Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ой, “АПУ” хувьцаат компани үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Гавьяат тээвэрчин цолыг:
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зорчигч тээврийн албаны дарга Дүнжүүсарайн Пүрэвсүрэн,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг:
- “АПУ” хувьцаат компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Лхамжавын Аваасүрэн,
- “АПУ” хувьцаат компанийн ахмад ажилтан Бүдрагчаагийн Содномпэлжээ,
- “АПУ” хувьцаат компанийн Санхүү эрхэлсэн захирал Гончигийн Энхбилэг нарт хүртээв.
Сүхбаатарын одонгоор:
- “АПУ” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Цэвээнжавын Эрдэнэбилэг,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1 дүгээр ангийн 3 дугаар хэсгийн замчин Жанчивын Ганцэцэг,
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Захиргаа, боловсон хүчний газрын дарга Содномдоржийн Цэвээндорж,
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Гаалийн хэлтсийн дарга Саяболдын Саяран,
- “АПУ” хувьцаат компанийн Агуулах хариуцсан ахлах менежер Доржийн Бямбацогт,
- “АПУ” хувьцаат компанийн Ахлах менежер Минжээгийн Сэргэлэнбат,
- “АПУ” хувьцаат компанийн Ахлах инженер Пүрэвийн Жаргалсайхан,
Алтан гадас одонгоор:
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Эрдэнэт өртөө хариуцсан дарга Гончигийн Амарсайхан,
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дулаан, сантехникийн инженер Лхамын Батсайхан,
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Чулуун заводын дарга Нямсүрэнгийн Отгонбаатар,
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Галт тэрэгний дарга Буянравжихын Ганчимэг,
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Төлөвлөлт эдийн засгийн албаны орлогч дарга Пүрэвлхагвын Мөнхзул,
- “АПУ” хувьцаат компанийн Ахлах инженер Гэлэгжамцын Батцэнгэл,
- “АПУ” хувьцаат компанийн Үйлчилгээний жолооч Бандийн Бат-Орших,
- “АПУ” хувьцаат компанийн Худалдааны төлөөлөгч Мижигийн Отгонбаатар,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Замын 2 дугаар ангийн 10 дугаар хэсгийн замчин Ганбаатарын Ялалтбаяр,
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Вагоны ашиглалтын депогийн харьяа Толгойт техник, үйлчилгээний газрын вагон үзэгч Нямдоржийн Билэгсайхан,
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар татах хэсгийн засварчин Эрдэнэмөнхийн Мөнхцоож,
- “АПУ” хувьцаат компанийн Савлалтын оператор Алтангэрэлийн Сувдаа,
- “АПУ” хувьцаат компанийн Бүртгэл тайлагналын менежер Амаасүрэнгийн Гүнжидмаа,
- “АПУ” хувьцаат компанийн Брэндийн загвар хөгжүүлэлтийн мэргэжилтэн Чойбаатарын Хурбаяр нарыг шагналаа.





Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
