Тод мэдээ
Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна. Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан бөгөөд уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулах аж. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм.
Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.
Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:
Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/
60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд
55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч
Энэ удаагийн цэргийн бүртгэл нь 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн 173 хороонд хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Тод мэдээ
Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, энэ амралтын өдрүүдэд шинэчилнэ.
- Зам хаах: 9 дүгээр сарын 19-ний 23:00 цагт
- Зам нээх: 9 дүгээр сарын 21-ний 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу.
Тод мэдээ
А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.
Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ.
Тод мэдээ
"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025" нэгдсэн арга хэмжээ даваа гарагт эхэлнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын ХХААБ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 2025 оны 9 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болно. Энэ арга хэмжээ 20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, шинэхэн хүнсний ногоо, дотоодын хүнсний үйлдвэрүүдийн мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн гарт хүргэнэ. “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээн долоон хоног үргэлжилнэ.
-
Тод мэдээ2024/07/17
Алба хаагчид голын эрэг дагуу зорчсон 10872 иргэнд сэрэмжлүүлэг зөвлөмж хүргэлээ...
-
Тод мэдээ2023/11/17
"Хариуцлагатай уул уурхай" зүүн бүсийн өдөрлөг болж байна
-
Өнөөдөр2023/04/05
Өнөөдөр ханш нээх өдөр
-
Тод мэдээ2021/09/11
Монгол Улсын Ерөнхийлөгч Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн төлөөллийг хүл...