Дэлхий нийтээр..
ЭЗБХ: Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжив
Эхлээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа юм. Улсын Их Хурлын зүгээс төслийн санхүүжилтэд шаардлагатай нийт 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрүүдийг 2017, 2019 онуудад соёрхон баталсан. Төслийн хэрэгжилтийн явцад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ээс EPC-4 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, газрын тос боловсруулах ажлын төсөвт өртөг нэмэгдэх талаар мэдэгдсэн бөгөөд төслийн өртгийн нэмэгдлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны 9 дүгээр сард хэлэлцэн, төслийн нийт өртгийг 1 тэрбум 698 сая ам.доллар буюу хуучин төсөвт өртгөөс 462.2 сая ам.доллароор нэмэгдэхээр баталгаажуулжээ. Үүний дагуу Засгийн газрын зүгээс “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д шаардлагатай нэмэлт санхүүжилтийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр, Зээлийн хэлэлцээрийг хийгээд байгаа хэмээн Ц.Туваан сайд танилцуулав.
Энэтхэгийн талаас 464 сая ам.долларын нэмэлт санхүүжилт нь EPC-4 багц ажлын хүрээнд зарцуулагдах тул 2019 онд тус багц ажлын хүрээнд байгуулсан 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг цуцалж, шинээр байгуулах хэлэлцээрийн дүнд нэгтгэсэнээр, нийт 700.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төсөлд тусгажээ. Зээлийн хэлэлцээрийн төсөлд Энэтхэгийн талаас өмнөх зээлийн хэлэлцээрийн нөхцөлүүдээс гадна дараах 3 нөхцөлийг шинээр тавиад байгаа гэв. Тодруулбал, төслийн хүрээнд дахин нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх; төслийн хүрээнд олох бүх орлого, авлагыг Монгол Улсад орших аль нэг банканд нээсэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансаар дамжуулах бөгөөд хэрэв зээлийн хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлээгүй буюу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансыг царцааж, төлбөрийг үйлдвэрийн орлогоос шууд татан авах; Зээлийн хэлэлцээрийн хүрээнд төлбөрийн үүрэг дуусах хүртэл буюу 2040 он хүртэлх хугацаанд “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн орлогод дарамт үүсгэх аливаа асуудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банктай зөвшилцөх зэрэг нөхцөлүүдийг зээлийн хэлэлцээрт тусгасан гэв.
Мөн төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор орж ирсэн тоног, төхөөрөмжийг төсөл дуусах хүртэл гаалийн түр горимд байршуулах зохицуулалтыг тус хэлэлцээрийн төсөлд тусгасан болохыг Ц.Туваан сайд танилцуулав.
Нэмэлт санхүүжилтийн зээлийн эх үүсвэр нь өмнөх зээлүүдийн адил жилийн 1.75 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй юм байна. Энэхүү зээлийн хэлэлцээр нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг болох “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг бүрэн хэрэгжүүлж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад чухал ач холбогдолтой аж.
Зээлийн хэлэлцээрийн төслийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Р.Батболд, Б.Жаргалан, Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Х.Ганхуяг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлэв. Тухайлбал, П.Сайнзориг гишүүн Монголын талаас хариуцлагатай, гүйцэтгэлтэй байх нь шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, хамгийн хурдан хугацаанд бүх боломжит нөөцөө дайчлан "Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төслийг дуусгах чиглэлээр тал бүрдээ санаачилгатай ажиллах нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Б.Мөнхсоёл гишүүн, 2019 онд дээрх багц ажлын хүрээнд байгуулсан 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг цуцалж, шинээр байгуулахаар байгаа бөгөөд энэ гэрээний төсөлд авсан зээлээ ашиглаагүй байсан ч хүү төлөх зохицуулалт байгааг сануулж, гэрээний нөхцөлийг анхаарах санал хэлж байв. Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж буйгаа М.Бадамсүрэн гишүүн илэрхийлээд, гэрээний хэрэгжилт, гүйцэтгэлийг жил бүр дүгнэж, хариуцлагын асуудлыг тодорхой болгох нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Р.Сэддорж гишүүн төслийн гүйцэтгэгч, албан тушаалтнууд хариуцлагатай байхыг сануулж, төсөл хэрэгжиж буй аймаг, орон нутгийнхантайгаа зөвшилцөлд хүрч, хамтарч ажиллах нь чухал гэдгийг хэлж байсан. Ингээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 12 нь дэмжив. Иймд санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Дараа нь Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
“Эрчим хүч-3” буюу “Багануур-Чойр чиглэлийн 188км 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөх төсөл” нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, эрчим хүчний өндөр ач холбогдолтой төсөл гэдгийг тодотгов. Засгийн газрын зүгээс тус төслийн зээлийн хэлэлцээрийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийж, Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн гэв.
