Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллаж, 3000 гаруй иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адьяасүрэн нар энэ сарын12-13-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллав. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Өвөрхангай, Архангай аймгуудад үргэлжлүүлэн ажиллаж, иргэд сонгогчидтой уулзалт хийв. Энэ хугацаанд тэрбээр 3000 гаруй иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсчээ.
Уулзалтаар УИХ-аас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэл, Төрийн албаны шинэчлэл, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсож ирлээ. Мөн төрийн албан хаагчидтай тусгайлан уулзалт зохион байгуулж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон цалингийн тогтолцоонд хэрэгжүүлэх өөрчлөлтийг танилцуулж, тэдний санал бодлыг сонссон юм. Төрийн албан хаагчдийн дийлэнх нь цалинг нэмэгдүүлэх, адил хөдөлмөр эрхэлж байж ялгаатай цалин авдаг гажуудлыг арилгах, төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдэж өгөхийг хүсч байв. УИХ-ын дарга Г.Занданшатар, төрийн албан хаагчийн 14 сүлжээний 566 шатлалтай цалинг 6 сүлжээний 61 суурь цалин болгон шинэчилж, үндсэн цалингийн хэт зөрүүг арилгана. Ингэхдээ өндрийг нь багасгаж биш, багыг нь нэмэгдүүлэх байдлаар зохицуулах боломжтой. Албан тушаалын зэрэглэл хоорондын зөрүүг зохистой хэмжээнд хүргэхийн сацуу олон төрлийн нэмэгдлийг үндсэн цалинд нэгтгэн, бүтээмжид суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Эцэст нь төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг зөвхөн Төрийн албаны тухай хуулиар зохицуулахаар ерөнхий чиглэлийг гаргасан гэв. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төсөвт тодотгол хийж, цалингийн зөрүүг арилгах, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаагаа танилцуулсан юм.
УИХ-ын дарга Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгаан, өөрчлөлт оруулснаар ямар үр дүнд хүрэх тухай иргэдэд танилцуулж, хамгийн чухал нь иргэдийнхээ саналыг сонсохыг чухалчилж байгаа талаараа онцлож байв.
Мөн ард түмний хүсэл зоригийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийхийн тулд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ үгийг сонсож байна гээд уулзалтынхаа хугацааны 90 орчим хувьд иргэдийнхээ үзэл бодол,байр суурийг сонслоо. Тухайлбал, Архангай аймгийн иргэдтэй уулзахад иргэд сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн тулд иргэдээсээ дахин дахин санал авч, цаг хугацаанд яаралгүй нухацтай хандахыг хэлж байв. Мөн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг ард түмнээсээ итгэл авч сонгогдсон төрийн түшээд та бүхэнд итгэж даалгаж байна. Харин иргэд бид саналаа хэлнэ. Иргэн бүрийн саналыг гээлгүй сонсож, тунгааж Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах ёстой гэж байв.
Дээрх гурван аймгийн иргэдийн уулзалтад оролцож үг хэлсэн иргэдийн дийлэнх нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж буй боловч 152 болгон нэмэгдүүлэхийг дэмжихгүй байна. Харин 108 болгож нэмэгдүүлэх нь боломжтой хувилбар гэсэн саналыг хэлж байв. Мөн сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж, олон намын төлөөлөлтэй, хүчтэй сөрөг хүчинтэй, олон ургальч үзэл бодлыг илэрхийлсэн парламенттэй байхыг хүсч байна. Гэхдээ намын жагсаалтаар парламентад орох хүмүүсийн сонголтыг зөв хийхгүй бол авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим нэг хүмүүсийн халхавч болох вий хэмээн хардаж буйгаа хэлж байлаа. Мөн парламентад мөнгөтэй бизнесийн төлөөлөл олширч, нийгмийн бусад төлөөлөл орж ирэхээ байсан. Тиймээс эмч, багш, малчин, тариаланчин зэрэг мэргэжлийн төлөөллүүдийг оруулахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан зэрэг иргэдээр парламентыг бүрдүүлж, ардчилсан засаглалыг хамгаалж, хадгалж, хөгжүүлэхийг чухалчилж байв.
