Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны зургаадугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 25.-30 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 30-35 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.
2023 оны зургаадугаар сарын 28-наас долоодугаар сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29-нд Алтайн уулархаг нутгаар, 30-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29, 30-нд ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Долоодугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Үйл явдал
Монголбанкны нэрэмжит уралдааны шилдэг залуу судлаачид тодорлоо
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах “Залуу судлаач” уралдаан амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа. Уламжлал болсон энэхүү уралдаанд өмнөх жилүүдэд дунджаар 20–45 судлаачийн бүтээл ирдэг байсан бол энэ жил 200 гаруй судлаач 79 судалгааны бүтээлээ ирүүлж, эцсийн шатанд 7 бүтээл шалгарч, шүүгчдийн өмнө бүтээлээ танилцуулсан юм. Залуу судлаачид нийгэм, цаг үеийн тулгамдсан асуудлыг оновчтой дүгнэж, гарах үр дагаврыг нарийн тооцоолон, шийдвэрлэх арга замыг ч хамтад нь эрэлхийлж байгаагийн дээр бодит өгөгдөлд тулгуурласан судалгааны шинэ арга зүйг ашиглан судалгаагаа хийж байгааг шүүгчид онцлон сайшаав.

Монголбанкны дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан тус уралдааны шилдэг бүтээлийг шалгаруулах арга хэмжээг Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нээж үг хэлэхдээ, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах энэхүү уралдаан бол банк санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцдаг оюутнуудын хувьд томоохон шалгуур, бас тэдний оролцохыг хүсдэг уралдаануудын нэг. Энэ уралдаанд оролцсон оюутнуудын дундаас Төв банканд ажиллаж байгаа хүмүүс ч цөөнгүй бий. “Залуу судлаач” уралдаан жилээс жилд улам өргөжин тэлж байгаад баяртай байна гэв. Харин Монголбанкны дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнгийн захирал Х.Анхсүрэн ‘Залуу судлаач’ шилдэг бүтээлийн уралдаан бол цөөн хүний хооронд өрсөлдөх тэмцээн бус, харин эдийн засаг, статистик, санхүүгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй оюутан, залуусыг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулах үйл явцад оролцох боломжийг нь нэмэгдүүлэх, ирээдүйн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн Монголбанкны хүний нөөцийн бодлогын нэг чухал хэсэг юм хэмээн онцоллоо.

Шилдэг бүтээлүүдээс дурдвал, “Зэсийн үнийн шокийн Монгол Улсын инфляцад үзүүлэх хугацааны өөрчлөлттэй нөлөө: Валютын ханш ба мөнгөний бодлогын дамжих сувгийг TVP-VAR-SV загвараар шинжлэх нь” сэдэвт бүтээлээрээ Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн оюутан М.Давааням, Б.Эрдэнэ-Очир, Б. Насанбуян нар шалгарч, цом, мөнгөн шагналаар шагнууллаа. Хоёрдугаар байранд “Мэдээллийн шок ба төгрөгийн ханшийн богино хугацааны динамик: GDELT өгөгдөлд суурилсан эмпирик шинжилгээ” бүтээлээрээ МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан Ц.Номиндарь, Г. Намуунцэцэг нар, гуравдугаар байранд “Динамик багц удирдлагын асуудлыг агент сургалт буюу хиймэл оюун ухаан ашиглан шийдэх нь: Дифференциал гүйцэтгэлийн хэмжүүр ашиглах нь” бүтээлээрээ Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн оюутан Ш.Түшиг, Б.Төгсбилэг, А.Энхдэлгэр нар тус тус эхний гурван байрт шалгарсан бол Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн оюутан Л.Пүрэвжав “Монгол Улсын уул уурхайн бус экспортын төрөлжилтийн боломжийн бүтээгдэхүүний түвшний шинжилгээ” бүтээлээрээ тусгай байранд шалгарлаа. Мөн энэхүү уралдаанд амжилттай оролцсон зургаан оюутан Монголбанканд дадлага хийх батламж гардан авлаа.





