Дэлхий нийтээр..
Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж, тусгай хамгаалалтаас гаргах хуулийн төсөл боловсруулж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал солилцлоо.
Уулзалтад оролцсон 700 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл барилгын салбарын хууль эрх зүй, норм, дүрэм, хөрөнгө оруулалт, газар чөлөөлөлт, дэд бүтэц болон өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаа уламжилсан юм.
“Цагаан хуаран” ХХК-ийн ерөнхий инженер н.Оюунбаатар:

-Уулзалтыг зохион байгуулж байгаад баярлалаа. Хот анх удаа хуульч даргатай болсон учраас хотын эрх зүйн байдал нэг шат ахих байх гэж бодож байна. Манай компани дахин төлөвлөлтөд орсон гэр хороолол орчимд орон сууц барьдаг. Бидэнд тулгамдаж буй асуудлын нэг бол цахилгааны асуудал. Биднийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Дулааныг шийдэж өгөөд, цахилгааныг шийдэж өгдөггүй. Үүнийг бид шалтаг гэж харалгүй орон сууцаа ашиглалтад оруулж байна.
Авто замын инженер н.Нуганцэцэг:

-Барилгын компаниуд усны хаялгын төлөвлөлтийг үргэлж зам руу гаргаж байна. Барилгын салбарынхан шүүрүүлэх худаг гэдэг зүйлийг одоо хэрэглэх цаг болсон. Миний мэдэхээр “Blue Sky" тауэр зургаан шүүрүүлэх худагтай. Одоо нэг орон сууцны хороолол шүүрүүлэх худгийг ашиглах гэж байгаа. Хотоос заавал энэ шүүрүүлэх худгийг ашиглахыг үүрэг болгож болох уу? Үүнийг бүх аж ахуйн нэгж хэрэглэдэг болчихвол авто зам, явган хүний зам цас, бороотой үед усанд автахгүй болно.
“Энгүүн хүслэн” ХХК-ийн төлөөлөл н.Тамир:

-Манайх барилгын хөрсний усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Барилгын компаниуд сууриа тавихдаа ус тусгаарлагчийг норм, дүрмийнх нь дагуу хийх хэрэгтэй. Үүнээс болоод барилгын чанар, насжилтад нөлөөлж байна гэв.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Арцат, Зайсан, Бага тэнгэрийн аманд хууль бусаар газар олгосон, олгосон газрыг барилгын компаниудад зарсан асуудал бий. Энд баригдсан орон сууц, барилга улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Энэ нь өөрөө эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй нөхцөл байдалтай байна. Тиймээс БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж, тусгай хамгаалалтаас гаргах хуулийн төслийг ирэх хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвд 20 мянга орчим айлын орон сууц барина. Уг хоёр байршилд газар чөлөөлж байна. Барилгын компаниудтай уян хатан байдлаар тохиролцоно. Ирэх долоо хоногт уг асуудлаар барилгын компаниудын төлөөлөлтэй дахин уулзалт зохион байгуулна” гэв.


Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2020/10/01
АНУ-ын F, J, I ангиллын визийн журамд өөрчлөлт орох тухай
-
Дэлхий нийтээр..2025/09/12
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган ирэх даваа гарагт эхэлнэ
-
Дэлхий нийтээр..2022/08/09
Анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол боллоо
-
Дэлхий нийтээр..2024/05/17
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль эцэслэн батлагдлаа
