Дэлхий нийтээр..
Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээ
Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоох, зөрчлийг бууруулах зорилгоор “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг” хэсэгчилсэн арга хэмжээг арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Тээврийн цагдаагийн албаны гудамж, замын хяналт шалгалтаар арваннэгдүгээр сарын 8-13-ны өдөр 3659 тээврийн хэрэгслийг шалгажээ.
Шалгалтаар зөрчил гаргасан 1318 жолоочийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгосон бөгөөд хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил түгээмэл илэрсэн байна. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодрууллаа.

Тэрбээр “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг нуун далдалсан, хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг. Тухайн дүрмийн заалтуудыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу хариуцлага тооцдог.
Энэ хүрээнд улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн, үзэгдэх байдал нь муудсан автомашинтай замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд иргэнийг 10 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100 мянган төгрөгөөр торгоно.
Улсын бүртгэлийн дугаараа нуун далдалсан, улсын бүртгэлийн дугааргүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд иргэнийг 25 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 250 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Энэ төрлийн зөрчлөөр энэ оны эхний 10 сарын байдлаар 200 гаруй жолоочид хариуцлага ногдуулсан байна.
Эдгээрээс Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дахь заалт буюу хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил зонхилж байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар энэ төрлийн зөрчил гаргасан 496 жолоочид хариуцлага тооцсон. Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сараар жолоодох эрхийг хасах, 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгодог” гэв.

Тээврийн цагдаагийн албаны хяналт, шалгалтын хүрээнд зөрчил гаргасан 1318 жолоочийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгохдоо 253 жолоочийг нийт 2.530.000 төгрөг, 219 жолоочийг нийт 2.190.000 төгрөг, 496 жолоочийг нийт 4.960.000 төгрөг, 350 жолоочийг нийт 7 сая төгрөгөөр тус тус торгожээ. Мөн хуурамч улсын бүртгэлийн дугаартай замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүдийг цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаас гадна камерын хяналт, дэвшилтэт техник технологи болон иргэдийн E-Police аппликейшнээр ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу шалгаж байгааг Тээврийн цагдаагийн албанаас онцоллоо. Иймд, иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо улсын бүртгэлийн дугаарыг нуун далдлах, хуурамчаар үйлдэхгүй байхыг анхаарууллаа.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2024/09/13
Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 6 хэргийг Экологийн цагдаагийн албанд шилжүүлжээ
-
Үйл явдал2023/10/05
УИХ: Байнгын хороо, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2024/06/14
“Тавантолгой төмөр зам” ХХК 1.5 сая.тонн ачаа тээвэрлэлээ
-
Дэлхий нийтээр..2022/05/04
Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн "Хайртай шүү ээжээ" аялан тоглолт болно