Цар тахлын болон бусад хүчин зүйлээс хамаарч иргэдийн ахуй амьдрал нэлэнхүйдээ дордсон учраас шүүмжлэл, бухимдалтай иргэд цөөнгүй байна. Ялангуяа тэтгэврийг нэмэхгүй бол гурил, будаагаа арай ядан авч, зарим эм, тариагаа худалдан авч дийлэхээ больсон тухай уулзалт бүрт яригдаж байна. Хөдөө орон нутагт хамгийн их буюу 15 хувиар бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ажээ. Тиймээс энэ өсөлтөд нийцүүлэн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийг олон иргэн шаардаж байв.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж 2020 онд 4.6 хувиар унаж байсан бол 2022 онд 4.8 хувийн өсөлттэй байлаа. Энэ оны эхний улиралд 7.6 хувьтай байгаа, оны эцсээр 7-8 хувийн өсөлттэй байх төлөвтэй. Энэ өсөлтийг ард иргэдийн амьдралд бодитоор хүргэж, цалин,тэтгэвэр нэмэгдүүлэх бодлогыг УИХ баримталж байна.
Мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Үндэсний баялгын сангийн тухай хуулийг баталж, байгалийн баялгийг иргэн бүрт хүртээх боломж нээгдэнэ гээд УИХ-ын энэ хаврын чуулган авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох, засаглалыг сайжруулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэж ажиллана гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар томилолтынхоо үр дүнг нэгтгэж танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ, цаг үеийн нөхцөл байдал, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонслоо.
Үнийн өсөлтийг бууруулахын тулд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих асуудлыг хөндөж байна. Тэр дундаа малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжээгүйн улмаас зөвхөн уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай болж байна. Нийгмийн шударга ёс, баялгийн тэгш хуваарилалтын талаар иргэд санал бодлоо илэрхийллээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үндэсний үйлдвэрлэлээ үгүй хийж, баялгийн тэгш бус хуваарилалт ард иргэдийн бухимдлыг төрүүлж, төр засагтаа шахалт, шаардлага тавьж буйг хүлээн авах ёстой. Үндэсний баялгийн санг байгуулж, байгалийн баялгийн үр өгөөжийг хүртээмжтэй болгох 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулсан заалтыг амилуулах шаардлага тавьсан.
Харин одоо яригдаж буй Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөс гишүүдийг тоог 152 болгон нэмэгдүүлэхийг төдийлэн дэмжихгүй байна. Гэхдээ иргэдийн дийлэнх тоог нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зөв гэсэн байр суурьтай байна.
Ардчиллын улстөрийн шинжлэх ухаанд мэдээлэлгүй иргэд сэтгэл хөдлөлөөр аливаа асуудалд хандаж, шууд эсэргүүцдэг. Харин мэдээлэлтэй болж, харьцуулж дүгнэж, зөвлөлдсний дараа даацтай, тунгаан бодсон шийдвэрийг гаргадаг. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хатуу эсэргүүцэж байсан хүмүүс мэдээлэлтэй болсны дараа гишүүдийн тоог нэмэх нь зөв гэсэн ойлголтыг авсан нь уулзалтуудын нэг онцлог байлаа. Гэхдээ 152 гэдэг тоон дээр маргаан их байна. УИХ-ын даргын захирамжаар нэгдсэн хуралдааныг завсарлуулж, гишүүд ажлын 7 хоногийн хугацаатай бүх ард иргэдээ сонсож, хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ сарын 16-ны өдөр хэлэлцүүлэг дуусна. Ингээд бүх Байнгын хороодоор ард иргэдийн санал бодолд тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ямар гарц шийдэл байгааг ярилцана. Дараа нь нэгдсэн чуулганаар хэлэлцэж шийдэл гаргана. Түүний дараа ажлын долоо хоног нэгдсэн хуралдаан дахин завсарлаж, олон нийтийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна. Олон нийтийн саналыг сонссон хэлэлцүүлгийн үр дүнг тайлагнана. Эцэст нь гуравдахь хэлэлцүүлгийг зохион байгуулах гэсэн журамтай. Нэг зүйлийг онцлон тэмдэглэж хэлье. Төлөөллийн ардчиллын хамгийн гол зарчим бол ард иргэдтэйгээ байнгын амьд харилцаатай байх явдал юм. Өнгөрсөн 3 жилийн манай төр, засгийн хамгийн том алдаа бол цар тахлын улмаас энэхүү амьд холбоо тасарсан. Үүнийг ард иргэд шүүмжилж байна. Мөн ард иргэдээ сонсоогүй учраас амьдралд нийцсэн шийдвэр гаргахгүй байна. Үүнээс улбаалан ард иргэд бухимдалтай байх нэг шалтгаан болжээ. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар ард иргэдтэй уулзаж буй хэлэлцүүлэг энэхүү тасарсан “амьд” холбоог сэргээж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
-
Дэлхий нийтээр..2021/06/10
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
-
Дэлхий нийтээр..2022/05/31
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн, дахин сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэжээ
-
Үйл явдал2022/06/30
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2026/03/19
Монгол, АНУ-ын Улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо
