Үйл явдал
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
2024 оны 07 дугаар сарын 29-нөөс 08 дугаар сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 01, 02-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, наймдугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 02-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 03-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 04-нд нутгийн хойд хэсгээр, 05-нд нутгийн баруун хэсгээр, 06-нд нутгийн баруун хойд хэсгээр, 07-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр.
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19..24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 01, 02-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 01, 02-нд бороо орно, дуу цахилгаантай, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 01, 02-нд бага зэрэг сэрүүснэ.
Үйл явдал
Наймдугаар сарын 15-наас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал (COP17)-ын үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд бүсчлэлгүйгээр улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна.
Үүнд:
- Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
- Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Харин есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор бүх тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулжээ.
Үйл явдал
Багануур дүүрэгт гал түймрийг алсаас илрүүлэх өндрийн камер ашиглалтад орлоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн хэмжээнд 13 байршилд тусгай зориулалтын өндрийн камер суурилуулахаар төлөвлөсний дагуу Багануур дүүрэгт анхны камерыг суурилуулж, ашиглалтад орууллаа.
Тус камер нь хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологиор галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлэх боломжтой. Ингэснээр ой, хээрийн болон объектын гал түймрийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай дамжуулж, гал түймрийг эрт илрүүлэх, хохирлыг бууруулах нөхцөл бүрдэх юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээлснээр цаашид төлөвлөгөөний дагуу бусад байршилд өндрийн камерыг үе шаттайгаар суурилуулна.
Үйл явдал
Шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож байна
Өчигдөр шөнийн 00:00 цагаас эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байна. Тус зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.
Өнөөдөр таны автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой юм.
Сануулахад:
- 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд,
- 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

