Дэлхий нийтээр..
Б.Найрамдал: Зарим станц эдэлбэр газраас 25 метр зайд байрлах норм, дүрмийг хэрэгжүүлэхгүй байна
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор НХШГ-аас 2024 онд шатахуун түгээх станц болон автомашин хийгээр цэнэглэх станц, тэдгээрийн агуулахуудад хоёр удаагийн урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Шалгалтаар зарим станц эдэлбэр газраас 25 метрийн зайд байрлах ёстой гэсэн норм, дүрмийг хэрэгжүүлэхгүй байгаа нийтлэг зөрчлийг арилгуулж байна.
Энэ талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтcийн дарга Б.Найрамдал “Шатахуун түгээх болон автомашин хийгээр цэнэглэх станц, тэдгээрийн агуулахуудад хийсэн хоёр удаагийн урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, өгсөн албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн шалгалтыг хийж байна. Энэ удаагийн шалгалтаар ШТС-ын зай хэмжээ, техник тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, ШТС, хийн бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа авто тээврийн хэрэгслийг шалгалаа. Илэрсэн зөрчил, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж, Улсын онцгой комисс, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүргүүлсэн. Нийтлэг илэрсэн зөрчлийн хувьд ШТС, автомашин хийгээр цэнэглэх станцын агуулахуудын зай хэмжээг эдэлбэр газраас 25 метрийн зайд байлгахаар холбогдох норм, дүрмүүдэд тодорхой заасан байдаг. Гэвч норм, дүрмийг биелүүлэхгүй, зөрчил давтагдсаар байгаа нь эрсдэлд хүргэж болзошгүй. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт байрлах энэхүү ШТС-ын хажууд барилгын ажил үргэлжлээд явж байгаа нь эдэлбэр газраас 25 метр зайд байрлах норм, дүрмийг хангахгүй байна. Уг зөрчлийг холбогдох зөвшөөрөл өгч буй байгууллагуудад хүргүүлж, шалгалтын ажил үргэлжилж байна” гэлээ.
Шалгалтын хүрээнд шатахуун түгээх станц, хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагаанаас үүдэн зарим норм, дүрэмд өөрчлөлт оруулах саналыг холбогдох газруудад хүргүүлсэн байна. Иргэдийн болон орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох норм, дүрмээ баримтлахыг албаны хүмүүс анхаарууллаа.

Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
