Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ голын хөндийгөөр,14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 3-5 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 1-3 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 хэм дулаан байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 14-нөөс 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 17-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. 14-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 11-16 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
Үйл явдал
Зарим гол, мөрний усны төвшин 10-25 см-ээр нэмэгдсэн байна
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Увс нуурын савын Чигж, Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Улз, Алтай нуруунаас эхтэй Чигэртэй, Хангайн нуруунаас эхтэй Завхан зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10–25 см-ээр нэмэгдсэн байна. Харин Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 40 см буурсан хэдий ч үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна.
Өнөөдөр /06 дугаар сарын 02/ Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл болон Хутаг-Өндөр сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Үйл явдал
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсооло
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Эйч эс Эйч эс ХХК, Атилла гоулд ХХК, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Усны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдлоо.
Шалгалтаар дараах зөрчил, дутагдлууд илэрсэн байна. Үүнд:
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотгол хийлгээгүй;
- Тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй;
- Ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй;
- Хаягдал усыг зохих зөвшөөрөлгүйгээр байгаль орчинд нийлүүлсэн;
- Аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлээгүй, эх үүсвэр дээр нь хадгалсан;
- Үйл ажиллагаандаа дотоод хяналтын тогтолцоог хэрэгжүүлээгүй.

Илэрсэн зөрчил, дутагдалд үндэслэн дээрх аж ахуйн нэгжүүдийн техник, тоног төхөөрөмжийг лацдан, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоолоо.
Мөн зөрчлийн үр дагаврыг арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тавьсан лацыг хөндөх, эсхүл хууль бусаар тоног төхөөрөмж ажиллуулсан тохиолдолд тухайн компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг аж ахуйн нэгжүүдийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад анхаарууллаа.
Төв аймгийн нутаг дэвсгэрт хийгдэж буй байгаль орчны хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
Үйл явдал
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
Ухаалаг камерын системийг дараах найман чиглэлээр ашиглаж байна.
Үүнд
- Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага тооцож, хөдөлгөөнд соёлтой оролцуулах
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх
- Нийслэлийн есөн дүүрэгт теле камерын хяналтын дэд төв байгуулан, системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах, нэгдсэн удирдлагаар хангаж байна.
- Нийслэлийн хот, нийтийн аж ахуйн ажилд хяналтын камер ашиглаж байна.
- Бүтээн байгуулалтын ажлыг, бодит цагаар хянах
- Нэгдсэн төвийн хяналтын теле камерыг холбогдох бусад байгууллагууд өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд ашигладаг болсон.
- Болзошгүй гамшиг ослын мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

