Дэлхий нийтээр..
Парламентын боловсролын сурагчдын анхны клуб байгуулагдлаа
Улсын Их Хурлын Тамгын газраас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс “Парламентын боловсрол” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй тус хөтөлбөрийн хүрээнд 102 багшийг сургагч багшаар бэлтгэсний нэг нь Нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургуулийн багш Г.Баярмаа юм. Тэрбээр энэ хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, мэдээллээ сурагчдадаа хуваалцахын зэрэгцээ үе тэнгийнхний нөлөөллийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж, анхны “Парламентын боловсрол” клубийг 2022 онд өөрийн сургууль дээрээ санаачлан байгуулжээ.
Тус клубт нийгмийн ухааны чиглэлээр мэргэжил эзэмшихээр сонгосон 9-11 дүгээр ангийн 18 хүүхэд хамрагдаж, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн гарын авлагад тусгасан 14 сэдвийн хүрээнд өөрсдийн мэдлэгээ өргөжүүлжээ. Клубийн хүүхдүүд Төрийн ордонд зочилж, “Үндсэн хууль” сэдвийн хүрээнд анхны хичээлээ хийж, УИХ-ын үйл ажиллагаа, хууль тогтоох үйл явцтай танилцсан байна.
Г.Баярмаа: Оролцоотой, идэвхтэй, зөв төлөвшилтэй, үзэл бодлоо ханаа ч илэрхийлж чаддаг иргэнийг төлөвшүүлэхийг зорьдог
“Ардчиллын үнэт зүйлс, үндсэн зарчим, 21-р зууны ардчилсан үйл явцын онцлогийн тухай мэдлэгээ сайжруулахын зэрэгцээ өөрийн оронд болон дэлхий дахинд болж буй засаглалын шинэ ололт амжилт, саад бэрхшээл, гэтлэн давах арга замын талаарх хэлэлцүүлэг, ярилцлагад идэвхтэй оролцох нь парламентын боловсролын гол шалгуур бөгөөд парламентад юу болоод өнгөрснийг шүүн хэлэлцэх бус, болж буй үйл явдалд иргэд дангаараа эсвэл хамтран нөлөөлж чадах, эсэхээр ач холбогдол нь хэмжигдэнэ. Хүүхэд залуучуудад ийм чадварыг алхам алхмаар эзэмшүүлэх замаар хууль тогтоох үйл ажиллагаанд санаачилгатай оролцож, эрхээ эдэлдэг, идэвхтэй, зөв төлөвшилтэй, үзэл бодлоо хаана ч илэрхийлж чаддаг иргэнийг төлөвшүүлэхийг зорьж байна. Ийм учраас клуб байгуулсан” хэмээн Г.Баярмаа багш ярилаа.
Энэ хичээлийн жилд Г.Баярмаа багш сурагчдынхаа илтгэх урлах, мэтгэлцэх чадварыг дээшлүүлэхэд голлон ажилласан байна. Эхэндээ нэгнээсээ ичиж, бишүүрхэн ярьж чаддаггүй байсан хүүхдүүд нэг сарын дараа “Сумдын нэгтгэх эсэх” асуудлаар хоорондоо мэтгэлцэж, үе тэнгийнхээ хүүхдүүдийн дунд нэмэлт мэдлэг олгох нөлөөллийн ажлуудыг өөрсдийн санаачилгаар хийсэн байна. Тухайлбал, 7-8 дугаар ангийнхны дунд парламентын боловсролын АХА тэмцээнийг хийж, “Таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг” аяныг өнгөрөгч 3 дугаар сард зохион байгуулжээ. Мөн “Урамтай өдөр-Маскаа зүүгээрэй” аяныг өрнүүлсэн байна.
Сурагчид: Бид өөртөө итгэлтэй болсон. Оролцоо ямар чухлыг ойлгосон
Бүрэг ичимхий, өөртөө итгэлгүй байдлаасаа гарч, идэвхтэй, оролцоотой болсон. Багаар ажиллахад суралцаж, хамт олны уур амьсгал сайжирч, нэгдмэл болж байгааг өдөр тутамдаа мэдрэх сайхан байгаа талаараа сурагчид хэлж байв.
