэг хар тугалган батарейг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Электрокем Монгол" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус үйлдвэр нь жилд 12 мянган тонн хар тугалган батарейг боловсруулах хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар жилд 5 мянган тонныг боловсруулж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.