Хэн юу хэлэв...
Б.Мөнх-Эрдэнэ: Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах байранд байрлуулж, үржил хязгаарлах мэс ажилбар хийнэ
Орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд эзэнгүй нохой, муурыг барьж, түр асрамжлах байранд хүргэх ажлыг зохион байгуулах юм. Тус Ажлын хэсгийн хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
-Эзэнгүй нохой, муурыг барьж, түр асрамжлах байрыг хаана, хэрхэн бэлтгэж байна вэ?
-2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдан, хуулийн хэрэгжилтийг хангах, эзэнтэй нохой, муурнаас улбаалан эзэнгүй нохой, муурын тоо нэмэгдэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Эзэнгүй нохой, муурыг барьж, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түр асрамжлах байр байгуулна. Эхний ээлжид Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Шувуун фабрикт байрлах хар үнэгний аж ахуйн байрыг түр асрамжлах байр болгохоор ажиллаж байна. Нэгдүгээр сарын 22-ноос үйл ажиллагааг нь эхлүүлж, хоёрдугаар сарын 15-н гэхэд бүрэн ажиллуулна. Барьсан нохой, муурыг тухайн байранд хүргэж, байршуулах бөгөөд тодорхой хугацаанд эзэн нь олдсон тохиолдолд буцаан өгөх юм.
-Үржил хязгаарлах мэс ажилбар хийх байдлаар эзэнгүй нохой, муурыг тоог бууруулах ажил үргэлжлэх үү?
-Хуулийн дагуу эзэнгүй нохой, муурыг буудаж устгахгүй болсон. Иймд түр асрамжлах байранд байрлуулах хугацаандаа үржил хязгаарлах мэс ажилбар хийнэ. Мал эмнэлгийн дүгнэлтээр өвчтэй, галзуу зэрэг аюул эрсдэлтэй болох нь тогтоогдсон нохой, муурыг устгалд оруулах юм.

-Эзэнгүй нохой, муурыг барихад аюулгүй байдлыг сайтар хангах шаардлагатай. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?
-Эзэнгүй нохой, муурыг барихын өмнө аюулгүй байдлыг хангах, багаж техник, тоног төхөөрөмжийг ашиглах талаарх сургалтыг дүүрэг, хороодод зохион байгуулна. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дотоодын цэрэг болон чиг үүргийн бусад байгууллагаас хүн хүч нэмэлтээр ажиллах юм.
-Хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүрэг дүүргүүдэд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор эзэнгүй, нохой муур барих, түр асрамжлах байранд хүргэх ажлыг дүүргүүд дотооддоо зохион байгуулах уу?
-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүрэг дүүргүүдэд шилжсэн. Үүнд зам талбайн цэвэрлэгээ, эзэнгүй, нохой муурыг цөөлөх ажил мөн багтсан. Иймд түр асрамжлах байрыг бэлтгэх ажлыг дүүргүүд зохион байгуулж, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах юм хэмээлээ.

Дэлхий нийтэд нохой, муурнаас дамжин халдварладаг 40 гаруй өвчин байдаг бөгөөд эзэнгүй буюу золбин нохойноос таван төрлийн хорхой хүнд халдварладаг байна. Мөн найман нохойн нэг нь бэтэг өвчний халдвартай байна гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн эзэнгүй нохой, муурны тоо толгой ихэссэнээр мал амьтан өвчлөх, галзуурах, тухайн өвчлөл малын махаар дамжин хүнд халдварлах эрсдэл нэмэгддэг байна. Монгол Улсын хэмжээнд нэг жилд 6900 хүн, Улаанбаатар хотын хэмжээнд 3000 хүн галзуу нохойд уруулж, ноцуулж, хазуулж, шүлсдүүлсний улмаас галзуугийн вакцинд хамрагдсан байдаг. Эдгээрийн 36.5 хувь нь 0-16 насны хүүхэд багачууд юм.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Дэлхий нийтээр..2024/01/15
УИХ: Байнгын болон дэд хороод энэ долоо хоногт...
-
Дэлхий нийтээр..2021/03/03
“E-Mongolia” системээр дамжуулан гадаадад байгаа иргэдэд төрийн үйлч...
-
Хэн юу хэлэв...2019/10/31
"XXI зуун-Хавдаргүй Монгол" 1000 гэр бүлийн зөвлөгөөнөөс гаргасан зөвл...
-
Дэлхий нийтээр..2021/09/13
Жирэмсэн эхчүүдийг коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хам...
