Дэлхий нийтээр..
Дэлхий нийтэд өвчлөлийн 5.1 хувь нь архинаас шууд хамааралтай гэсэн судалгаа гарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлхүийн санаачилсан “Эрүүл моннгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах нь” салбар дундын хэлэлцүүлгийг 2023 оны аравдугаар сарын 09-ний өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг болон Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд болон ХЗДХЯ, ТЕГ, ГЕГ, НЭМҮТ, ЦЕГ-ын холбогдох албаныхан оролцсон.
Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлигийн хэрэгжилтийн тоймыг Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан танилцуулсан. Тэрбээр зарлигийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд өнгөрсөн онтой харьцуулахад архи, согтууруулах ундааны борлуулалт 12,5 хувиар, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчил 15,8 хувиар буурсан үзүүлэлт гарсныг онцлон дурдаад “Бид өвчилсний дараа нь оношлох, эмчлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн. Түүний хор уршгаар жил ирэх тусам бүх төрлийн өвчлөл нэмэгдсэн. “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний үйл ажиллагаа нь иргэдэд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд чиглэж байна. Судалгаанаас үзэхэд монгол хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл нь архи, согтууруулах ундаа юм. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарч, зохих арга хэмжээг авч ажиллаж байна” гээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санг байгуулсан талаар танилцуулсан.
Уг хуулийн 213 дугаар зүйлд зааснаар тус сан нь архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай юм. Онцгой албан татварын тухай хуулийн 6.11-д заасны дагуу ногдуулан хураасан татварын орлогын гүйцэтгэлээс татвар ногдсон согтууруулах ундааны литр тутмаас 300 төгрөгийн орлогыг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд тухай бүр төвлөрүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд тус санд оны эхний зургаан сарын байдлаар 14,6 сая литр согтууруулах ундаа борлуулсан орлогоос 4.3 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан тухай мэдээллийн Т.Мөнхсайхан зөвлөх өгсөн.
Хэлэлцүүлэгт оролцсон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте “Архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ нь Нийгмийн эрүүл мэндийн хувьд томоохон асуудал бөгөөд дэлхий даяар үүнээс шалтгаалан гурван сая хүн нас барж, олон сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, эрүүл мэндийн доройтолд орж байна” гээд дэлхий нийтэд өвчлөлийн 5.1 хувь нь архинаас шууд хамааралтай гэсэн судалгаа гарсныг хэлж байлаа. Түүнчлэн Монгол Улсад 270 хүн тутамд архи, согтууруулах ундаа борлуулах нэг цэг ногдож байгаа нь дэлхийд маш дээгүүрт орох үзүүлэлт. Тиймээс шинээр гарсан хууль тогтоомж, “Эрүүл монгол хүн” хөтөлбөрөөр дамжуулан энэ тоон үзүүлэлтийг бууруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад сүүлийн таван жилд согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэл тасралтгүй нэмэгдсэн байдгийг “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль, “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан”-ын үйл ажиллагаа” илтгэлийг тавьсан Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа дурдсан.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Согтууруулах ундааны эрүүл мэнд, нийгмийн хор хөнөөлийг бууруулах чиглэлд Эрүүл мэндийг дэмжих сангаас сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа”, Татварын ерөнхий газрын татвар хураалтын удирдлага арга зүйн газрын дарга Р.Мягмаржав “Согтууруулах ундаанд ногдуулах орлогын албан татвар, борлуулалт”, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Оростогоо “Архидан согтуурахтай холбоотой гэмт хэрэг, зөрчил /харьцуулсан судалгаа”, vэтгэцийн эрүүл мэндийн төвийн ерөнхий захирал В.Баярмаа “Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, донтох эмгэгийн үеийн тусламж үйлчилгээ”, Гаалийн ерөнхий газрын хяналт бүрдүүлэлтийн газрын гаалийн улсын байцаагч Л.Амартүвшин “Импорт, экспортын согтууруулах ундааны биет хэмжээ, өөрчлөлтийн төлөв”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Исгэлтийн үйлдвэрлэл, хангамжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэл “Монгол Улсын исгэлтийн салбарын өнөөгийн байдал, үйлдвэрлэл” илтгэлийг тавьж Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл хийлээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах талаар байр сууриа илэрхийлж, тодорхой санал санаачилга гаргаж байлаа. Наркологийн эмнэлгийн дарга Д.Ганбат “Манай байгууллагад жилдээ 2500-3000 хүн эмчилгээ хийлгэдэг. Хэлэлцүүлгээр эмчилгээний чанар, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зэрэг олон асуудал яригдаж байна. Бид өнгөрсөн жил Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Итгэл” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ жил 900 иргэнийг хамруулан зохион байгуулахаар ажиллаж байна. Архи согтууруулах ундаатай холбоотой асуудалд маш олон байгууллага хамтарсан бодлого боловсруулж байж үр дүнд хүрдэг. Түүнчлэн манай улсад мансуурлын мэргэшсэн мэргэжилтэн байхгүй” хэмээсэн юм.
Согтууруулах ундааны борлуулалтын хувьд 2022 оны эхний хагаст 16,8 сая литр, харин 2023 оны мөн үед 14,6 сая литр болж, архины худалдан авалт 2.2 сая литрээр багассан эерэг өөрчлөлт гарсан. Үүнийг өргөн хэрэглэдэг 0.5 литрээр тооцож үзвэл 4.4 сая шил архи хэрэглэхээс зайлсхийсэн, насанд хүрсэн нэг хүнд ноогдох архи 2 шил архиар багассан гэж үзэж болно. Мөн импортолсон согтууруулах ундааны хэмжээ 150 мянган литрээр багассан зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан нь Монгол Улсад анх удаа архи, согтууруулах ундааны хэрэглээ буурсан үзүүлэлт гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