Төслийг Дэлхийн банкны 47.0 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд тус зээл нь СОФР буюу баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 1.44 хувийн нэмэгдэлтэй хувьсах хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн хугацаанд эргэн төлөлт хийх нөхцөлтэй юм байна. Зээлийн хөрөнгийг Өрийн удирдлагын тухай хуулийн 24.3-д заасны дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөсөн байна.
Төслийг хэрэгжүүлснээр Багануур-Чойр чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг хоёр дахин нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудын өргөтгөн, эрчим хүчний чанар, найдвартай ажиллагаа, тогтвортой байдал хангагдахаас гадна өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг саадгүй хангах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой болохыг Б.Жавхлан сайд танилцууллаа.
Зээлийн хэлэлцээрийг төслийн талаарх дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, М.Энхцэцэг, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан. Эрчим хүчний найдвартай байдлыг хангахад чухал ач холбогдолтой энэхүү төслийг дэмжиж буйгаа гишүүд илэрхийлж байсан бөгөөд ажлын хэсгээс гишүүдийн асуултад хариулахдаа төслийг хэрэгжүүлэх санаачилга 2007-2008 оны үед гарсан, Зээлийн хэлэлцээрийг 2022 онд эхлүүлсэн талаар тайлбарлаж байв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэхдээ С.Цэнгүүн гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Р.Сэддорж гишүүн эрчим хүчний эх үүсвэрийг найдвартай байлгах чиглэлээр санаачилгатай ажиллахыг салбарын яамныханд сануулаад санал хураалт явуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 64.7 хувь нь дэмжснээр Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж байна
АНУ-ын технологийн томоохон компани Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй гэж сэжиглэж, Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуантай харилцаатай байсан Алис Хуан хэмээх эмэгтэйг БНХАУ-ын талд ажилладаг байсан гэж сэжиглэж буй талаар «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн юм. Алис Хуан нь Nvidia компанитай бизнесийн харилцаатай Сингапурын Мегаспи компанийн удирдах албан тушаалтан байжээ.
Ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сарын 9-нд Женсен Хуантай утсаар ярьж, тухайн эмэгтэйг тагнуул байж болзошгүйг мэдэж байсан эсэхийг асуусан байна. Хуан энэ талаар огт мэдээгүй гэж хариулсныг Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тагнуулын ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Nvidia компани уг асуудлаар хараат бус шалгалт эхлүүлсэн бөгөөд компанийн нууц мэдээлэл алдагдсан, үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх үндэслэл одоогоор тогтоогдоогүйг мэдэгджээ.
Энэ мэдээллийн дараа Nvidia-ийн хувьцааны ханш дөрвөөс дээш хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250 тэрбум ам.доллароор багассан байна.
Дэлхий нийтээр..
АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа олон улсын болон олон талт байгууллагуудаас татгалзах бодлогоо эрчимжүүлж буй энэ үед АНУ-ын Европын зөвлөлийн авлигатай тэмцэх тэргүүлэх байгууллага болох Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (GRECO)-ээс гарчээ. АНУ-ын Төрийн департамент уг шийдвэрийг баталгаажуулж, GRECO-ийн гишүүнчлэлийг хадгалахын тулд жил бүр санхүүгийн хувь нэмэр оруулах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдалд бодитой үр өгөөж үзүүлэхгүй” гэж мэдэгджээ.
