Дэлхий нийтээр..
Дуу бүтээгчид, оюуны өмчийн бүтээлээр дамжуулан дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ
Монгол улсын дуу хөгжим бүтээгчдийн оюуны өмчтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, зохиогчийн эрхийн тухай хуулийн хэрэгжилт болон оюуны өмчөө хэрхэн хэрэглээнд оруулах, үнэлэх, хянах нэгдсэн системийг бий болгоход чиглэсэн “Монголын Дуу Хөгжим Бүтээгчдийн Анхдугаар Чуулган” анх удаа зохион байгуулагдлаа.
Монголын рок попийн ахмад төлөөллүүд, шинэ залуу үеийн уран бүтээлчид, хөгжмийн зохиолчид болон студи, продакшны төлөөллүүд нэгдэж салбарын ирээдүйн чиг хандлага, хөгжлийн талаар ийнхүү чуулж, хэлэлцлээ.

Тус чуулганд Соёлын сайд Ч.Номин, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайд Н.Учрал нар дуу хөгжим бүтээгчидтэй дуу хөгжмийн салбарын өнгөрсөн ба одоо, бусад орны жишиг сайн туршлагууд, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн талаар хэлэлцлээ. Тус хэлэлцүүлгээр “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого”-ийн хүрээнд Монголын хөгжмийн салбарт нэгэн шинэчлэл хийж цаашлаад улсын эдийн засагт оюуны өмчийн бүтээлээр дамжуулан дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, ирээдүйд дэлхийн зах зээлд чанартай Монгол уран бүтээлчдийг экспортлох боломжуудыг эрэлхийлж шийдлүүдийг ярилцсан юм.

Дуу бүтээгчдийн хувьд салбарынхаа хойч хэтийн бодлогийг хамтдаа ярилцаж, хуралдаж байгаа нь анх удаа бөгөөд энэхүү арга хэмжээг Төрийн соёрхолт, дуучин Д.Болд санаачлан, Монголын дуу хөгжим бүтээгчдийн ассоциаци, “Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” хамтран зохион байгуулсан бол хамтдаа эвлэлдэн нэгдэж, дуу хөгжим бүтээгчдийн оюуны өмчийг хамгаалах, тэдэнд бодит ашгийг хүртээх, ашиг, орлогийг шилэн байлгаж татварын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцлон хэлж байлаа.
Мөн нэгдсэн сервер бий болгож үүн дээрээ тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах нь хэрэгтэй гэж байна.

Тус арга хэмжээнд Монголын дуу хөгжим бүтээгчдийн ассоциацийн Гүйцэтгэх захирал, Төрийн соёрхолт Д.Болд – “Дуу хөгжмийн салбарт үндсэн систем бүтээх ба оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах”

“Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” -ийн Тэргүүн Б.Лхагвасүрэн – “Дуу хөгжмийн үнэлэмж”

Хөгжмийн зохиолч, продюсер Д.Өлзий-Орших “Дэлхий, социалист Монгол, капталист Монгол”

MОНАДД – ийн үүсгэн байгуулагч Ч.Тамир – “Дижитал эрин үед хөгжмөөс хэрхэн олох вэ? Өнөө ба ирээдүй” сэдвээр тус тус илтгэл тавигдсан бол, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал уран бүтээлийг цахимжуулах талаар нарийн мэдээлэл өгч, Соёлын сайд Ч.Номин Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хуулийн тухай болон салбарын бусад асуудлаар мэдээ мэдээлэл хүргэж, чуулганд ирсэн нийт оролцогчдын санал хүсэлтийг сонсож, тодорхой хариултуудыг өгсөн юм.

Соёлын салбарыг хөгжүүлэхэд тэр дундаа оюуны өмчийг хамгаалах хуультай болсоноор уран бүтээлчдийн шинийг эрэлхийлэх, дуу хөгжим урлаг шинэ шатандаа хөгжихөд түлхэц болох юм байна. 2021 оны судалгаагаар соёлын салбарт дотоодын нийт бүтээгдэхий дөнгөж 1.4 хувийг бүрдүүлж байсан.
Тэгвэл 2027 онд 4 хувь болгох зорилтыг тавиад байгаа юм байна. Мөн Дуу, хөгжим бүтээгчдийн анхдугаар чуулганыг тогтмол хийж, салбарынхоо дотоод асуудлыг хэлэлцдэг, хууль эрхзүйн орчиноо сайжруулахад чиглэсэн нэгдсэн бодлоготой байхыг чуулгад оролцсон нийт уран бүтээлчид дэмжсэн юм.
Дэлхий нийтээр..
Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Австралийн Квинсленд мужид нэг өндгөн эсээс үүссэн дөрвөн ихэр охин төрсөн ховор тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, 34 настай Женитар Сау На’амоана охидоо Квинсленд мужийн Рояал Брисбэн энд Вүмэнс эмнэлэгт төрүүлсэн байна.
Эмч нарын тайлбарласнаар, жирэмсний эхэн үед нэг үр тогтсон өндгөн эс дөрөв хуваагдсанаар генетикийн хувьд ижил дөрвөн охин бий болсон аж. Ийм тохиолдол маш ховор бөгөөд ойролцоогоор 15 саяд нэг тохиодог гэж эмч нар үзэж байна.
Ерөнхийдөө дөрвөн ихэр жирэмслэх магадлал 700 мянгад нэг байдаг бөгөөд ихэнх тохиолдол нь нөхөн үржихүйн технологийн тусламжтай холбоотой байдаг гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Харин энэ удаагийн тохиолдол ийм эмчилгээтэй холбоогүй гэдгээрээ онцлог аж.
Эмнэлгийн мэдээлснээр, На’амоана болон түүний нөхөр Жортам нар дахин хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй байсан тул дөрвөн ихэр тээж буйгаа мэдээд ихэд гайхсан байна. Эх жирэмсний 10 дахь долоо хоногоосоо эхлэн эмч нарын хяналтад орж, 25 дахь долоо хоногоос эмнэлэгт хэвтэн хянуулжээ. Тэрээр долоодугаар сарын 14-нд кесар хагалгаагаар охидоо төрүүлсэн байна.
Охид 28 долоо хоног, дөрвөн хоногтойдоо мэндэлсэн бөгөөд одоо нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эмч нарын мэдээлснээр, эхийн биеийн байдал сайн, охидод Эмили, Харриет, Кэтрин, Алекса хэмээх нэр өгчээ.
Дэлхий нийтээр..
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
-
Дэлхий нийтээр..2022/06/23
Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
-
Дэлхий нийтээр..2021/02/16
72 цагийн доторх шинжилгээний бичиг л хүчинтэй гэдэг ташаа мэдээллийг залруулахы...
-
Дэлхий нийтээр..2025/03/10
Ой, хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 18.880 га талбай өртөөд байна
-
Дэлхий нийтээр..2025/12/31
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүллээ
