Дэлхий нийтээр..
"Газар тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, Т.Аубакир, Х.Жангабыл, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара болон Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн газар, Монополын эсрэг газар зэрэг төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл нийт 60 орчим хүн оролцлоо.
Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Хүнсний тухай хуульд монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг стратегийн хүнс гэж заасныг дурдаад энэ агуулгаар хүн амын хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн зохистой байдлыг хангах зорилгоор Улсын Их Хурал, Засгийн газраас газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, тогтоолыг баталж, бодлогоор дэмжиж ажилласаар ирснийг онцлон тэмдэглэв.
Мөн дээрх хөтөлбөр нь газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэж байгаа боловч агуулга нь хөнгөлөлттэй зээл, урамшуулал зэрэгт буюу нийт өртгийн сүлжээний зөвхөн санхүүжилт хэсэгт анхаарч ирсэн нь асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, салбарыг цаашид бие даан хөгжихөд хангалтгүй байна гэлээ.
Ажлын хэсгээс газар тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл, тариалан эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг үр тарианы чанар, буудайн сорт, тариалан эрхлэгчдийн өрсөлдөх чадвар, дотоодын өртгийн сүлжээний нөхцөл байдал, хууль эрх зүй, санхүү, татварын орчин зэрэг асуудлыг цогцоор нь хэлэлцэж, ярилцахаар болсныг Ажлын хэсгийн ахлагч хэлэв.
Хэлэлцүүлэг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Хорио цээрийн лабораторийн эрхлэгч Д.Энхтуяагийн “Улаанбуудайн гурилын чанар аюулгүй байдлын шинжилгээ, стандарт арга, аргачлал” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн.
Тэрбээр илтгэлдээ, тус лабораторийн хувьд гурилын шинжилгээнд нийтдээ 52 зүйлийн гадаад, дотоод хорио цээртэй хортон шавжийг илрүүлж, түүнийгээ тодорхойлох шинжилгээ хийдэг. Хор судлалын лаборатори 227 аюулгүйн үзүүлэлт тодорхойлж байгаа бол микробиологийн лаборатори итгэмжлэлийн хүрээнд 12 аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлдог гэж байлаа. Мөн дотоодын гурилын үйлдвэрүүд чанарын шаардлага сайн хангадаг гээд шинжилгээнд хамрагдсан гурилуудаас нэгхэн хувь нь цавуулгийн хэмжээгээрээ чанарын шаардлага хангадаггүй хэмээв.
Олон улсын чанарын шинжилгээний үзүүлэлттэй манай үзүүлэлтийн хэмжээ ойролцоо гээд гурилын үйлдвэрлэл эрхлэгчдэд анхааруулж хэлэхэд ургамлын хөнөөлт хортон шавжийн асуудалд анхаарах шаардлагатай гэж байлаа. Түүнчлэн тус илтгэлд буудайн гуриланд аюулгүй үзүүлэлтүүдийг бүрэн тодорхойлохын тулд олон улсад ашиглагдаж байгаа сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмжүүд нэн шаардлагатай байгаа талаар дурдсан байлаа.
Дараа нь Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, Монголын агрономчдын холбооны тэргүүн Б.Амарсанаа, Л.Даваа нар “Монгол орны буудайн тариалангийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр илтгэл тавьсан.
Уг илтгэлд Монгол Улсын газар тариалангийн орчны шинжилгээний талаар болон буудай тариалсан талбайн хэмжээ, ургацын үзүүлэлт, тариалангийн талбайн бүтэц, үр тариа тариалах технологи, тарих үрийн чанар, сорт, хөрс боловсруулалт, таримлын сэлгээ зэрэг тариалалттай холбоотой цогц асуудлыг хөндсөн судалгааг танилцуулсан. Мөн уг илтгэлд тариалангийн бүс нутаг, аж ахуйн нэгжид өнөөдөр мэргэжлийн боловсон хүчин дутмаг цаашлаад агрономичдын эзлэх хувь маш бага байгаа нь судалгаагаар тогтоогдсон гэж байлаа.
Түүнчлэн илтгэлд, цаашид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний импортын оронд дотоодын үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн /гурил/ экспортлоход анхаарах, шаардлагатай хүнсний хэрэгцээг хангахуйц хүнсний сэлгээг нэвтрүүлэх, боловсруулах үндэсний үйлдвэрүүдийн чиглэл, хүчин чадлыг газар тариалангийн бодлого, сэлгээтэй уялдуулж бүх талаар дэмжиж хөгжүүлэх, буудайн тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэхгүй нэгжээс авах ургацыг тогтворжуулж, чанаржуулах, ногоон бордоо, эрдэс бордоог сэлгээнд шим болон био бордоотой хамтруулан тун, нормыг нарийн тооцож хэрэглэх, эх орны био, шим бордооны үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихэд анхаарах шаардлагатай гэсэн байлаа.
Мөн бүс, бүслүүрт тохирсон нутагшсан сорт тариалдаг бүтэц, механизмийг бүрдүүлж, үрийн аж ахуйн системийг шинэчлэх, эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны баазыг бэхжүүлэх, үрийн аж ахуйн мэргэжлийн боловсон хүчнийг сайжруулах, үрийг зээлээр, хөнгөлттэй нөхцөлөөр олгодог тогтолцоог боловсронгуй болгох зэрэг арга хэмжээ авах шаардлагатай гэж байлаа.
Хэлэлцүүлэгт оролцогч газар тариалан эрхлэгчид сэдвийн хүрээнд асуулт асууж, салбарын өнөөгийн бодит нөхцөл байдал болон тулгамдсан асуудлынхаа талаар үг хэлж, санал солилцов. Тухайлбал, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжид олгодог хөрөнгө оруулалтын зээлийг цаашид тогтвортой олгох эсэх, экспортоор оруулж ирж буй улаанбуудай хүнсний аюулгүй байдлын чанарын шаардлагыг хангаж байгаа талаар тодруулахын зэрэгцээ тариалангийн салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд төрөөс бодлого гарган анхаарах, гурилын үйлдвэр бүрийн лабораторийн үзэмжээр улаанбуудайн чанарыг үнэлэх бус бүс нутагт нэгдсэн лабораторитой болоход онцгойлон анхаарах зэрэг асуудлыг хөндөж, санал хэлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Хэн юу хэлэв...2024/02/13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрү...
-
Дэлхий нийтээр..2021/03/22
Б.Сарнай тэргүүтэй хохирсон иргэд хонгилын шүүгчийг 48 цагийн дотор түдгэлзүүлэн...
-
Дэлхий нийтээр..2021/09/23
Нийтийн тээврийн шалгагч нар автобусны буудлуудад карт цэнэглэж байна
-
Дэлхий нийтээр..2023/01/19
Зайсан тойруугийн авто замын хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт орно
