Дэлхий нийтээр..
Хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж байна
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар таван Ажлын хэсэг байгуулагдаж, хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд НЗДТГ-ын дарга Л.Хосбаяраар ахлуулсан дөрөвдүгээр Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн Улиастайн гүүрнээс 10 дугаар хорооллын “Гермес” төвийн уулзвар хүртэл хээрийн судалгаа хийн, зөрчил арилгуулж байна.
Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал “Манай Ажлын хэсэг Улиастайн гүүрнээс Нарантуул захын уулзвар, Нарны зам дагуу яваад “Гермес” төвийн уулзвар хүртэл 15.7 км буюу замын хоёр талаараа нийт 31.4 км трасст стандарт мөрдүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хоёр хоногийн турш хээрийн судалгаа хийж, зөрчилтэй объектуудыг тогтоосон. Өнөөдрөөс эхний ээлжийн 200 иргэн, аж ахуйн нэгжид зөрчил арилгуулах хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлж байна. Зөрчлийг хугацаанд нь арилгаагүй тохиолдолд хэтрүүлэн барьсан хашаа хайс, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг албадан чөлөөлнө. Мөн явган хүний замд байрлуулсан шаардлагагүй шон, хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж, цахилгааны утас нь ил гарсан гэрлийн шонг тагжуулж байна” гэв.
Ажлын хэсэг бүрд нийслэлийн харьяа 10 гаруй мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүн багтаж, өөрсдийн чиг үүргийн хүрээнд зөрчил арилгаж буй. Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын эвдрэл гэмтлийг бүртгэн, засварлах төлөвлөгөө гаргаж байна.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын мэргэжилтэн Ж.Бахберген “Уг Ажлын хэсгийн хүрээнд төвийн 6 дүүрэгт гарсан авто замын эвдрэлийг бүртгэж, нөхөх, засварлах ажлыг хийнэ. Одоогоор Ботаникийн уулзвараас Улиастайн уулзвар хүртэлх 2.4 км замын ээлжит засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг замыг 2006 онд өргөтгөн шинэчилснээс хойш ээлжит засвар хийж байгаагүй. Замын хашлага буюу бродюрын ашиглалтын хугацаа дууссан, элэгдэлд орсоны улмаас жолооч нар хашлага давж, явган хүний зам, хөвөөн дээр машинаа байрлуулах зөрчил гаргаж байгаа. Тиймээс авто замын хуучин бродюр солин, хашлага зөрүүлж байгаа бөгөөд ирэх тавдугаар сардаа багтаан хучилт хийж дуусгана. Мөн зөвшөөрөлгүй гарсан орц гарцыг хаана” хэмээлээ.

Одоогоор дөрөвдүгээр Ажлын хэсгийн хариуцсан трасст зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн 14, газар олголтоосоо илүү гаргаж, хашаа татсан 9, нийтийн эзэмшил болон дэд бүтцийн шугам сүлжээн дээр хашаа хайс барьсан 3, зөвшөөрөлгүй хаягжилт, гэрэлтүүлэг, сурталчилгааны самбар байршуулсан 12 зөрчил илэрчээ.
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
Дэлхий нийтээр..
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