2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр АНУ тус байгууллагаас гарах тухай шийдвэрийн талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Өмнө нь ОХУ, Беларусь улс гарч байсан түүхтэй. АНУ өмнө нь НҮБ-ын олон талт хэд хэдэн байгууллагаас, тухайлбал ДЭМБ болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарсан бөгөөд цаашид ижил төстэй арга хэмжээ авах эсэхийг мөн авч үзэж байна.
GRECO-ийн Европын зөвлөл 1999 онд авлигатай тэмцэх стандартын хэрэгжилтийг хянах зорилгоор байгуулагдсан. Байгууллагын гишүүнчлэл нь Европын холбооны гишүүн орнуудаар хязгаарлагддаггүй бөгөөд АНУ 2000 онд GRECO-д нэгдэж байжээ.
Дэлхий нийтээр..
АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээхийг уриалав
Крипто хөрөнгө холигч үйлчилгээ (crypto mixer буюу Convertible Virtual Currency mixing service) нь криптовалютын гүйлгээний эх үүсвэр, хүлээн авагч болон гүйлгээний дүнг нуун далдлахад ашиглагддаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг ransomware буюу барьцаалагч програм ашигладаг кибер гэмт хэргийн бүлэглэлүүд, олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийгчид, авлигад автсан албан тушаалтнууд болон мансууруулах бодисын хууль бус наймаачид өргөнөөр ашиглаж байна.
АНУ-ын хууль тогтоомжийн дагуу харилцагчийн хөрөнгийг хяналтдаа авч үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний алба (FinCEN)-нд бүртгүүлж, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах зэрэг үүрэг хүлээдэг. Эдгээр шаардлага нь гүйлгээний эх үүсвэр болон оролцогчдыг нуун далдлах зорилготой крипто хөрөнгө холигч үйлчилгээний үндсэн шинж чанартай шууд зөрчилддөг байна. Үүний улмаас АНУ-д ийм төрлийн үйлчилгээг нууцаар эрхэлсэн этгээдүүдийг мөнгө угаах болон холбооны бусад гэмт хэрэгт буруутган, эрүүгийн хариуцлагад татсаар иржээ.
Хэдийгээр олон улс орон крипто холигч үйлчилгээнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож байгаа боловч эрх зүйн зохицуулалт нь дэлхий даяар ижил түвшинд байж чадахгүй байна. Үүний улмаас АНУ-ын иргэд гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг холигч үйлчилгээг ашиглан криптовалютын гүйлгээнийхээ эх үүсвэр, чиглэлийг нуун далдлах боломж нээлттэй хэвээр байна.
Байдены засаг захиргааны үед FinCEN-ээс хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг крипто хөрөнгө холигч үйлчилгээг ашигласан байж болзошгүй гүйлгээнд хяналт тавих дүрмийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд АНУ-ын санхүүгийн байгууллагууд гадаадын ийм үйлчилгээтэй холбоотой сэжигтэй гүйлгээг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор мэдээлэх үүрэг хүлээхээр тусгасан байв. Гэвч 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Трампын засаг захиргаа уг дүрмийн төслийг албан ёсоор татан авчээ. Үүний зэрэгцээ 2020 оноос хэлэлцэгдэж ирсэн, хэрэглэгч өөрөө хянадаг крипто хэтэвч (self-hosted wallet)-ээр хийгдэх гүйлгээг тайлагнаж, мэдээлэхтэй холбогдуулан өөр нэг дүрмийн төслийг мөн ийнхүү цуцалсан байна.
Үүнтэй холбогдуулан “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын АНУ дахь салбараас 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр FinCEN-д албан бичиг хүргүүлж, цуцлагдсан хоёр дүрмийн төслийг сэргээх, мөн дижитал хөрөнгийг хууль бус зорилгоор ашиглахтай тэмцэх аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахыг уриалжээ.
