Хэн юу хэлэв...
Д.Отгонсүрэн: Монгол Улс найман байршилд хуурай боомт байгуулах боломжтой
Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэнтэй ярилцлаа.
-Монгол Улс хоёр том их гүрний дунд оршдог далайд гарцгүй улс. Бусад улсын далайн боомтуудаас ачаа тээврээ татдаг. Ер нь хэчнээн улсын далайн боомттой хэлэлцээртэй ажилладаг вэ?
- Монгол Улс далайд гарцгүй хөгжиж байгаа 32 орны нэг. Гэхдээ бидэнд далайд гарах гарцууд олон улсын хууль тогтоомжийн хүрээнд бий болсон байдаг.
Тухайлбал, Монгол Улс олон улсын худалдаанд оролцохын тулд хөрш орнуудын нутаг дэвсгэрээр дамжин далайгаар бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэн зах зээлд хүргэж экспортолж, өргөн хэрэглээнийн бараа бүтээгдэхүүнийг мөн хөрш орнуудаар дамжуулан импортлодог. Энэхүү харилцааг БНХАУ-тай 1991 он, 2014 онуудад “Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, ОХУ-тай 1992 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталгаажуулсан.
- Тяньжинаас гадна ямар боомтуудтай хамтран ажилладаг вэ?
- БНХАУ-ын Тяньжин, Циньхуандао, Цаофэйдянь, Далянь, Жиньжөү, Инкоу, Дандун боомттой, ОХУ-ын Ванино, Восточный, Находка, Владивосток, Посьет, Зарубино далайн боомтуудтай хамтран ажилладаг.
НҮБ-ын АНДЭЗНК-оос Азийн болон хөрш бүс нутагтай хамтран бараа тээвэрлэлтийн үеийн хил нэвтрэх болон транзит хугацааг богиносгох, олон улсын нэгдсэн холимог тээвэр болон логистикийн тогтолцоог хөгжүүлэх, хөхүүлэн дэмжих зорилгоор Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан. Энэхүү хэлэлцээрт Монгол Улс 2016 онд нэгдэн орсноороо далайд гарах гарцаа нэмэгдүүлэх боломж бий болгож байна гэж ойлгож болно.
- Байгууллагынхаа талаар танилцуулаач. Олон нийт тэр бүр үйл ажиллагааны чиглэлийг мэддэггүй байх?
- Далайн захиргаа нь 2007 онд байгуулагдсан. Далай ашиглах тухай болон усан замын тээврийн тухай Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ, конвенц, дүрэм журам, стандарт зөвлөмжид нийцүүлэн ажиллах үүрэг бүхий байгууллага юм.
Монгол Улсын Засгийн газраас Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын хооронд байгуулсан “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасан олон улсын хуурай боомт байгуулах шалгуурыг хангах байршлыг тодорхойлж боомт байгуулах чиглэлээр эрчимтэй ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн яаманд үүрэг болгосны дагуу Далайн захиргааны бүтцэд Хуурай боомт, далай тээврийн хэлтэс байгуулан ажиллаж байна.
- Манай Улс “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэж орсоны ач холбогдол, давуу тал юу вэ?
- Монгол Улс далайд гарцгүй орон учир олон улсын худалдаанд хөрш орнуудын далайн боомтоор дамжин оролцдог гэж дээр би хэлсэн. Азийн хөгжлийн банкнаас хийсэн Монгол Улсын тээвэр, логистикийн салбарын хөгжлийн талаар хийсэн судалгаагаар бараа, бүтээгдэхүүний үнийн бүтцийн 30 орчим хувийг тээвэр, логистикийн зардал эзэлж байна гэсэн дүгнэлт байдаг.
Үүнд тээвэрлэлтийн хугацаа урт, дамжин өнгөрөх хил, гаалийн хяналт шалгалт, хязгаарлалттай байдал болон техник технологийн нөхцөл, далайн тээврийн чингэлэг түрээсийн төлбөр өндөр зэрэг байдал ихээхэн нөлөөлдөг.
Тээвэрлэлтийн урт хугацаа нь худалдаанд торгууль хүлээх, улмаар их хэмжээний валютын алдагдал хүлээхэд хүргэдэг. Тээвэр, логистикийн дээрх хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж, худалдааг хөнгөвчлөхөд “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр чухал ач холбогдолтой юм.
Хуурай боомт нь аливаа нэгэн сонгогдсон далайн боомт дээр эхлэл цэгийг үүсгэн байгуулж дунд нь холбогдох дэд бүтцээр ачааны урсгалыг саадгүй, тогтмол, чөлөөтэй, тогтмол тээвэрлэж байх мөн ачаа барааг шууд хүлээн авч боловсруулалт хийхэд хүрэлцэхүйц хангалттай талбай, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн хүчин чадалтай байх үндсэн шаардлагыг хангасан байна.
- Хуурай боомт хариуцсан хэлтэстэй болсон байна. Тодорхой ямар ажил хйиж байна?
