Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
2024 оны арванхоёрдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 хэм, Увс нуурын хотгор болон Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.
2024 оны арванхоёрдугаар сарын 05-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 06-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Үйл явдал
“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа
Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа.
Энэхүү байгууламжийг 2022 онд Оюу толгойн уурхайг эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хангах гэрээ байгуулсны дараа, 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны тавьсан хүсэлтийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьжээ.
Шинэ байгууламж ашиглалтад орсноор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох техникийн боломж бүрдэж байгаа юм.
Үүний үр дүнд өвлийн оргил ачааллын үед Өвөр Монголоос 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчийг нэмэлтээр импортлон өмнөд бүсийн зарим хэрэглэгчийг хангах бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой болно.
“Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийн төсөл нь Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп болон дотоодын гүйцэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжжээ.
Төслийн бүтээн байгуулалтад үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, нийт 600 мянга гаруй хүн/цагийн ажлыг осол, гэмтэлгүйгээр гүйцэтгэсэн байна.
Үйл явдал
Улаанбаатарт таван байршилд олон түвшний уулзвар, гүүр барина
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой "Олон түвшний уулзвар" төслийг Шинэ сэргэлтийн бодлого болон Нийслэлийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийн хүрээнд 2025–2028 онд замын хөдөлгөөний ачаалал хамгийн ихтэй байршлуудад олон түвшний уулзвар, гүүр, авто замын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Эхний шатанд дараах таван байршилд бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар
- Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар
- Баянзүрх дүүргийн Офицерын уулзвар
- Наадамчдын замын явган хүний гүүр
- Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Нарт хотхоны зүүн талын гүүр
Эдгээр таван байршлын техник, эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төслийн ажлыг бүрэн боловсруулж дууссан байна.
Албаныхны мэдээлснээр, нийслэлийн замын хөдөлгөөний саатлын гол шалтгаан нь уулзваруудын нэвтрүүлэх чадвар хүрэлцээгүй байгаатай холбоотой бөгөөд түгжрэлийн ихэнх нь уулзваруудад үүсдэг байна. Үүнээс шалтгаалан иргэдийн зорчих хугацаа уртасч, шатахууны хэрэглээ, агаарын бохирдол, эдийн засгийн зардал нэмэгддэг аж.
Тиймээс олон түвшний уулзваруудыг байгуулснаар замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй болгож, түгжрэлийг бууруулахын зэрэгцээ иргэдийн зорчих хугацаа, шатахуун болон тээврийн зардлыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Үйл явдал
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, үер, усны ослын эрсдэл өндөр бүсийн судалгаа, зураглалыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хийж, гол, мөрөн, нуурын орчим дахь 399 эрсдэлтэй цэгийг тогтоон анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэл өндөр, иргэд олноор зорчдог нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Иймд Онцгой байдлын байгууллагаас иргэд, малчид, аялагчдыг гол, мөрөн, нуур орчимд зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, цаг агаарын болон усны нөхцөл байдлын талаарх сэрэмжлүүлгийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөхийг уриаллаа.
-
Үйл явдал2020/12/28
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2020.12.28/
-
Үйл явдал2026/03/16
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулган өнөөдөр эхэллээ
-
Хэн юу хэлэв...2024/11/05
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шанхайн экспо”-гийн нээлтэд үг хэллээ
-
Дэлхий нийтээр..2023/03/22
Ливан улсын төв банкны авлигын хэрэгт холбогдуулан 12 банкийг шалгаж байна
