Дэлхий нийтээр..
Хятадын томоохон төрийн өмчит банкны экс ерөнхийлөгч хахууль авсан хэргээр баривчлагджээ
Тус улсын хэвлэлүүд Хятадын төрийн өмчит Эвербрайт банкны ерөнхийлөгч асан Ли Сяопэнг хахууль авсан хэргээр баривчлагдсан талаар пүрэв гарагт мэдээлэв. Эвербрайт банкны ерөнхийлөгчийн албан үүргийг хашиж байсан Ли Сяопэнг "хахууль авсан хэргээр баривчлагдлаа" гэж төрийн мэдээллийн Синьхуа агентлаг Ардын дээд прокурорын газрын тушаалаас иш татан мэдээлэв.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин засгийн эрхийг авснаасаа хойш авлигын эсрэг эрчимтэй тэмцэл өрнүүлэн улс төрчдийг “цэвэрлэж” буй нь эхлүүлсэн үйл хэрэгтээ үнэнч байгаагийн баталгаа болж байна. Ли-г “хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн” гэж үзэн эрх баригч Хятадын Коммунист намаас хөөж, төрийн албанаас огцруулан баривчилжээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, "Ли нь албан тушаалтныг томилохдоо ашиг хонжоо харж, өөрийн холбоо хамаарал бүхий этгээдийн бизнесийн үйл ажиллагааны ашгийг нэмэгдүүлэхийн тулд эрх мэдлээ урвуулан ашигласан" буюу бэлэг, хахууль авсан, намын бодлогыг эсэргүүцсэн, мөн мөрдөн байцаалтын явцад саад учруулахыг оролдсон нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.
Ли нь эдийн засагч мэргэжилтэй, ажил амьдралынхаа ихэнх хугацааг санхүүгийн салбарт өнгөрүүлсэн. Тэрээр 2022 оны 3-р сард Эвербрайт банкны ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрохоос өмнө Хятадын хэд хэдэн томоохон банканд удирдах албан тушаал хашиж байжээ.
Хятад улсын авлигатай тэмцэх дээд байгууллага энэ оны 3-р сард Хятадын Эвербрайт групп болон бусад томоохон санхүүгийн байгууллагууд зэрэг төрийн өмчит 30 аж ахуйн нэгжид чиглэсэн "хяналт шалгалтын аялал" эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн.
Тус ажлын хүрээнд өнгөрөгч сард Хятадын даатгалын хамгийн том байгууллага болох “China Life Insurance” төрийн өмчит корпорацын ерөнхийлөгч асан Ван Бинь хахууль авсан, гадаадын банкин дахь хадгаламжаа нуун дарагдуулсан нь тогтоогдож, цаазаар авах ялаар шийтгэгдсэн. Түүнд оноосон цаазын ялыг 2 жилийн дараа бүх насаар хорих ялаар сольж болно, тэнсэх боломжгүй гэж Синьхуа агентлаг мэдээллээ.
Эх сурвалж: https://www.businesstimes.com.sg
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/03/23
Цэцийн хоёр гишүүн албажаагүй ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСНЫГ Цэц баталлаа
-
Үйл явдал2025/05/15
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Тод зураг2019/10/25
Бүтээгч хариуцлагатай 16 настнууд 'ИРГЭНИЙ АНДГАЙ' өргөнө
-
Дэлхий нийтээр..2021/11/08
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
