Үйл явдал
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй.
Архангай, Улаанбаатар, Дундговийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй.
Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.
Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.

Үйл явдал
Агаарын тээврийн зорчигчдын тоо эхний хагас жилд 1.2 саяд хүрчээ
2026 оны эхний хагас жилд агаарын тээврээр 1.2 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 82.8 мянга буюу 8.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нийт зорчигчийн 948.4 мянга буюу 82.5 хувь нь олон улсын, 201.7 мянга буюу 17.5 хувь нь орон нутгийн нислэгээр зорчжээ.
Олон улсын нислэгийн зорчигчдын тоогоор Улаанбаатар–Сөүл чиглэл тэргүүлж, 299.3 мянган хүн буюу нийт олон улсын зорчигчдын 31.6 хувийг эзэлсэн байна. Үүний дараа Бээжин чиглэлд 153.5 мянга, Токио чиглэлд 82.7 мянга, Истанбул чиглэлд 64.5 мянга, Хонгконг чиглэлд 51.7 мянган зорчигч зорчжээ.
Харин орон нутгийн нислэгийн зорчигчдын 81.6 хувь буюу 164.6 мянга нь Улаанбаатар–Оюутолгой чиглэлд зорчсон байна. Мөн Ховд, Өлгий, Мөрөн, Улиастай, Даланзадгад чиглэлүүд орон нутгийн хамгийн ачаалалтай нислэгүүдэд багтжээ.


Үйл явдал
Хуулиас давсан 83 дүрэм, журмыг хүчингүй болгожээ
Хууль зүй, дотоод хэргийн яам хуулиас давсан дүрэм, журмыг цэгцлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, ажлын явцыг хэлэлцэн холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгчээ. Мөн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрүүдийг салбар бүрээр нь судалж, хууль тогтоомжид нийцүүлэх зөвлөмж, удирдамж бүхий албан бичгийг 131 байгууллагад хүргүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм, журмыг хүчингүй болгож, хуульд нийцүүлжээ. Мөн 12 байгууллагын 28 дүрэм, журмыг хүчингүй болгохоор ажиллаж байгаа аж.
Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаанд тавигдах зөвшөөрөл, бүртгэлийн ачааллыг бууруулах, хуульд заагаагүй хязгаарлалтыг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилгоор бизнесийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, дүрэм, журамд судалгаа, дүн шинжилгээ хийж, бизнесийн орчинд үзүүлэх нөлөөллийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран үнэлж эхэлжээ.
Мөн төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах, тогтолцоог оновчтой болгох хүрээнд хийсэн судалгааны дүнг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт хүргүүлсэн байна. Цаашид Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй 138 байгууллагын 2723 шийдвэрт дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яам мэдээллээ.
