Дэлхий нийтээр..
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Лин Цаог хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул нар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао болон бусад холбогдох албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд сэргээгдэх эрчим хүчийг ашиглан агаарын бохирдол бууруулах төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглан агаарын бохирдол бууруулах зэрэг нийгмийн салбарын тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулан, шийдвэрлэхээр зорьж ажиллаж байна. Энэ хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн туршлагаас судлан, хамтран ажиллах боломжтой” гэдгээ илэрхийлсэн юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао “Нийслэл хотод тулгамдаж буй асуудлууд буюу түгжрэл, эрчим хүчний дутагдал, тэр дундаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахад таатай байх болно. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс тогтвортой ногоон хот санаачлагд хамтран ажиллах боломжийг судлах, цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлнэ” гэв.
Нийслэлийн зүгээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ-тай хамтран Улаанбаатар хотын яндангийн тоог бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төслийг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд айл өрхүүдийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэхийн зэрэгцээ дулаалга хийж, үүний үр дүнд тухайн айл зуух, түлшний хэрэглээг халж, агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг бууруулж байсан юм. Мөн талууд өнгөрсөн онд уг төсөлд таван айлыг хамруулсан бол энэ жил 100 айлд ахин хамтран хэрэгжүүлэх боломжийг судлахад бэлэн гэдгээ уулзалтын төгсгөлд илэрхийллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2020/05/01
Төрийн үйлчилгээний "Гэрэгэ киоск" шинэ технологийг орон нутагт нэвтрү...
-
Тод зураг2021/12/21
Галыг бүрэн унтраалаа
-
Хэн юу хэлэв...2023/10/10
У.Хүрэлсүх: Монгол Улс “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” ...
-
Дэлхий нийтээр..2020/07/31
“Морьтой, Монгол аялал” арга хэмжээ боллоо
