Дэлхий нийтээр..
Зудын эрсэдлийг бууруулах тодорхой санал боловсруулж УИХ-д танилцуулах чиглэл өглөө
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2024.03.18/ болж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ”Бүлгийн хуралдаанаар 2024 оны хаврын чуулганаар тэргүүн ээлжид хэлэлцэх асуудлыг шийдвэрлэж, зудын эрсэдлийг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонсож хэлэлцлээ.
УИХ-ын хаврын чуулганаар тэргүүнд ээлжид хэлэлцэх 10 гаруй хууль, тогтоолын төслүүд бий.
Тодруулбал, нэгдүгээрт УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг нэн даруй хэлэлцэх шаардлагатай. Дараагийн парламент 126 гишүүнтэйгээр ажиллах учраас чуулганы дэгийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай олон асуудал бий. Тиймээс тавдугаар сарын 15-наас өмнө хуулиудыг хэлэлцэж батлах ёстой.
Хоёрдугаарт, Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна. МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт цаашид баялгийн санд менежмент хийж, зөв захиран зарцуулах ёстой хэмээн заасны дагуу энэхүү хуулийн төслийг боловсруулж дуусаад байна. Засгийн газраас энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэж өргөн барина.
Гуравдугаарт, бүсчилсэн хөгжилтэй холоотойгоор Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж батлах шаардлагатай.
Мөн хувийн хэвшлийг дэмжих зорилгоор МҮХАҮТ-ын тухай хууль, МҮЭХ-ны тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ахмадын тухай зэрэг хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэн, ажлын хэсэг ажиллаж байгаа хуулиудыг хэлэлцэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Энэ удаагийн УИХ-ын чуулган өмнөх долоон удаагийн чуулганы жишгээр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж дуустал буюу тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ. Тиймээс эдгээр хуулийн төслийг хэлэлцэх боломжтой гэж үзэж, бүлгийн гишүүд дэмжлээ.
Мөн бүлгийн хуралдаанд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы мэдээллийг бүлгийн гишүүд сонссон. Мэдээлэлтэй холбогдуулж бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөхдөө “Хавар ойр ойрхон үргэлжилсэн цасан шуурганы улмаас мал аж ахуйн салбарт хүндрэл үүссэнтэй холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч, асуултад хариуллаа. Үүнтэй холбоотойгоор бүлгийн хуралдаанаас Засгийн газарт дараахь чиглэлүүдийг өгсөн. Үүнд, зээлийн хүүг бууруулах, малжуулах зэргээр зудын эрсдлийг бууруулахад нөлөөлөх тодорхой саналуудыг боловсруулж УИХ-д танилцуулах талаар Засгийн газарт чиглэл өглөө. Засгийн газраас зудын эрсдэлээр 16 сая тоо толгой мал хорогдох тооцооллыг хийсэн. Тиймээс тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна” гэв.
Хэвлэлийн хурлын үеэр мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг сэтгүүлчдийн асуултад хариулж, үг хэллээ. Тэбээр “Энэ хаврын чуулганаар Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Утааны улирал эхлэхээр агаар, хөрсний бохирдлын талаар ярих биш, эртхэн шийд гарцыг олох ёстой. Үүний тулд бүсчилсэн хөгжлийн асуудлыг нэн тэрүүнд хэлэлцэх шаардлагатай. Ингэснээр Сэлбэ дэд төвийг түшиглэсэн 12 мянган айлыг орон сууцжуулах, дагуул хотыг бий болгох асуудлыг ажил хэрэг болгох юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эрхзүйн зохицуулалт нэн тэргүүнд шаардлагатай байгаа тул хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” гэв.
Дэлхий нийтээр..
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
