Дэлхий нийтээр..
Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж, замын барилга угсралтыг 2025 оноос эхлүүлнэ
Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны “ТЭЦ-IV”-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам, гүүрэн байгууламжийн зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 26-нд нээсэн.
Уг замын үргэлжлэл хэсэг болох Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний үргэлжлэл хэсэг болох Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын зураг төслийг гарган, урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулж дууссан тул барилгын ажлыг эхлүүлэх бүрэн боломжтой болсон. Энэ хүрээнд ирэх жилийн төсөвт хөрөнгийг тусган, 2025 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээв.

Мөн Эрчим хүчний гудамжийг дөрвөн эгнээ болгох өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ шалгаран, ажлыг эхлүүлээд буй. Түүнчлэн эл замыг өргөтгөхөд нийт 59 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай байгаа бөгөөд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч аж ахуйн нэгж хамтран өнөөдрийн байдлаар 16 нэгж талбарыг чөлөөлсөн. Газар чөлөөлөлтийн ажлыг дууссаны дараа эхний ээлжид Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх гүүрний гурван замын уулзвараас “Хөсөг трейд” ХК хүртэлх авто замыг дөрвөн эгнээ болгохоор төлөвлөж байгааг онцолж байлаа.



Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2022/02/07
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2022/09/13
Цэцэрлэгийн 2 дахь бүртгэл явагдаж байна
-
Дэлхий нийтээр..2023/10/19
Нийслэлийн эрх зүйн асуудлыг багцаар нь шийдвэрлэхийг дэмжлээ
-
Дэлхий нийтээр..2022/06/09
Сав баглаа боодлын салбар жилд 150 орчим тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйл...