Үйл явдал
Нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж, хамгаалж үлдэнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд хэрэгжих “Нутагтаа эзэн-100:1000” төслийн нээлтийн үеэр төслийн хүрэх үр дүнгийн талаар онцоллоо.
Тухайлбал, Мал аж ахуйн салбарт бэлчээрийн даац хэтэрч, малын ашиг шим буурснаас отор нүүдэл хийхээс өөр аргагүй болсон, малын өвчлөл нэмэгдсэн гээд шийдэх ёстой олон асуудал хуримтлагдсан. Өнгөрсөн хугацаанд эдгээр асуудлыг нэг нэгээр нь шийдэх гэж явдаг байсан бол одоо цогцоор нь шийдэхийн тулд энэ төслийг хэрэгжүүлэх гэж байна.
Энэ бол амьдрал, практик дээр хэрэгжээд бодитой үр дүн нь гарсан төсөл. Үүнийг улсын хэмжээнд мал аж ахуйн салбарт нэвтрүүлье гэдэг том зорилго тавьж байгаа. Төсөл хэрэгжих аймаг, сум, багийн Засаг дарга нар орон нутагтаа малчдаа зөв удирдаж, манлайлан ажиллаасай гэж хүсэж байна.
“Нутагтаа эзэн 100:1000” төсөл эдийн засаг, нийгмийн олон чухал үр өгөөжийг авчирна. Малын эрүүл мэнд, чанарт ахиц гарч, малын ашиг шим сайжирснаар малчин өрхийн орлого нэмэгдэнэ, залуус өсөж төрсөн нутагтаа нүүдлийн мал аж ахуйгаа эрхлэн аж төрөх хүсэл сонирхол сэргэнэ. Байгаль, цаг уурын эрхшээлд бус өөрсдийн хөдөлмөр, зүтгэлийн үр шимээр тогтвортой мал аж ахуй эрхлэх боломж бүрдэнэ.
Ирэх намар есдүгээр сарын 15 гэхэд энэ төслийн эхний үр дүн гарна. Дараа жилийн хавар бид төсөл хэрэгжих 17 аймаг, 25 багийн тоог 160 баг болгож нэмэгдүүлнэ. Цаашид улсын хэмжээнд 1000 багт хэрэгжүүлнэ. Ингэж чадвал мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт том ахиц гарна. Малын ашиг шим, түүхий эдийн чанарт дэвшил гарна. Эцсийн дүнд нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж, хамгаалж үлдэнэ.
Тиймээс энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас багийн Засаг дарга хүртэл нэгэн сэтгэлээр хамтарч ажиллаж гэж уриалж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Үйл явдал
Азийн хөгжлийн банктай аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгчийн үүргийг түр орлогч Чандра Мохан Ароротой уулзаж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар хэлэлцэв.
Энэ үеэр салбарын яамнаас Монгол Улсын Засгийн газрын аялал жуулчлалын бодлого, хэрэгжилтийн үр дүнг танилцуулж, 2025 онд Монгол Улс 846 мянган гадаадын жуулчин хүлээн авч, 1.6 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлснийг онцлон дурдав.
Мөн дотоодын 1.3 сая жуулчны урсгал 400 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт бий болгосныг мэдээллээ. Цаашид энэхүү өсөлтийг хадгалж, 2030 он гэхэд гадаадын жуулчдын тоог 2 саяд, салбарын экспортын орлогыг 4 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд ажиллаж байгааг танилцуулав.
Түүнчлэн АХБ-ны 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт 70 гаруй хувьтай үргэлжилж байгааг дурдлаа. Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх сум, Хэнтий аймгийн Дадал суманд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлыг энэ онд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Мөн 2026 онд ашиглалтад орох “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын хүрээнд байгуулах “Дижитал музей”-н төслийн талаар санал солилцов.
Уг төсөл нь Монголын түүх, нүүдлийн соёл иргэншлийг орчин үеийн технологийн шийдлээр олон улсад сурталчлах, музейн менежментийг олон улсын жишигт нийцүүлэхэд чиглэж байгааг талууд онцоллоо.
Үүний зэрэгцээ Засгийн газраас баталсан 12 аймгийн 17 аялал жуулчлалын бүсэд “Тогтвортой аялал жуулчлалын төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлаар албан ёсны хүсэлтийг Сангийн яамаар дамжуулан хүргүүлэхээр тохиролцов.
Уулзалтын төгсгөлд талууд аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт, хөгжлийн төслүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, түншлэлийн хүрээг цаашид өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
-
Дэлхий нийтээр..2021/06/11
Засгийн газар Хөшигийн хөндийд "Эдийн засгийн хөгжлийн чөлөөт бүс" бай...
-
Дэлхий нийтээр..2022/11/07
Х.Баянмөнх аваргыг “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө
-
Дэлхий нийтээр..2025/11/13
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвл...
-
Чөлөөт бүс2021/09/23
Ю.Цэдэнбалын нэрэмжит цахим музейн нээлтийн ажиллагаа боллоо
