Үйл явдал
Метро барих техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороонд шилжүүллээ
Энэ онд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл шалгарсан.
Тэгвэл аравдугаар сарын 3-нд метро барих барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатыг зарлана.
Энэ хүрээнд өнөөдөр ажлын хэсгийн хуралдаан болж, метроны техникийн тодорхойлолтыг Тендерийн үнэлгээний хороонд шилжүүлээд байна.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээг Солонгосын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” ХК үзүүлж байна. Метро барих төслийн ажлын хэсгийн хуралдаанаар техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороо руу шилжүүллээ. Ингэснээр аравдугаар сарын 3-нд барилга угсралтын эхний шатны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна” гэсэн юм.
Улаанбаатар хотын метро Толгойтоос Амгалан хүртэл 18 орчим км үргэлжлэх бөгөөд 14 зогсоолтой. Зогсоол хоорондын зай 1.3 км. Цагт 17500 зорчигч тээвэрлэнэ. Нийт аяллын хугацаа 27 минут байхаар төлөвлөгдсөн. Мөн ил, далд инженерийн байгууламжууд хийж, метроны 14 зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэх эхний ээлжийн техникийн тодорхойлолтыг гаргажээ. Улмаар барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх юм.
Үйл явдал
Наймдугаар сарын 15-наас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал (COP17)-ын үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд бүсчлэлгүйгээр улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна.
Үүнд:
- Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
- Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Харин есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор бүх тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулжээ.
Үйл явдал
Багануур дүүрэгт гал түймрийг алсаас илрүүлэх өндрийн камер ашиглалтад орлоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн хэмжээнд 13 байршилд тусгай зориулалтын өндрийн камер суурилуулахаар төлөвлөсний дагуу Багануур дүүрэгт анхны камерыг суурилуулж, ашиглалтад орууллаа.
Тус камер нь хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологиор галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлэх боломжтой. Ингэснээр ой, хээрийн болон объектын гал түймрийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай дамжуулж, гал түймрийг эрт илрүүлэх, хохирлыг бууруулах нөхцөл бүрдэх юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээлснээр цаашид төлөвлөгөөний дагуу бусад байршилд өндрийн камерыг үе шаттайгаар суурилуулна.
Үйл явдал
Шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож байна
Өчигдөр шөнийн 00:00 цагаас эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байна. Тус зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.
Өнөөдөр таны автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой юм.
Сануулахад:
- 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд,
- 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

