Дэлхий нийтээр..
Байгаль орчны салбарт хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх мэдээллийг сонслоо
Хамтарсан хуралдааныг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар даргалсан бөгөөд хуралдаанаар Байгаль орчны салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонслоо.
Тэрбээр мэдээлэлдээ, Байгаль орчин, уур амьсгалын салбарт 28 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Мөнгөн дүнгээр нийт 182.4 сая ам.долларын санхүүжилттэй байгааг дурдаад Байгаль орчны мэдээллийн санд байгаа мэдээллээр 1998-2023 оныг хүртэл үзэглэж, батлан хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд 107 байна. Нийт дүнгээрээ 360 орчим сая ам.доллар эл салбарт зарцуулагдаад байна гэв.
Үүнээс онцолбол тусгай хамгаалалттай газар нутагт нийт санхүүжилтийн гуравны нэг нь ногдож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 24 хувь зарцуулагдсан. Олон улсын байгаль хамгааллын чиглэлийн донор байгууллагуудын санхүүжилтийн гол сонирхол нь урт хугацаанд тогтвортой үр өгөөж өгөх, хамгаалагдсан газар, байгаль хамгааллын арга хэмжээг санхүүжүүлэхийг илүүд үздэг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамгийн их санхүүжилт хийж байгаагийн нэг шалтгаан гэлээ.
2024 оны байдлаар Даян дэлхийн байгаль орчны сан, БНСУ, ХБНГУ, Уур амьсгалын ногоон сан, Европын холбоо, Япон, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын санхүүжилтээр 28 төсөл хэрэгжиж байна.
Өнөөдрийн байдлаар 2028 он хүртэл 10 жилийн хугацаанд буюу 2018-2028 оны хооронд эдгээр төслүүдээр дамжин 170 орчим сая ам.долларын дотогшлох урсгал бий болж байна. Үүнийг эрчимжүүлэх, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ төслүүдийн зарим нь тухайн улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх нөхцөл тавьдаг тул Монгол Улсын Засгийн газраас ойролцоогоор 100 сая ам.долларын шууд бус санхүүжилтийг оруулах үүрэг хүлээсэн. Иймээс улсын болон орон нутгийн төсвөөс байгаль хамгаалалд зарцуулж буй хөрөнгийн хэмжээг дахин авч үзэх, сайтар судлах шаардлагатай байна. Эдгээр төслүүдээс 2028 он хүртэл ямар хэмжээний санхүүлжилт хийх боломжтойг нарийвчлан тодорхойлохоор ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.
Мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд жил бүрээр төслүүдийн санхүүжилтийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг харьцуулан харвал хангалттай биш байна. Яамнаас шалтгаалж байгаа асуудлууд болон дэмжлэгтэйгээр сайжруулж болох асуудлуудыг тодорхойлж байгаа гээд удаашралтай байгаа төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатай байна гэв.
2024 оны байдлаар хэрэгжиж буй 28 төслийн хувьд авч үзэхэд Хөвсгөл, Завхан, Ховд, Баянхонгор, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад 2-5 төсөл хэрэгжиж байна. Төслийн санаачилга гараад эцэслэн батлагдаж хэрэгжих хүртэл ойролцоогоор 2 жилээс багагүй хугацаа зарцуулагдаж байгаа тул 2024 оны байдлаар хэрэгжиж эхэлж байгаа төслийн үндсэн концепц хэрэгжих байршил нь 2022 он, түүнээс өмнө батлагдсан болохыг сайд онцлоод төслийг хэрэгжүүлэхдээ засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хил хязгаарт тулгуурладаггүй бөгөөд байгалийн бүс, бүслүүр, экосистемийн хил хязгаар, хамгаалалтын дэглэмийн нөхцөлүүдэд тулгуурлан тогтоодог нийтлэг шинж чанартай гэлээ.
Төслүүдийн санхүүжилтийн дийлэнх нь тусгай хамгаалалттай газар нутгийн менежментэд чиглэж байгаа нь (53%, 97.5 сая ам.доллар) байгаль хамгаалал, биологийн төрөл зүйлийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт болохыг харуулж байна. Гэсэн хэдий ч уур амьсгалын өөрчлөлт (16 хувь буюу 29.1 сая ам.доллар), химийн хортой бодисын аюул (6 хувь буюу 11.9 сая ам.доллар), цөлжилт (8 хувь буюу 14.6 сая ам.доллар) зэрэг бусад чухал асуудлуудыг орхигдуулахгүй байхад анхаарч байна. Ойжуулалт, ойн салбарын шинэчлэл, цөлжилтийн чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 8 хувь буюу 14.6 сая ам.долларын гурван төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 16 хувь буюу 29.1 сая ам.долларын 6 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Химийн хорт, аюултай бодисын чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 6 хувь буюу 11.9 сая ам.долларын 3 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 7 хувь буюу 12.1 сая ам.долларын 5 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Мөн салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 10 хувь буюу 18.1 сая ам.долларын 6 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгааг С.Одонтуяа сайд мэдээлэлдээ онцолсон.
Мөн тэрбээр цаашид Монгол Улс нь байгаль орчны төслүүдээ хэрэгжүүлэхэд гадаадын санхүүжилтийг татах шаардлагатайг дурдаад үүний тулд олон улсын байгууллагуудтай хамтран санхүүжилт хийх (co-financing) шаардлага үүсч байна. Ингэснээр санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, төслийн хэрэгжилтийг сайжруулах боломжтой гэв.
Түүнчлэн төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг сайжруулахын тулд үр дүнд суурилсан тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг бодитоор хэмжиж, зорилгодоо төслүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тогтолцоог шинэчлэх, Сангийн яамны мэдээллийн сантай бүрэн нийцүүлэх, байгаль орчны салбарт санхүүжилтийг хуваарилахдаа зөвхөн нэг чиглэлд төвлөрөхгүй, харин цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, химийн хортой бодис зэрэг бусад чухал асуудлуудад ч анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга, С.Замира, М.Мандхай, Ц.Идэрбат М.Ганхүлэг, Д.Үүрийнтуяа нар үг хэлсэн. Гишүүд эл салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг цаашдаа олон шалгуур үзүүлэлтээр үнэлж, үр дүнг нь илүү тодорхой нарийвчлалтай гаргадаг болох, мөн салбарын яамнаас урт хугацаандаа байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй төслүүдээр дамжуулан ямар үр дүнд хүрэх талаараа тодорхой танилцуулж, иргэд, малчдыг мэдээллээр хангахад бодлогын арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Мөн цаашид хэрэгжүүлэх төслүүдийг уур амьсгалын өөрчлөлт, өвөлжилтийн хүндрэлтэй холбоотойгоор малчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, тэднийг малжуулах, амьжиргааг нь дэмжих, цаашлаад бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг тодорхой чиглэлд хандуулахад онцгой анхаарах шаардлагатай гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
