Дэлхий нийтээр..
Хаврын их цэвэрлэгээг энэ сард зохион байгуулна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 45 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.3 хувьтай байв.

Тухайлбал, дүүргүүдийн нутаг дэвсгэрт дэх өнгө үзэмжгүй гаднах хаяг, реклам болон хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгах, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, хяналт тавих, зөрчлийг арилгуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу УБЗАА болон НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагчид дүүрэг тус бүрд үзлэг шалгалт хийхэд цахилгааны утас ил гарсан 34, гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ хазайж, доголдол гарсан 25, явган хүний замд эвдрэл гарсан 77, авто замын хашлагад эвдрэл гарсан 56, хог хаягдал ихтэй 64, хашаа хайс унаж, эвдрэл гарсан 31 зөрчил илэрсэн байна.

Мөн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын газраас бусдад шилжүүлсэнтэй холбогдох судалгааг хийж, танилцуулахыг үүрэг болгосон. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, 13 эмнэлгийн газраас бусдад шилжүүлсэн гэсэн дүн гарсан байна. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас холбогдох арга хэмжээг авч, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм.

Нийгмийн зайлшгүй хэрэглээнд үндэслэн газар чөлөөлөх журам Засгийн газрын 2024 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн тогтоолоор батлагдсан. Үүний дагуу авто замын чиглэлээр 30 байршилд 1605 нэгж талбар чөлөөлөхөөс 679, сургууль, цэцэрлэгийн 14 ажилд 210 нэгж талбар чөлөөлөхөөс 124, шугам сүлжээ хийх 11 байршилд 403 нэгж талбар чөлөөлөхөөс 68, хороо, өрхийн эмнэлгийн 11 байршилд 303 нэгж талбар чөлөөлөхөөс 148 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Хорооллын эцсийг Толгойтын замтай холбох авто замын трасст өртсөн 5 нэгж талбарыг зайлшгүй чөлөөлөх шаардлагатай байгаа тул иргэн, аж ахуйн нэгжтэй зөвшилцөж байгаа юм. Мөн Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн авто замыг өргөтгөлийн нөлөөлөлд 60 иргэн, хуулийн этгээдийн 8300 ам метр газар өртсөн тул газар чөлөөлөх урьдчилан мэдэгдэх хуудсыг бүрэн хүргүүлсэн. Одоогоор нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээ хийх бэлтгэл ажлыг хангаж байна.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,
- Нийслэлийн хэмжээнд эвдэрч гэмтсэн зам талбай болон явган хүний замын тооцоо, судалгааг гаргаж, засварлах, сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулах.
- 2024 оны тохижилтын ажлын төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан байгууллагууд хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлэх, дүүргүүдийн төлөвлөлттэй уялдуулах;
- Хаврын их цэвэрлэгээний хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэх, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбар зэргийг засварлах, гадна фасадаа угаах ажлуудыг зохион байгуулах;
- Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай техникийн тодорхойлолт, ТЭЗҮ, зураг төсөл, ажлын даалгаврыг байгууллагуудад хүргүүлж, ажлаа эрчимжүүлэх;
- Хүүхэд, багачууд, оюутан залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн спорт заал болон бусад спортын талбайг нээлттэй болгох тооцоо судалгааг хийж танилцуулах;
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрч гэмтсэн гэрлийн шон, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг засварлах, ил гарсан цахилгааны утсыг засаж, цэгцлэх ажлыг зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах;
- Төв замын нэгдүгээр эгнээ дагуу эзэмшиж байгаа газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд мэдэгдэл хүргүүлэх, чөлөөлөхийг үүрэг болгосон юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
