Дэлхий нийтээр..
Арц-суурийн боомтоор шатахуун, гурил, тэжээл оруулж, Завханы хойд сумдын хэрэгцээг хангах боломж бүрдүүлнэ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж Улсын нөөцөөс 495 тн хивэг, тэжээл хөнгөлөлттэй үнээр олгосны зэрэгцээ 25 тн дизель түлш, эрүүл мэндийн салбарт автомашин, Аймгийн онцгой комиссын албан хэрэгцээнд туулах чадвар сайтай авто машиныг шийдвэрлэсэн.
Энэ үеэр Асгат, Баянтэс, Тэс сумын нөхцөл байдалд газар дээр нь үнэлэлт дүгнэлт хийж, Асгат сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэсэн бол Тэс суманд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Улсын нөөцөөс 5 тн түлш, 40 тн хивэг тэжээл нэмэлтээр олгохоор газар дээр нь шуурхай шийдвэрлэлээ.
Мөн Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй зэрэг ОХУ-ын хилтэй ойрхон сумдын хэрэгцээний хивэг тэжээл, түлш, шатахуун, гурил будааг Арц-суурийн боомтоор оруулах боломжийг бүрдүүлж өгөх тухай орон нутгийн хүсэлтийг Шадар сайд ойрын хугацаанд шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Арц-суурийн боомтыг байнгын ажиллагаатай болгосноор шатахуун, гурил, хивэг тэжээлийг хурдан шуурхай татан авах боломж бүрдэхээс гадна тээврийн зардлыг 2-3 дахин хэмнэх боломж бүрдэх юм.
Мөн Баянтэс сумын дунд сургуулийн барилга шатсантай холбогдуулан хохирлыг даруй арилгах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Баянтэс, Тэс сумын нийт нутгаар хөр цасан бүрхүүл тогтож, гуу, жалга гэх мэт хунгарласан хэсгээрээ цасны зузаан 120-160 см байна. Энэ сарын 10-наас эрс хүйтэрч, шөнөдөө байнга -40-47 градус хүрч хүйтрэн мал бэлчээрт гарах боломжгүй болсноос гадна зам даваа хаагдаж малчид төвд хураасан өвсөө хотондоо татах аргагүйд хүрч, малаа тэжээлд оруулжээ.
Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр Баянтэс сумын Бужир багийн малчин Г.Чимэддорж, Тэс сумын Дооно багийн малчин Г.Дугар нарын хотонд ажиллаж, малчид иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Малчид өвс тэжээл үнэтэй, түлш шатахуун хомс байгаагийн дээр малын түүхий эд, үнэгүйдсэн нь малчдын амьдралд хүнд тусаж байгааг хэлж байлаа гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.


Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
