Дэлхий нийтээр..
Монгол Улс, БНАЛАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны дараах баримт бичгийг байгуулав.
- “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Нийтийн аж ахуй, тээврийн сайд Нампасо Муанмани нар гарын үсэг зурлаа.
Хэлэлцээр нь хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Зүүн өмнөд Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломж бүрдэнэ.
- “Мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөө аж ахуй, ойн сайд Пэт Пумпипак нар гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хооронд мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд болон мал, амьтны эм бэлдмэл, тэжээл зэрэг бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох болон дамжин өнгөрүүлэх явцыг хурдасгаж, мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчилнө.
- “Ургамал хамгаалал, хорио цээрийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөө аж ахуй, ойн сайд Пэт Пумпипак нар гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрээр ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хөнөөлтэй хортон шавьж хоёр улсын нутаг дэвсгэрт тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах болон хоёр улсын хоорондын ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үрийн худалдааг хөнгөвчлөх боломжийг бүрдүүлнэ.
- “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хооронд хамтран ажиллах санамж бичиг”-т монголын талыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, лаосын талыг төлөөлж Сайд бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Камаси Фолсэна нар гарын үсэг зурлаа.
Хоёр улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, сайн туршлага харилцан солилцох, албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллах зэрэг асуудлыг санамж бичгээр тохиролцов.
- “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын яам хоорондын хэлэлцээр”-т монголын талыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, лаосын талыг төлөөлж Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын сайд Суансаван Вияагет нар гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын хооронд тогтвортой аялал жуулчлалын ач холбогдол, аялал жуулчлалын хөгжлийн байгаль орчин, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлыг олон улсын хамтын ажиллагаа, хоёр талын зохицуулалтын үйл ажиллагаагаар шийдвэрлэх замаар үр дүнтэй, урт хугацааны шийдэл эрэлхийлэх, мөн тогтвортой аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих зорилготой.
- “Байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Байгалийн нөөц, байгаль орчны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т монголын талыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, лаосын талыг төлөөлж Байгалийн нөөц, байгаль орчны сайд Бунхам Ворачит нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд агаарын бохирдлыг бууруулах, экосистемийн нөхөн сэргээлт болон ойн тогтвортой менежмент зэрэг байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хөтөлбөрийн нарийвчилсан санал, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран тохирох нөхцөлийг бүрдүүлсэн.
- “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёлын яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т монголын талыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, лаосын талыг төлөөлж Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын сайд Суансаван Вияагет нар гарын үсэг зурлаа.
Санамж бичиг нь талууд соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр зохион байгуулах, дурсгалт зүйлсийг хадгалан хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр хамтран судалгаа хийх зэрэг соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хоёр улсын иргэд хоорондын соёлын солилцоо, харилцааг өргөжүүлэх зорилготой.






Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
-
Хэн юу хэлэв...2020/04/10
С.Эрдэнэ төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархаж байна
-
Үйл явдал2022/06/08
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Үйл явдал2022/02/24
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2023/04/18
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд KFC барилга, байгууламж барихгүй”