О.Мөнх-Эрдэнэ: "Парламентын боловсрол" клубт хамрагдах сонирхолтой хүүхдийн тоо улам нэмэгдэж байгаа
Нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургуулийг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт дэвсгэрт 2021 онд барьж, ашиглалтад оруулжээ. Нийт 1700 гаруй хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ сургуульд 12 орчим сурагчдын клуб ажилладаг байна. "Парламентын боловсрол" клубт хамрагдах сонирхолтой сурагчдын тоо нэмэгдэх болж. Энэ клубийн үйл ажиллагааг сургуулийн удирдлагаас улам дэмжиж, өргөжүүлэхээ сургуулийн захирал О.Мөнх-Эрдэнэ амласан юм.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үзэл санаа, зорилгыг хэрэгжүүлж чадсан “онцлох сургууль, онцлох багш, онцлох хүүхдүүд”-тэй уулзаж, ярилцав.
Л.Өлзийсайхан: “Парламентын боловсрол” хөтөлбөр яг ийм клубийг, яг л ийм идэвхтэй, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй өсвөр үеийнхнийг бий болгохыг зорьсон
“Өөрсдийн санаачилгаар “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үзэл санаа, зорилгыг ойлгож, энэ клубт элсэж, нэгэн хичээлийн жилийн хугацаанд хамтдаа хөгжсөн гэдгийг сонсох энэ хөтөлбөрийг анх 2018 онд санаачилгыг гаргаж байсан хүний хувьд хамгийн баяртай мөчүүдийн нэг байлаа. Тийм учраас өнөөдөр Та бүхнийг зорьж уулзахаар ирсэн юм. “Парламентын боловсрол” хөтөлбөр яг ийм клубийг, яг л ийм идэвхтэй, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй өсвөр үеийнхнийг бий болгохыг зорьсон. Бидний алсын хараа, холын мөрөөдөл бодитой хэрэгжиж байгаад баяртай байна. “Парламентын боловсрол” клубийн хүүхдүүд хөтөлбөрийн үндсэн сургалтаас гадна олон нөлөөллийн ажлуудыг өөрсдөө санаачлан хийж, үеийн найзууд, сургуулийн хамт олон, гэр бүлийнхэндээ хүрч ажиллажээ. Үүнийг л жинхэнэ, бодитой, идэвхтэй оролцоо гэж хэлээд байгаа юм. Та бүхэн нийгмийнхээ хөгжилд ингэж оролцож байна гэдэг нь өөрөө маш их мэдлэг, ур чадвар, туршлага олж авах гол түлхүүр нь байдаг. Мэдлэг мэдээлэл бол хүч юм” хэмээгээд хүүхэд залуучууд энэ хүч чадлыг ухамсарлаж, өөрийгөө хүчирхэгжүүлэн, бидний хамтын үнэт зүйл болсон ардчилал, хүний эрх, Үндсэн хуулийн тухай ойлголт, мэдлэгээ гүнзгийрүүлэх нь орчин үеийн иргэн хүний хөгжлийн гол чиг хандлага болж буйг дурдав.
Түүнчлэн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Парламентын боловсрол гэж юу вэ?”, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн цаашдын зорилгын талаар танилцуулсан.
Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн суурь ойлголтуудыг хүүхэд багачуудад ойлгомжтойгоор хялбаршуулан тайлбарласан “Үндсэн үлгэр” номыг зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжинтэй хамтран бүтээсэн юм.
Р.Эмүжин: Дэлхийн хэмжээний мэдлэг, боловсролтой иргэдийг төлөвшүүлэн бэлтгэх нь бидний үүрэг. Мэдлэгийн хүчийг бий болгохын тулд унших хэрэгтэй
“Ажил мэргэжлийн онцлогтой холбоотойгоор Үндсэн хуулийг 10 гаруй удаа уншиж байсан ч өөрт шууд хамааралтай 18 эрх, 5 үүргийнхээ тухай тогтож уншиж байгаагүйгээ номын зохиолч үгийнхээ эхэнд онцлов. Үндсэн хуулиа багачуудад таниулмаар байна, тaэгж байж ардчилсан парламентын засаглалаа ирэх цагийнханд атгуулна. Тиймээс хоёр хүүгээрээ номын зургаа зуруулж, энгийн үлгэрээр дамжуулан улсын ирээдүйг залгамжилж авах хойчийн эздэд зориулсан номоо гаргалаа. Дэлхийн хэмжээний мэдлэг, боловсролтой иргэдийг төлөвшүүлэн бэлтгэх нь бидний үүрэг. Мэдлэгийн хүчийг бий болгохын тулд унших хэрэгтэй” гээд “Үндсэн үлгэр”-ээс эрхээ мэдэж, үүргээ ухамсарлаж ойлгохыг номын зохиогч Р.Эмүжин сурагчдад захив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