- Хуурай боомт, далайн тээврийн хэлтэс нь Засгийн хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын хуурай боомтуудыг байгуулан хөгжүүлэх зорилгоор бодлогын хэрэгжилтийг хангах, оролцогч талуудын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх уялдуулан зохицуулах ач холбогдлыг сурталчлан таниулах, хуурай боомтыг амжилттай хэрэгжүүлсэн далайд гарцгүй улс орнуудын туршлага судлах, хамтран ажиллах ажлыг үе шаттай хийж байна.
- Манай улсад хэчнээн цэгт хуурай боомт байгуулах вэ?
- Монгол Улс найман байршилд олон улсын хуурай боомтууд байгуулах боломжтой. Төвийн коридорт Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Хөшигийн хөндий, Алтанбулаг, баруун коридорт Ховд, зүүн коридорт Бичигт, Чойбалсан зэрэг байршлуудад олон улсын хуурай боомт, логистикийн төв байгуулах судалгаа төлөвлөлтийг эхлүүлээд байна.
-М анай улсын ачаа тээвэр Тяньжин боомтоор дамжин ирдэг. Өөр гарцтай болох боломж бий юу?
- Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын БНХАУ-ын Ляонин мужид хийсэн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд миний бие ажилласан.
Айлчлалын хүрээнд Зүүн хойд Азийн тээврийн зангилаа болох зорилготой Ляонин мужийн Жиньжөү далайн боомтоос Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ, цаашлаад Европын холбоо руу гарах хамгийн дөт зүүн коридорыг бүтээн байгуулахад тээвэр логистик, аж үйлдвэр, худалдааг өргөжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон.
Мөн түүнчлэн Ляонин мужийн хувьд 43 сая хүн амтай, аж үйлдвэржилт, эдийн засгийн үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлдэг далайн боомт, өндөр зэрэглэлийн төмөр зам, хурдны замтай хамгийн дэвшилтэт нэгдсэн тээврийн сүлжээ бүхий хөгжлийн давуу талуудтай.
Ажлын айлчлалын үр дүнд бид Ляонин мужийн Жиньжөү хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр, Жиньжөү боомттой Монгол Улсын Зүүн бүсэд байгуулах хуурай боомтуудыг бүтээн байгуулалтад хамтран ажиллахын зэрэгцээ Далайн захиргааны байнгын төлөөлөгч албан ёсоор ажиллахаар тохиролцсон.
Үүний үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ, цаашлаад Европын холбоо руу гарах хамгийн дөт зүүн коридорыг бүтээн байгуулахад түлхэц өгнө гэж үзэж байна.
- Цаашид төлөвлөгөөний тухайд?
- Олон улсын хуурай боомт, логистикийн төв байгуулах чиглэлээр эрчимтэй ажиллах, судалгаа төлөвлөлтөө эхлүүлэх, гадаад харилцаагаа өргөжүүлэх, олон улсын сүлжээнд таниулан, ач холбогдлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. Мөн хуурай боомтуудын байршилд НҮБ-ын Худалдаа болон тээврийн байршлын код UNLOCodе-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: ЗТХЯ
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






Хэн юу хэлэв...
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ
Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.
Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.
Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.
О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав.
Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ой энэ онд тохиож байгааг Ерөнхийлөгч онцолж, Монгол Улсын олон талт системд итгэх итгэл ямагт НҮБ-д түшиглэж ирснийг тэмдэглэлээ.
Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэвшүүлсэн “НҮБ-80” санаачилгыг Монгол Улс талархан дэмжиж буйг нотлов.
Монгол Улс НҮБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буйг онцолж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.
Хүн төрөлхтний түүхэнд хосгүй үүрэг гүйцэтгэсэн Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсын НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд оруулж ирсэн хувь нэмэр, үр нөлөөг Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өндөр үнэллээ.
Мөн бүс нутаг болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцолж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхээ илэрхийлэв.
Монгол Улс НҮБ-ын хүрээнд олон чухал санал, санаачилга дэвшүүлэхийн зэрэгцээ олон улсын хурлуудыг эх орондоо зохион байгуулж, энхийг сахиулах ажиллагаанд манлайлан, даян дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улс, НҮБ-ын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2022 онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм.
Энэ айлчлал Монгол Улс нутаг дэвсгэрээ “цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байлаа.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Улаанбаатар хотноо НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг дэмжихээ илэрхийлсэн юм.
Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэний 65 жилийн ой ирэх сард тохионо.

Гишүүн болсон нь манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий болгосон түүхтэй.
Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан байна.
Өдгөө:
-
“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
-
“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
-
“Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,
-
“Бичиг үсгийн боловсролын тухай”,
-
“Ардчиллын боловсролын тухай” тогтоолын төслийг хоёр жил тутам хэлэлцүүлэн батлуулдаг.
Мөн “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”, “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай”, “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг батлуулжээ.
-
Үйл явдал2023/01/03
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2021/03/22
Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо 2 хуйвалдаж, тамга тэмдэггүй хуурамч албан ...
-
Дэлхий нийтээр..2021/10/21
У.Хүрэлсүх: Монгол Улс цөлжилтийн эсрэг ЕСБХБ-тай бүх талаар хамтран ажиллахад б...
-
Үйл явдал2025/04/24
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
